Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль хамгаалагчийн үхэл юуг сануулаад байна вэ?

Б.Солонго, Зууны мэдээ
2018 оны 10 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Өдөр шөнө, цас, бороо ялгалгүй уул хад, ой модонд эргүүл хийж явдаг байгаль хамгаалагчийн ажлыг ёстой л туршлагатай, эр зоригтой хүмүүс л хийдэг байх даа гэж боддог байв.

Эргээд бодоход байгаль орчны сэдвээр бичих сонирхолтой хэр нь түүнийг хамгаалдаг хүмүүсийн тухай бичиж байгаагүйгээ тухайн үед анзаарсан хэрэг.

Уг нь ингэж бичье гэж нийтлэлээ төлөвлөчихсөн байлаа. Гэтэл гунигтай өнгөөр солихоос аргагүй болсон харамсалтай мэдээ сонсов. Байгаль хамгаалагч бурхан болжээ. Бусдын л адил ар гэр, амьдрал ахуйгаа авч явсан нэгэн. Хэдэн мод, амьтнаа харамлан ойн захаас салж чадахгүй хэдэн ч хоногоор хамаагүй хүүхдүүдтэйгээ уулзахгүй тэнүүчлэх байгаль хамгаалагчдын нэг амиа алдсан байна.

Нийслэлийн ногоон бүсийн 300 гаруй мянган га газар нутгийг хамгаалдаг 33 байгаль хамгаалагч хэдхэн хоногийн өмнө нэгийгээ алдсан юм. Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Г нийслэлийн баруун хойд хэсгийн 9,000 га газрыг хариуцан ажиллаад тав дахь жилтэйгээ золгож байсан. Тус газрын 33 байгаль хамгаалагч бүгд багадаа таван жил ажиллачихсан, туршлагатай, тогтвор суурьшилтай хамт олон бүрдчихсэн байжээ. Жалга, дов бүрээ андахгүй мэддэг байгаль хамгаалагчийн ажлыг дуртай нь хийчихгүй. Нэгийгээ алдчихсан хамт олны сэтгэл, санаа хүндхэн байгаа нь ойлгомжтой байв. “Эргэчхээд ирье” гээд гарсан Г-г гурав хоногийн турш хайсны эцэст гэрээс нь хоёр гуравхан км-ийн зайтай хогийн цэг бүхий жалганаас цогцсыг нь олжээ.

Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй тул түүний үхлийн талаар таамаг бичих аргагүй. Болсон явдлыг товчхон өгүүлбэл, талийгаачийг тухайн хэсгийнх нь байгаль хамгаалагчид гэрийнхэнтэй нь хамтран гурав хоног хайжээ. Их хэмжээгээр орсон нойтон цастай өдөр дүүгийнх нь таамагласнаар хоёр метр орчим эрэг бүхий тэр жалгыг самнаад эхлээд мотоциклыг нь, дараа нь түүнээс холгүй хэвтэх Г-г олсон аж.

Саяхан нийслэлийн байгаль хамгаалагчдад шинэ мотоцикл олгосон. Талийгаач үүнд их л урамшиж, “Ийм сайхан эдтэй болсон юм чинь ажиллаад байхаас яахав” гэж ярьж байжээ. Тэрээр хоёр жилийн өмнө гэрээсээ ил харагдах тал газарт 70 тарвага авчирч нутагшуулах ажлыг гардан хийж байжээ. Тэднийгээ байнга л харуулдаж байдаг, ер нь ажилдаа их дуртай, идэвхтэй байсан талаар эхнэр Анхтуяа нь бидэнд ярьсан юм. Нөхрөө 40 гаруйхан насанд нь алдаж дөрвөн сартайгаас 17 нас хүртэлх таван хүүхэдтэйгээ хоцорсон эхнэр. Талийгаачийнх цөөн хэдэн малтай, өвс худалдаж авахад хүндхэн байсан тул энэ жил өөрсдөө хадлангаа бэлтгэжээ. Г ээлжийн амралтаа аваад 15 хоног хадландаа явчхаад ирснээс хоёр хоногийн дараа дээрх явдал болсон байна.

“Манай хүн ажилдаа их дуртай. Би юм хийлгэх гээд бардаггүй байлаа. Тийшээ эргүүл хийнэ, тийм ч ажилтай гээд явчихдаг. Шөнө унтаж байхад нь хүртэл дуудлага ирвэл босоод л явна. Хүнтэй тийм амархан хэрэлдээд, зодолдоод байх хүн биш. Дуу цөөтэй, даруу хүн. Яахав, элдэв хүн амьтан заначихсан байсан юм биш байгаа гэж би бодож байгаа. Ээлжийн амралтаа авсан ч ажлаа хийж л байдаг байсан. Ноднингийнхоо өвсний өрийг төлж дуусаагүй болохоор энэ жил өвс авах аргагүй болоод ээлжийн амралтаа аваад 15 хоног хадландаа яваад ирсэн юм. Өөрөө энд хоёр идэвхтэн хамгаалагчтай.

Тэд нар ирэхэд нь энэ хавьд хөрөө дуугараад байна гэж хэлсэн. Ер нь эндхийн иргэд бүгд л мэдээлэл өгдөг юм. Манай хүн амарсан хойгуур даварлаа гэж уурлаад эргүүлдээ гарсан. Сураггүй болдог өдөр нь бид хоёр юманд явах гэж байсан юм. Гэтэл мод хийгээд байх шиг байна, үзчихээд ирье гэж хэлээд гарсан. Тэгээд л эргэж ирээгүй. Гурав хоног хайгаад жалганаас олсон. Би сүүлд нь тэр газрыг нь очиж харсан. Хүн унаж үхэхээр газар биш л байна лээ. Шинэ мотоцикл нь бас жалганд байсан ямар ч гэмтэл аваагүй байсан. Уг нь зүгээр нүхэн дээгүүр харайхад л мотоцикл сэвтэй болдог.

