ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сараар гурав хоног амардаг болж магадгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаарн  нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Цагаан сар нь манай өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Гэвч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэн үндэснийхээ онцлог, өв түүх, ёс жудгаа хадгалан үлдсэн монгол түмний баярын энэ өдрүүдэд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих нь залуу хойч үед хүмүүжлийн болон ёс суртахууны ихээхэн ач холбогдолтой.

Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр нийтээрээ амрахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгыг төсөл санаачлагч гишүүн Су.Батболд хийсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдээс ямар нэгэн санал гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.