ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын мисс Камбож, Вьетнамын миссүүдийг англи хэл мэддэггүй хэмээн шүүмжлээд өөрөө буруудав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Тайландад болж байгаа Miss Universe буюу ертөнцийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байгаа бүсгүй арьс өнгө, угсаа гарлаар бусдыг ялгаварлах үзэл гаргасанд буруутгагдаад байна.

Энэ жилийн тэмцээнд 24 настай Сара Роуз Саммерс Нэгдсэн Улсыг төлөөлж байгаа юм.

Түүний саяхан Инстаграм хуудсандаа оруулсан видео хүмүүсийн дунд маргаан дэгдээсэн байна. Уг видео бичлэгт тэр Колумбын мисс Валериа Моралес, Австралийн мисс Франческа Хунг нартай аминчлан хов ярьж буй мэт дүрслэгджээ.

Саммерс энэ үеэр Азийн хоёр оролцогч болох Камбож, Вьетнамын миссүүдийг англи хэлээр ярьж чаддаггүй хэмээн шүүмжилж, ихэд гайхаж байгаа нь гардаг.

Тэр “Вьетнамын миссийг та нар юу гэж бодож байна? Түүний англи хэл мэддэг мэт царайлж байгаа нь өхөөрдөм. Түүнтэй ярилцвал зүгээр л толгой дохиод инээгээд байдаг” гэж яриад шоолж инээсэн байна.

Дараа нь Саммерс Камбожийн миссийг “тэр англиар огт ярьж чаддаггүй. Тэрний хэлийг мэддэг хүн энд байхгүй. Төсөөлж байна уу? Хөөрхий Камбож” гэж ярьжээ.

Америкийн миссийн энэ яриа сошиал ертөнцөд томоохон маргаан дэгдээсний ихэнх нь түүнийг буруутган шүүмжилсэн байна. Зарим Америкчууд ийм хүнийг тэмцээнд явуулсандаа ичиж байгаагаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь дэлхий нийтээрээ англи хэлээр ярьдаг байх албагүй гэж Азийн миссүүдийг өмөөрчээ.

Miss Universe байгууллага энэхүү маргааны талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Тэмцээний ялагчийг ирэх Ням гарагт тодруулах юм.

 
 

 

Эх сурвалж: Quartz