Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми супер цэрэг бий болгох “нэмэлт араг яс“-ыг бүтээхэд их хөрөнгө зарцуулж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цэрэг дайчдыг илүү хүчтэй, тэвчээртэй болгох зориулалттай “exoskeleton” технологийг хөгжүүлэхэд АНУ-ын арми олон саяыг зарцуулж байна.

Өөрөөр хэлбэл жирийн цэргийн алба хаагч нэмэлт төхөөрөмжөөр үе мөчөө тоноглосноор хүч чадал, хурд, тэвчээр нь эрс нэмэгдэж, “супер цэрэг”-ийн хэмжээнд хүрэх юм.

Уг технологийг АНУ-ын Lockheed Martin компани Канадын B-TEMIA компанийн лицензээр хөгжүүлж байгаа. Канадын компани анх хөгшин настай, хүч тамир муу хүмүүсийн үйлдлийг дэмжих зорилгоор ийм технологийг хөгжүүлж эхэлжээ.

Хөлнийхөө гадна талд нэмэлт төхөөрөмж зүүснээр хүний явах, гүйх чадвар нэмэгдэх юм. Гар, нуруунд хэрэглэвэл даац нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хүчин чадлаас гадна роботын хүч хөдөлгөөнд нь нэмж нөлөөлдөг.

Армийн хувьд орчин үеийн цэргүүд хуяг, дуулга, зэвсэг, техник гээд маш олон хэрэгслийг биедээ тээж явдаг болсон. Уг нь нэг цэргийн ачаа 23 кг-аас хэтрэхгүй байх ёстой гэгддэг ч бодит байдал дээр 40-64 кг хүрдэг байна.

Тэгвэл нэмэлт “араг яс”-ыг биедээ суулгаснаар цэрэг бүрийн даац эрс нэмэгдэх юм.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Lockheed Martin компани АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар exoskeleton зохион бүтээх $6.9 саяын төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Хоёр жил үргэлжлэх уг төслийг ONYX гэж нэрлэжээ.

АНУ ганцаараа exoskeleton технологид анхаарал тавиагүй гэнэ. Орос, Хятад улсууд мөн энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулаад байгаа ажээ.

Тухайлбал Орос улс хэд хэдэн хувилбар exoskeleton боловсруулаад байгаа ба тэдний заримыг Сирид туршсан тухай судлаачид мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 17 | 17 цаг