Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Сүүлчийн эзэн хаан”-ыг найруулсан Бернардо Бертолуччи 77 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Сүүлчийн эзэн хаан”, “Парисын сүүлчийн танго” зэрэг бүтээлүүдийн эзэн, Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи хорт хавдрын улмаас 77 насандаа таалал төгссөнийг түүний бие төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

Тэрээр 2003 онд нуруу нугасны мэс засал хийлгээд амжилтгүй болсон тул сүүлийн 10 гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн юм.

1960-аад оны эхээр Антониони, Феллини, Пасолини зэрэг уран бүтээлчдийн хамт Италийн кино урлагийн шинэ давалгааны гол төлөөлөгч болж гарч ирсэн Бертолуччи сүүлдээ Холливүүдийн киноны ертөнцөд амжилттай шилжиж чадсан байна.

Үүний үр дүнд тэр 1987 онд “Сүүлчийн эзэн хаан” киногоороо есөн Оскар авсны дотор шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналууд багтаж байв.

1940 онд Италийн Парма хотод яруу найрагч, багш нарын гэр бүлд мэндэлсэн Бертолуччи багаасаа утга зохиол, уран бүтээлч орчинд өссөн юм.

Түүний эцэг Аттилио яруу найрагч, зохиолч Пьер Пауло Пасолинитай найз байсан тул Пасолини 1961 онд дэлгэцэнд гаргасан анхны кино “Аккаттоне”-д 20 настай Бертолуччиг туслахаар ажиллуулжээ.

Энэ нь залуу Бертолуччигийн хувьд амжилтын эхлэл болж, 1962 онд найруулагчийн хувьд анхны бүтээл болох “La Commare Secca” киногоо дэлгэцэнд гаргасан юм.

1972 онд бүтээсэн “Парисын сүүлчийн танго” кино нь Бертолуччи олон улсад танигдах эхний алхам болжээ. Энэ бүтээлд нь Мэрлон Брандо, Мария Шнайдер гэсэн одууд тоглож байв.

 

Британий продюсер Жереми Томастай 1987 онд хамтран бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” кино Бертолуччид хамгийн олон шагнал авч ирсэн юм. Уг бүтээлийг хийхдээ Бээжингийн “Хориотой хот” дотор зураг авах эрх олж авсан нь кино урлагийн салбарт анхны тохиолдол байжээ.

Бертолуччигийн сүүлчийн кино нь Николо Амманитигийн зохиолоор 2012 онд бүтээсэн “Me and You” (Чи бидэн хоёр) байсан юм. Тэрээр 1978 онд кино найруулагч Клэр Пэплойтой гэрлэж, өнөөдрийг хүртэл хамт амьдарсан ч хүүхэд төрүүлээгүй юм байна.

 

Эх сурвалж: The Guardian