Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Филлип Паул Фуско: Монгол эмэгтэйчүүд улсынхаа олон салбарын хүчтэй тоглогч байдгийг би харлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болох “GWTS-2018” “Инноваци ба хамтын ажиллагаа” уриан дор хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Хоёр дахь өдрийн салбар хэлэлцүүлгүүд "Инноваци ба жижиг дунд бизнес", "Санхүүгийн ирээдүй", "Бүтээлч салбарууд", "Дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" гэх мэт сонирхолтой дэд сэдвүүдийн дор болж өнгөрлөө.

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо буюу IWFCI нь 1992 онд Австрали Улсын бизнес эрхлэгч Диана Абруззи-гийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Тэр үеэс хойш гишүүн болсон нийт 13 орны бизнес эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын хувьд тус холбоонд өнгөрсөн жил буюу 2017 онд 13 дахь гишүүнээр элсэн орсон. Гишүүн болсноос хойш Монгол Улс нь хэд хэдэн бизнес уулзалт, сургалтууд эх орондоо зохион байгуулж, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд идэвхтэй хамрагдсаар ирсэн юм.

Тус чуулга уулзалтаар гарах хүлээлт, үр дүн олны анхаарлын төвд байна.

Энэ талаар Монгол дахь IWFCI-ийн Ерөнхийлөгч, О.Байгаль "Энэ жил бид Улаанбаатар хотноо "Цахим эдийн засгийн шилжилт, инноваци ба хамтын ажиллагаа" гэх ерөнхий сэдвийн дор тус чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Хурлын гол зорилго бол дэлхий даяар техник, технологид суурилсан бизнес, цахим эдийн засгийн шилжилтийн үе болж байна, энэ үед Монгол Улс ямар байр суурьтай байж, цахим эдийн засаг, худалдаанд хэрхэн тоглогч болж, хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодорхойлох нь уулзалтын гол зорилго юм. Харин уулзалтаас гарсан үр дүн, дүгнэлтүүдээр цаашдын үйл ажиллагаанд чиглэл өгөх үр дүн гарна гэж найдаж байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Мөн IWCFI-ийн гишүүн улсууд болон АСЕАН-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлж, гэрээ хэлэлцээр байгуулах тал дээр бид дэмжин ажиллаж байна. Үүний хүрээнд ирэх жил Филиппин Улсад байрлах АСЕАН-ий төлөөллүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөсний үндсэн дээр УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачлагаар ажлын хэсэг байгуулан явж байна.

Бусад улсын томоохон бизнес, аж ахуйн нэгжүүд цахим орчин дахь худалдааны боломжуудыг эрэлхийлэх болсон. Үүнтэй холбогдон уламжлал болсон худалдааны арга замууд хуучирч, цахим руу шилжиж, клауд буюу үүлэн дээрх зах зээлд Монгол Улс ямар байр суурь эзэлж буйг тодорхойлох нь чухал тул үүнтэй холбоотой сэдвүүд яригдаж байгаа.

Монгол Улсаас клауд дээр суурилсан Ihotel, Lendmn, Itools, Erhes гэх мэт шинэ гарааны бизнесүүд гарах болсон нь авууштай" гэлээ.

Мөн тус холбооны гишүүн, Octopus Холдинг Групп-ийн ТУЗ-ийн дарга, Малайз улсаас ирсэн Дато Илайне Тех "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт нь зөвхөн нэг улс эсвэл бүс нутгийн бус, дэлхийн хэмжээний арга хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гишүүн улсуудаас энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулж буй нь онцлогтой.

-Тус чуулга уулзалтад оролцсоноор олон улсын бизнес эрхлэгчид ямар хүлээлттэй байна вэ?

-Мэдээж танилын хүрээгээ тэлж, хамтран ажиллах бизнесийн шинэ түншүүдтэй болох нь бидний гол хүлээлт.  Мөн байгууллагынхаа уулзаагүй байсан гишүүдтэйгээ уулзаж, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө ярих нь чуулгаас гарах том үр дүн гэж харж байна. Энэ жилийн уулзалтыг бид зөвхөн ингээд зохион байгуулаад дуусахгүй, дараачийн ажил болон ирэх жил болох дараагийн чуулгыг төлөвлөж, ирэх зочдод сурталчилж, уриалах зорилготой юм" гэж мэдээлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

"DMI World'-ийн гүйцэтгэх захирал Филлип Паул Фуско бизнес болон эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар "Дэлхийн бизнес болон эдийн засгийн өсөлтөд эмэгтэйчүүд илүү их хүч төрж, идэвхтэй ажиллах хүч болсоор байна. Монголын эмэгтэйчүүд ч мөн улсынхаа олон салбарын хүчтэй тоглогч байдгийг би харж байна. Монгол эмэгтэйчүүд цаашид зөвхөн улсдаа бус олон улс, дэлхий дахинд гараасай гэж хүсэж байна, түүнд хүрэхийн тулд энэ чуулга уулзалт түлхэц үзүүлэх байх гэж найдаж байна" гэлээ.

Хоёр өдрийн турш нийт 12 орны, 37 хүндэт илтгэгчид өөрийн бизнесийн туршлагуудаасаа хуваалцаж илтгэл тавьсан юм. Мөн ирэх жилийн дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд БНСУ-д чуулахаар болсон байна.