Тэгэхэд жалганд унасан мотоцикл яагаа ч үгүй байсан. Насаараа энд амьдарсан хүн жалга, довоо андахгүй шүү дээ. Тэр жалга руу хог түрээд янзалж байхад хүртэл зургийг нь аваад ажиллаж байсан хүн. Тэр газрыг янзын гоё болгочихлоо гээд өөрөө ярьж байсан юм. Ойролцоох айлын хүн нь хүртэл өдөр бүр хог хаяж байхад сохор хүн биш дээ бүхэл бүтэн мотоцикл уначихсан байхад харахгүй яав гэж дээ гэж уурлаж байсан. Ямар ч байсан шүүх эмнэлгийн дүгнэлт ажлын 21 хоногт гардаг гэсэн. Би бол гомдолтой л байна. Таван жаахан хүүхэдтэйгээ үлдчихлээ шүү дээ”. Эхнэр Анхтуяа нь ингэж ярьсан юм.

Байгаль хамгаалагч бүрт GPS төхөөрөмж олгосон ч талийгаачийнх тухайн үед эвдэрсэн байсан тул баталгаат засварт нь өгсөн байжээ. “Талийгаач маань хүнтэй үг хэлээ ололцчихдог, даруу төлөв зантай, ажилдаа дуртай нэгэн байлаа. Хэргийн шалтгааныг хууль хяналтынхан тогтоох байх. Ямартай ч шөнө, оройн цагаар ганц нэгээрээ эргүүл, хяналтын ажил аль болох хийхгүй байх, хоёр гурваараа бүлэг болж явах үүрэг чиглэлийг хамгаалагчдадаа өгөөд ажиллаж байна. Зохион байгуулалтаа сайжруулж, аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг энэ явдал санууллаа” гэж Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч, байгаль хамгаалагч П.Мягмарсүрэн ярив. Тэрээр талийгаачийн харьяалагдах хэсгийг ахалж ажилладаг байна.

Энэ явдал мэргэжил нэгт нөхдийнх нь хувьд хүндээр тусч байгаа бөгөөд байгаль дэлхийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ түүнийг хамгаалагчийн аминд хүрэх хүртлээ хүний мөс чанар муудаагүй байгаасай гэдэгт тэд итгэхийг хүсэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Байгаль хамгаалагч зөвхөн цалин авах гэж энэ ажлыг хийдэггүй байх. Тэдний эцсийн ганцхан зорилго, урам зоригийг няцаах шалтгаан биш л байгаасай гэж сэтгүүлч би ч хүсэж байна.

Хэдийгээр хэрэг явдлын учир шалтгааныг холбогдох байгууллагууд нь тогтоох боловч байгаль хамгаалагчийн үхэл үнэ цэнэгүй байх учиргүй. Өдрөөс өдөрт төвлөрөл нь нэмэгдэж байгаа нийслэлийн ногоон бүсийг хамгаалагчдын тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлага зайлшгүй байгааг түүний үхэл сануулав бололтой. Хүн амын тал хувь нь бөөгнөсөн, эдийн засгийн харилцааны гол бүс болох нийслэлийн ойр орчмын ногоон бүс, байгаль орчин хамгааллын асуудал онцгой ялгаатай. Нэг үеэ бодвол хулгайн мод, хулгайн ангийн зөрчил хэд дахин буурсан ч суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр байгаль хамгаалагчдын хариуцах газар нутгийн хэмжээ нэмэгдсээр байна.

Судалгаагаар нэг хамгаалагч сард дунджаар 1,000 орчим км газар явж эргүүл, хяналт хийдэг байна. Нэг байгаль хамгаалагчийн хариуцах газар нутаг 4,000-21,000 хүртэл га газар байдаг аж. Хэдийгээр хариуцсан газар нутгийн хэмжээ асар уудам ч хэцүү байна, чадахгүй нь гэсэн гомдлыг байгаль хамгаалагчдаас бид сонсож байсангүй. Тэд хийх ёстойгоо хэнээр ч хэлүүлэхгүй хийсээр л ирсэн. Уул хадандаа, ой модондоо хэдийнээ дасан зохицсон, төмөр, чулуун мэтээр төсөөлж ирсэн байгаль хамгаалагч ч гэсэн хүн юм байна, хүчгүйддэг юм байна гэдгийг дээрх эмгэнэлт явдал харууллаа.

Байгаль хамгаалагч амиа алдсан тохиолдол анхны биш юм. Ирвэс хамгаалагч залуу амиа алдахад олон нийт багагүй шуугьж байлаа. Хулгайн модны гэмт хэрэг нэгэн үе эрчээ авсан байхад нийслэлийн байгаль хамгаалагч бусдад хорлогдсон тохиолдол хэд хэд гарч байжээ. Харин сүүлийн жилүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг харьцангуй буурч, хууль эрхзүйн орчин чангарч, иргэдийн ухамсар, хандлага өөрчлөгдсөн хэдий ч байгаль хамгаалагчдыг хамгаалах, аюулгүй байдлыг нь баталгаатай болгох шаардлага байсаар байна.

Зураг