Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Хосгариг: “ZEELY” бол сэтгэл зүйд тулгуурласан анхны зээлийн аппликэйшн

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
 

“Optimal NMax” компаниас “ZEELY” зээлийн аппликэйшныг гаргаад буй. Энэ талаар тус компанийн үүсгэн байгуулагч А.Хосгаригаас ярилцлаа.

-ZEELY аппликэйшн тухай мэдээлэл өгөхгүй юу? 

-Манай “Optimals NMax” компани хоёр жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Эдийн засгийн сургалт, консалтингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ иргэдэд санхүүгийн асуудалд тулгарахад элдэв хүндрэлгүйгээр зээл олгох шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж, “ZEELY” аппликэйшныг энэ оны наймдугаар сарын 23-нд албан ёсоор гаргасан. Энэ хугацаанд манайд хандсан хэрэглэгчийн тоо 20 мянга гаруй болсноос идэвхтэй зээл авч буй хүний тоо 5,000 гаруй байна. 

-Сүүлийн үед финтек аппликэйшн их гарч байна шүү дээ. Бусдаас ялгарах танай онцлог юу вэ?

-Манай аппликэйшн хүний сэтгэл зүйд суурилж шийдвэр гаргадаг. Иргэд цалингаас цалингийн хооронд санхүүгээ төлөвлөөд зохицуулдаг. Гэтэл төлөвлөөгүй зардал үүсэж болно. Хүнд 50-100 мянган төгрөг хэрэг болоод гэрийнхэн, ойр дотнын хүмүүсээсээ авах боломжгүй үе тохиолоо гэж бодъё. Гэтэл банкнаас энэ хэмжээний мөнгийг зээлэх боломжгүй. Тиймээс иргэдийн энэхүү санхүүгийн асуудлыг амар хялбараар шийдэх зорилготой юм.  

 

-Сэтгэл зүйд суурилсан шийдвэр гаргадаг гэхээр сонирхолтой байна. Энэ талаар тодруулбал?

-Манай хэрэглэгч болоход эхлээд 24 асуултад хариулдаг. Эдгээрт хэрхэн хариулсан байдлаар нь тухайн хүнийг зээл авах боломжтой эсэх, мөн авах бол хэдэн төгрөгийн зээл авахыг тодорхойлдог. 24 асуултыг судалгаа гэж ойлгож болно. Үүнийг сэтгэл судлалын мэргэжлийн баг монгол хүний зан, сэтгэл зүйн онцлогт тохируулан сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилан боловсруулсан. 

-Тэгвэл асуултуудад хариулснаар шууд зээл авч болно гэж ойлгож болох уу?

-Манай хэрэглэгч болохын тулд эхлээд бидэнтэй гэрээ хийдэг. Нэг л удаа гэрээ хийж хэрэглэгч болж, өөрийн дансаа холбосноор “ZEELY” аппликэйшнаас долоо хоног, 24 цагийн хүссэн үедээ зээл авах болно. Нэмж хэлэхэд, бидний хийсэн судалгаагаар зээл авахын тулд нэг хүн банк орох унаа, бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал зэрэгт дунджаар 108 мянган төгрөг зарцуулдаг. Харин манай аппликэйшны хэрэглэгч болсноор энэ зардлыг хэмнэх боломжтой. 

-Зээлийн дээд, доод хэмжээний тухайд?

-Тухайн хүн эхний удаад 50-100 мянгын хооронд зээлээ авна. Зээлээ 30 хоногийн хугацаанд багтаан төлснөөр дараагийн зээлийн босгоо өндөрсгөнө. Дээд тал нь хоёр сая төгрөг зээлж болно. Гол тулгуур нь сэтгэл зүйн асуулт. Түрүүн хэлсэнчлэн манайх байгуулагдаад удаагүй старт-ап компани хэдий ч барьцаагүйгээр зээл олгож байгаа нь хэрэглэгчдэдээ итгэл үзүүлж буй хэрэг.

-Цаашдын зорилго юу вэ. “ZEELY” аппликэйшныг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Манай аппликэйшн бол цоо шинэ шийдэл. Дараагийн төсөл дээрээ бид Qpay төлбөр төлөх боломжийг нэвтрүүлнэ. Манайхтай идэвхтэй, итгэлтэй харилцдаг хэрэглэгч нартаа энэ боломжийг олгож байгаа юм. Qpay төлбөрийн системийг энэ ондоо багтаж нэвтрүүлнэ. Ингэснээр хэрэглэгч нар маань хүссэн зүйлээ авахдаа “ZEELY”-гээ ашиглаад төлбөрөө хийж, дараа нь эргүүлээд төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь дараа төлбөрт систем юм. Мөн дараагийн ажлуудыг төлөвлөсөн.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.