Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос 70 жилийн ойн жагсаалдаа алсын тусгалын пуужин үзүүлсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний Ням гараг бол БНАСАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр байв.

Одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил Сун Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр коммунист дэглэм бүхий Хойд Солонгосыг энэ өдөр зарлан тунхаглаж байв.

Өнгөрсөн оны энэ өдөр тус улс хамгийн хүчтэй цөмийн туршилтаа дөнгөж хийгээд байсан ба Пёньяны төвд цэргийн парад жагсахад алсын тусгалын пуужингаа үзүүлж байжээ.

Харин энэ жил цөмийн зэвсгээсээ ангижрах амлалт өгөөд байгаа Хойд Солонгосын дэглэм баяраа хэрхэн тэмдэглэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хэрвээ өчигдөр тэд ямар нэг орчин үеийн зэвсэг үзүүлсэн бол энэ нь АНУ-Хойд Солонгосын удирдагч нарын Сингапурт хийсэн түүхэн уулзалт үр дүнд хүрээгүйг харуулах байв.

Харин 70 жилийн ойн парадад Пёньяны удирдагчид ямар нэг алсын тусгалын пуужин үзүүлсэнгүй өнгөрлөө. Оронд нь хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг магтан сайшааж, улс орныхоо эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын ололт амжилтыг дурдсан нь эерэг үзэгдэл болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хойд Солонгос шинэ зэвсэг үзүүлэлгүй, энх тайван байдал, эдийн засгийн хөгжлийг эрхэмлэж байгаагаа илэрхийлснийг сайшаасан байна. Тэр энэхүү үзэгдлийг Ким Жон Унаас өөрт нь үзүүлж буй сайн дохио гэж тайлбарласан юм.

Өчигдрийн арга хэмжээнд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний бие төлөөлөгч, Оросын парламентын дээд танхимын спикер, Францын жүжигчин Жерар Депардье зэрэг хүндтэй хүмүүс оролцжээ.

Мөн энэ удаа Пёньянд гадаадын 130 орчим сурвалжлагчийг урьж, Хойд Солонгосын иргэдийн ажил амьдралыг үзүүлсэн байна.

 

Эх сурвалж: Quartz