Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Дүүрэнбаяр: Отгоо бид хоёр “Үндэсний бөхөөр барилдсан бол улсын цолонд хүрсэн байгаа даа” гэж ярилцаж байсан үе бий

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван хүрэл медаль хүртсэний хоёрыг нь эрэгтэй хүнд жингийн тамирчид эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жил Н.Түвшинбаяр аварга +100 кг-д хүрэл медаль хүртсэнээр Монголын нэмэх жингийн тамирчид дэлхийд гарах болсон гэдгийг харуулсан. Тэгвэл энэ жил түүний эхлүүлсэн медалийн буухиаг “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр үргэлжлүүлж чадлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд сайхан барилдаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Хүнд жингийн медалийн буухиаг үргэлжлүүлж чадлаа шүү дээ?

-Маш их баяртай байна. Өнгөрсөн жилийн Түвшээ ахынхаа авсан медалийг буухиалж чадлаа. Гэхдээ энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн баяр, гуниг хосолсон тэмцээн боллоо. Учир нь, манай “Алдар” спорт хорооны хүчний бэлтгэлийн Д.Энхтөр багш дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусдаг орой бурхны оронд одсон харамсалтай явдал болсон. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэнэ гэдэг ганц миний хөдөлмөр биш багш нар, баг хамт олны хүч шингэсэн.

Сүүлийн хоёр сарын хугацаанд шигшээ багийн багш нар өдрийн цагаар нэг цаг ч амрахгүй бэлтгэл хийлгэж маш их хөдөлмөрлөсөн. Тэдэндээ баярлалаа. Түүнээс гадна манай нэмэх жингийн Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Н.Батсуурь, Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн гээд үе, үеийн ах нарын +100 кг-ийг сайжруулсаар ирсэн. Тэд нар манайх хүнд жин амжилт гаргах боломжгүй юм байна гээд спортоо орхилгүй хичээсээр бидэнд суурь сайтай нэмэх жинг гаргаж өгсөн. Тийм учраас л өнөөдөр Монголын нэмэх жин дэлхийд амжилт гаргаж байгаа. Миний араас гарах хүнд жингийн тамирчид хөдөлмөрлөж чадвал бүх зүйл нь бэлэн байна. Тийм болохоор надаас илүү амжилт гаргана гэсэн үг.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл дээр Б.Тэмүүлэн ах надтай нэг өрөөнд байж миний нойр, хоолыг тааруулж өгсөн. Чи одоо ийм хоол ид, одоо унт гээд бүх заавар зөвлөгөөг өгч байлаа. Бэлтгэлийг Өнөржаргал ах хангаж өгсөн. Би өнөөдөр дэлхийн аваргаас медаль хүртсэн нь Монголын жүдогийн үе, үеийн нэмэх жингийн тамирчин ах нарын ач юм. Бас тэдний хүч, хөдөлмөрийн үр шим. Тийм болохоор нэмэх жингийн үе, үеийн ах нартаа баярлалаа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэр ч утгаараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авна гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Тийм. Сүүлийн хоёр жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэдэгтээ итгэлтэй оролцсон. Өнгөрсөн жил сугалаа бага зэрэг хатуу таараад санасандаа хүрч чадаагүй. Харин энэ жил санасандаа хүрч сайхан барилдлаа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хийсэн барилдааны талаар ярья хоёулаа. Шөвгийн наймд олимпын мөнгөн медальт Японы бөх Харасаваг цэвэр ялсан. Энэ барилдааны талаар ярих уу?

-Харасавад би өмнө нь хоёр ялагдчихсан байсан юм. Ер нь барилдаанаа өөрчлөхгүй бол болохгүй юм байна гээд Харасаваг сайн судалсан. Сугалаа намайг эндээс явахаас өмнө гарсан байсан. Тийм  болохоор энд Японд сурч ирсэн Төгөлдөр гээд дүүтэйгээ Харасаватай барилдах бэлтгэл хийсэн. Харасавагийн барьцыг өгч байгаад бэлдсэн учраас санаснаараа барилдаад ялсан.

-Хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Крпалекийг ялсан?

-Крпалектэй би 2016 онд Хөх хотын гранпригаар алтан медалийн төлөө барилдаад вазари авчихсан явж байгаад хожигдсон. Ерөнхийдөө хожих боломжтой гэдгээ өмнө нь мэдчихсэн байсан. Гэхдээ хагас шигшээд хожно гэсэн итгэлтэй гарч барилдаад буруу тооцоолсноос болоод хожигдол хүлээсэн. Том юм бодож байгаад унасан болохоор тэр хожигдол дотроос гарахгүй тэрүүгээр яваад. Багш одоо хүрлийн төлөө барилдана тайвшир гээд байхад би хүнд байдлаасаа гарч чадахгүй байсан. Бас манай багийнхан ирээд одоо хүрлийн төлөө барилдана, тэрийгээ бод гээд байхад л тэр тухай бодол орхиж чадалгүй дэвжээнд гарсан.

Хүрлийн төлөө Крпалектай барилдах гэж байна гэсэн бодол байхгүй, зооны аваргын төлөөх барилдаанд унасан маань толгойд эргэлдээд байдаг. Дэвжээн дээр гараад эхний мэх тосгуулаад өшиглөсөн чинь унаад, дахиад нэг хөнтрөөд хоёр унагаасан. Тэрнээс хойш л болмоор санагдаж барилдаан орж ирсэн. Хамгийн хатуу өрсөлдөгч хоёрдугаар тойрогт барилдсан Кубын бөх байлаа. Саяхан гранпригийн эхний тойрогт Түвшээ ахыг хожсон.

Нэлээд эвгүй бөхдөө гээд харж байтал таарсан. Надтай барилдахынхаа өмнө Кыргызстаныг босоо үрээд савчихсан. Нэмэх жинд босоо үүрнэ гэдэг маш ховор учраас “сайн байгаа юм байна даа” гэж бодоод бага зэргийн айдастай гараад хожиж шигшээ наймд үлдээд тайвширсан.

-Л.Отгонбаатар та хоёр нэг аймгийн, нэг сумынх, нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ. Сонин тохиолдол шүү?

-Тийм. Найзтайгаа нэг дэлхийн аваргаас медаль авсандаа баяртай байгаа. Бид бас  2015 онд “Аварга” биеийн тамирын дээдийг нэг ангид төгссөн хоёр шүү дээ. Их яривал холын хамаатан гэж сонссон. Бид Азийн наадамд хоёулаа түрүүлэх зорилготой очсон боловч нэг нь мөнгө, нэг нь хүрэл аваад сэтгэл жаахан дундуур үлдсэн. “Өсвөр, залуучуудад байхад манай хүнд жинд олон залуу байсан ч хоёулаа л тунаж үлдсэн. Буруу сонголт хийсэн юм биш биз. Хоёулаа үндэсний бөхөөр барилдсан бол өдийд улсын цолонд хүрсэн байгаа даа” гэж ярилцаж байсан үе ч бий.

Үеийнхэн улсын наадмаар цол аваад байдаг. Бид хоёр жүдогоороо санасандаа хүрч чадахгүй харуусалтай үед тэр бодол төрж байлаа. Харин тэр харууслаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найзтайгаа хоёулаа сайхан барилдаж тайлсандаа баяртай байна.

-Үндэсний бөхөөр алсдаа барилдах уу?

-Барилдана гэсэн зорилготой байгаа. Одоо үндэсний бөхөөр бага зэрэг бэлтгэл хийдэг. Бүр алсдаа гэвэл хожимдох байх. Их спортоо орхих үед үндэсний бөх барилдана гэж байхгүй. Тийм болохоор хослуулна. 2020 оны олимп хүртэл үндэсний бөхийн бэлтгэлийг 20, жүдогийн бэлтгэлийг 80 хувь хийж байгаад олимпоос хойш байрыг нь солиод хослуулаад явна гэсэн бодол байна.

