Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд эмгэнэж байна. Тэд мөрдэстэй эрчүүдийнхээ араас гашуудаж байна. Учир нь “Аав нь эртхэн ирэхийг хичээнэ ээ” гээд үрсээ үнсээд албандаа явсан цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг саатуулах үедээ амь насаа алдсанаар эхнэр, дөрвөн үр нь өнчирч үлдсэн юм. Тэгвэл дээрх эмгэнэлт явдлаас нэгхэн хоногийн өмнө цагдаагийн алба хаагчид дахин нэг мөрдэстэй залуугаа нарт хорвоогоос алдаж, гурван бяцхан үрс нь аав аа” гэж дуудах эрхээ хасуулж өнчирч үлдлээ. Ямар их уй гашуу, ямар их харуусал вэ.

“Цагдаа цагийн найз” хэмээн хэнхэг цээжээ дэлдэх монголчууд "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийг мэдрэх тэрхэн мөчид “Цагдаа, туслаарай” гэж аврал хүсдэг. Мөрдэстэй алба хаагчид маань хэдий ингэж муу нэр зүүсэн ч гэлээ ард түмэн, эх орноосоо нүүр буруулалгүй, хоёргүй сэтгэлээр үнэнчээр албандаа зүтгэсээр ирсэн.

Үүний түүхэн гэрч бол Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Мөнхтулга юм. Нутгийн иргэдийн мэдээллээр, байцааж, шалгахаар дуудсан иргэнээ хооллож ундлахаас эхлээд хүн ёсыг дээдэлж харьцдаг байсан эгэл жирийн цагдаа байсан гэх. Бусадтай эв түнжинтэй харьцдаг түүнд нутгийн зон олон элгэмсүү ханддаг байж. Гэвч нэг л өглөө “амиа хорлосон байх” гэх хар нэр зүүж, нарт хорвоогоос халив. Яагаад, яагаад гурвын гурван бяцхан хүүхдийн хайртай аав, нэгэн сайхан бүсгүйн халамжит хань амиа хорлох гэж.

Энэ асуултын хариултыг булганчууд төдийгүй цагдаагийн алба хаагчид бүгд эрэлхийлж байна. Юутай ч Булган аймгийн цагдаагийн дэд дарга н.Гантөмөр болон нутгийн иргэдийн хэлснээр тэрбээр ийм үйлдэл хийх хүн огт биш гэсэн. Үнэн гэдэгт итгэж байна. Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залсан Монгол цагдаа ийм зүйл on хийхгүй гэдэгт итгэнэм.

Тэгвэл үхлийн саварт түүний амийг тушаахад юу нөлөөлөв. Талийгаачийн гэр бүл эл хэрэгт Х.Бат-Ялалтыг буруутай гэж хэлсэн. Тодруулбал, талийгаач Э.Мөнхтулгын мөрдөж байсан хэрэгтэй нь холбогдуулж, иргэний гомдлын дагуу Х.Бат-Ялалт нь энэ сарын 1-нд тайлбар авсан байна. Ингэхдээ албан өрөөнд нь дайрч орон, зөвшөөрөл авалгүй бичлэг хийжээ. Уг нь цагдаагийн алба хаагч шалгаж буй хэргийнхээ талаар холбогдох дээд албан тушаалтан эсвэл прокурорын зөвшөөрөлгүй ямар нэг тайлбар өгөхийг хориглодог. Гэтэл хотоос ажил болгож ирсэн хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тайлбар өгсөн байна.

Харамсалтай нь Х.Бат-Ялалт нь хэргийн талаар олон нийтэд мэдээлэл бэлтгэж цацахдаа илт гуйвуулж, нийгмийн сүлжээнд байршуулсан нь талийгаачийг сэтгэлзүйн дарамтад ороход нөлөөлсөн гэдгийг гэр бүл, найз нөхөд нь хэлсэн юм. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш талийгаач нойргүйдэлд орж, хоол унднаас гарсан байна. '“Дөнгөж төрсөн нялх биетэй эхнэрээ сэтгэлийг нь зовоохгүй гэж багагүй нуусан ч эхнэр нь олж мэджээ. Нөхөртэйгөө энэ талаар ярилцах үед “Таних, танихгүй дугаараас залгаж, элдвээр хэлээд байна. Яахаа мэдэхгүй байна’’ гэж хэлжээ.

Дараахан нь албаны даргадаа учир байдлаа хэлж, зөвлөгөө авсан байна. Энэ явдал болох үед талийгаачийн дөнгөж төрсөн хүүхдийнх нь шарлалт хүндэрсэн учир хот руу эмчилгээнд явахаар болсон байж таарчээ. Хүүхдийн биеийн байдал улам муудсан учир эхнэр нь арга буюу хот бараадаж. Харин энэ хойгуур нь албан үүргээ биелүүлэхээр Эрдэнэт хотыг зорьж явсан цагдаагийн ахмад осолд орж амиа алдсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг өнөөдөр эцэслэж тогтоогоогүй. 

Гэхдээ цор ганц үнэн нь сэтгэл санааны хүнд байдалд орсон нь осол болоход нөлөөлсөн байж магадгүй гэж гэр бүлийнхэн нь үзэж буй. Тийм ч байж мэднэ. Ажил үүргээ хуулийн дагуу хийж гүйцэтгэж байхдаа бусдад гүтгэгдэж, олон нийтэд яллуулах нь хэнд сайхан санагдах билээ дээ. Магадгүй, түүний үхэлд монголчууд бүгдээрээ буруутай ч байж мэднэ. Учир нь хэн нэгэн хүн далд санаа, зорилготой бэлтгэсэн мэдээллээ нийгмийн сүлжээнд байршуулангуут үүнийг үзэж, уншсан иргэд үнэн, худлыг дэнслээгүй атлаа шууд яллах дүгнэлт үйлддэг.

Гэтэл цаана нь хэдэн хүний амьдрал сүйрч, сэтгэл санаагаараа хохирч байдгийг огтхон ч боддоггүй. Уг нь тэд чинь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваа энгийн л нэг Монгол хүн шүү дээ. Тиймээс л мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач гэж цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон монголчуудаасаа гуйнам.

Зураг