-Хоёулаа таны анх жүдогоор барилдсан талаар ярья. Та тавдугаар ангиасаа жүдогоор барилдсан гэдэг. Тухайн үед Орост сурдаг байсан шүү дээ. Жүдогоор Орост байхдаа барилдаж эхэлсэн юм уу?

-Манайх Улаан-Үдэд нүүж очоод гэрээ тохижуулах гээд барилгын материалын дэлгүүр орсон юм. Тэр дэлгүүр манайхаас 300 гаруй метрийн зайтай. Яг дунд нь хөлбөмбөгийн талбай байдаг. Нэг өдөр нэг хүн ирээд намайг “Чи барилдах уу” гэж асуусан. Би ч “ямар бөхөөр” гэсэн чинь “жүдо” гэж хариулж байна. Тэр үед хүүхэд байсан болохоор “Нөгөө чанга унагаадаг уу” гэж асууж байсан юм. Тэгээд л гэрийнхнээсээ асуугаад барилдаж эхэлсэн. Багш өмнө нь бас намайг харсан юм билээ.

Багшийг хөлбөмбөг тоглож байхад нэг том хүүхэд жоохон хүүхдүүдийг түлхэж унагаагаад байсан гэсэн. Хүнээс “Энэ яагаад жоохон хүүхэд түлхэж унагаагаад байгаа юм” гэж асуусан. Гэтэл “Наадах чинь зүгээр том биетэй хүүхэд ангийнхантайгаа тоглож байна” гэж хэлсэн гэнэ лээ. Яг Орост дөрөвдүгээр ангиасаа барилдаж эхэлсэн байх аа.

-Та ер нь багаасаа жин ихтэй хүүхэд байв уу. Анх л нэмэх жинд барилдаж гарч ирж байсан?

-Ер нь л багын мяраатай хүүхэд байсан, бас их том биетэй. 14, 15 настай байхдаа 180 орчим өндөртэй хүүхэд байсан гээд бод доо. Тэгээд л хүчний бэлтгэл хийж эхлээд нэг их  өсөөгүй. Би бараг доод жиндээ барилдаж үзээгүй. Жоохон байхдаа +48 кг-д барилдана. Тэр үедээ миний жин 70 гаруй кг байдаг байсан. Монголд ирээд залуучуудад анх +100 кг барилдсан юм байна.

-Жүдогоор хичээллэж эхлээд 13 жил өнгөрсөн байна. Анхны тэмцээнээ дурсвал?

-Орост байхдаа орж байсан юм байна. Тэр тэмцээнд +48 кг-ийн жинд 74 кг жинтэй хүүхэд ороод түрүүлж байсан. Орост би долоо, найман тэмцээнд орж нэг мөнгө, нэг хүрэл авсан. Бусдад нь түрүүлж байлаа. Харин энд ирээд орсон анхны тэмцээн 2008 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэр тэмцээнд оролцохоор явсан чинь ээж миний цүнхэд бэлтгэлийн хослол хийгээгүй байхаар нь ээж рүү залгаад “Та миний цүнхэнд бэлтгэлийн хослол хийгээгүй юм уу” гэсэн чинь ээж “Хийгээгүй ээ, миний хүү одоо медалиа авахдаа юу өмсөнө өө” гэж байлаа.

Би бас болоогүй ээ медаль аваагүй байж “Кимонтойгоо гарах юм байна л даа” гэснийг яана. Тэгсэн чинь эхний тойрогтоо гарч барилдаад найман секунд болоод савуулсан даа, хөөрхий. Орост байсан босоо аварга энд эхний тойрогтоо л ялагдсан. Өөрийгөө жүдо сурах болоогүй байна гэдгээ ойлгож байлаа. Гэхдээ тэр жил л мултарсан. Дараа жилээс нь хүрэл аваад л эхэлсэн.

-Энд ирээд анх жүдо заалгасан багш тань Б.Хаштогтох гэж хүн байдаг. Багштайгаа анх яаж холбогдсон юм бэ?

-Орост байхдаа Азийн хүүхдийн их наадамд оролцохоор болоод Монголдоо бэлтгэл хийхээр ирэхдээ Хашаа багш дээрээ ирсэн. Багш намайг бүр бага байхад барилдаж байхыг хараад аавд хүүгээ надад өгөөрэй гэж хэлж байсан юм билээ. Жүдо гэж ийм зүйл байдаг, бэлтгэлийг ингэж хийх ёстой юм байна гэдгийг Хашаа багшаасаа анх сурсан.

-Тамирчин хүн бүрт их зүйлийг ойлгуулсан тэмцээн гэж байдаг байх гэж би боддог юм. Таны хувьд тийм тэмцээн байдаг уу?

-Байлгүй яах вэ. Би 2016 оны олимпын эрх олгох зургаан тэмцээнээс мултарсан. Олон тэмцээнээс мултраад ирэхээр хүний нүүр харж чадахгүй болдог юм билээ. Бараг л жүдо барилдахаа болих тухай бодож эхэлсэн. Тухайн үед “Алдар” спорт хорооны тамирчин болчихсон байсан. 2016 оны арванхоёрдугаар сард “Алдар” спорт хорооны тамирчид Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах болсон. Би мэдээж +100 кг-даа явлаа. Гэхдээ өөрийгөө амжилт гаргана гэдэг итгэлгүй.

Тэмцээн багийн барилдаанаар эхэллээ. Сонирхолтой нь, багийн барилдаан дээрээсээ буюу надаас эхэлсэн. Өмнө нь багийн барилдаанд би хамгийн сүүлд тэнцсэн үед ихэнхдээ гардаг байсан бол надаас эхлэхээр шал өөр тайван байсан. Тийм болохоор би багийн барилдаанд бүгдэд нь ялсан. Бас хувийн төрөлдөө Армийн дэлхийн аварга болсон юм. Тэр тэмцээнээс өөрийнхөө барилдааны арга барилаа олсон. Тайван байвал болох юм байна гэдгийг ойлгосон. Багадаа өөрийнхөөрөө барилддаг байсан барилаа олсон. Ер нь тэр тэмцээн миний амьдралыг өөрчилсөн. Би “Алдар” спорт хорооны тамирчин биш байсан бол тэр тэмцээнд явж өөрийгөө олохгүй жүдог орхих байсан байх. 

-Та бас саяхнаас “SPS” телевизийн нэр дээрээс барилдах болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр кимоно дээрээ “SPS”-ийн логотой барилдсан?

-Би өмнө нь харьяа байгууллагатай больё гэж бодоод нэг л болохгүй яваад байсан. “SPS” телевизийн захирал нь манай багын найз. Найздаа “Би танай нэр дээрээс барилдаж болох уу” гэсэн чинь хүлээж аваад хамт олондоо оруулсан. Залуус, спорт сонирхогчдод хамгийн хэрэгтэй зүйлийг гаргадаг телевиз. Тэгээд шинэ, эерэг хамт олон маань бас ээлээ өгөв үү гэж бодож байна.

-Та өмнө спортын сэтгүүлчээр сурна гэж байсан. Сурч амжсан уу?

-Амжаагүй л явна. Бэлтгэлийн хажуугаар өөр чиглэлээр сурах гэхээр зав болохгүй юм. Манай эгч, гэр бүлийн хүн хоёр сэтгүүлч мэргэжилтэй. Ер нь надад сэтгүүлч их сонирхолтой мэргэжил шиг санагддаг. Алсдаа болох байх.

-Ийм их ачаалалтай явах үед амарч амжиж байна уу?

-Амралт их хэцүү, амжихгүй. Бас амраад байхаар бэлтгэлээ хиймээр санагдана. Одоо бол би түр амралтын байдалтай байж, биеэ бага зэрэг тордох хэрэгтэй байна. Сая хагас шигшээд хожигдсон маань одоо хүртэл бодогдож байна. Тийм болохоор дараа жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд илүү сайн оролцоно. Аваргын төлөө гарч ирнэ гэсэн зорилготой хурдхан л бэлтгэлээ хиймээр байна.

Зураг