Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хустайд тарвага агнасан 30 орчим зөрчлийн 10-ыг нь хууль, хүчний байгууллагынхан гаргажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

 "Дэлхийн тарваганы зүйлүүд" сэдэвт олон улсын тарвага судлаачдын долоодугаар хурал өнөөдөр эхэллээ.

Монгол орны ойт хээр, уулын хээр, хээр, тал хээрийн экосистемийн түлхүүр зүйл нь монгол тарвага (Marmota sibirica) юм. Монголын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрчээ.

Иймд 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хуралдаанаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хориглох шийдвэр гаргасан юм. Энэ удаагийн хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Киргиз, Украйн, Франц гэх мэт 13 орны нийт 121 эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлын үеэр "Хустайн байгалийн цогцолборт газар"-ын судлаач Д.Өсөхжаргалтай ярилцлаа.

-Дэлхийд хичнээн төрөл зүйлийн тарвага байдаг вэ? Түүнээс Монголд хэдэн төрлийн тарвага нутагшдаг вэ?

- Дэлхийд одоогоор 15 төрөл зүйлийн тарвага бий гэж үзэж байгаа. Харин Монгол оронд Монгол тарвага болон Алтайн тарвага гэсэн хоёр төрлийн тарвага бүртгэгдсэн. Монгол тарвага нь Алтайн тарваганаасаа тархац нь илүү өргөн.Алтайн тарвага нь харьцангуй өндөршилд нутагладаг бөгөөд баруун Алтайн уулсад 2,400 метрээс дээш өндөрлөг орчинд байдаг. Мөн үндсэн галбирийн хувьд хээрийн тарвагыг бодвол бараан сорлог байдаг. Төвийн бүсээр тархаагүй учир хүмүүс сайн мэддэггүй.

-Тэгвэл Хустайд тархсан тарваганы нөөцийн талаар судалгаа бий юу?

- Хустайд дэлхийн сүүлчийн цорын ганц зэрлэг адуу болох тахийг нутагшуулж байгаа. Тахийг хамгаалсантай холбоотой тэнд маш олон зүйлийн амьтны тоо толгой өссөн байна. Тухайлбал, Хустайд 50 байсан буга 1,300 болж, 9,000 орчим байсан тарвага 24,000 болсон.

1998 онд хийсэн томоохон судалгаагаар тарвага өндрийн хамааралтайгаар тархдаг. Өөрөөр хэлбэл тодорхой өндрөөс дээш их цавчим налуу, хадархаг газруудаар тархдаггүй. Хустайд ойролцоогоор 20 мянга орчим тарваганы нөөц байна гэсэн судалгаа бий. Тарваганы нийт тоо толгойн хувьд 2000 оны үед тарваганы тоо огцом буурсан байдаг. Миний тооцоолж байгаагаар одоо ойролцоогоор Монголд нэг сая орчим тарвага бий.

- Тарвага ер нь байгальд ямар ач холбогдолтой амьтан юм бэ?

- Тарвага бол мэрэгч амьтдын томоохон төлөөлөл. Тарвагыг байгальд, ялангуяа монголчуудын хувьд асар их ач холбогдолтой. Учир нь аливаа улс үндэстний хөгжлийн үр нь байгальтайгаа холбоотой гэж үздэг. Монгол Улс далай тэнгисээс алслагдмал, нүүдэлчин аж ахуйтай ард түмэн. Иймд хээрийн бүсийн хамгийн чухал эко системийн эрүүл ахуй, тоо толгойн нягтаршлынхаа хувьд идэш тэжээл болдог гэдэг утгаараа хамгийн чухал зүйл байсан. Зарим түүхэн эх сурвалжуудаас харахад тарвага Монголын газар нутагт түгээмэл тархалттай байсан бөгөөд ахуй амьдралынх нь амин зуулга байсан нь харагддаг.

Харин шинжлэх ухааны нэр томъёогоор тарвагыг хээрийн инженер зүйл гэж үздэг. Учир нь тарвага зургаан килограмм жинтэй, богинохон бахим биетэй ч бүх мөч нь булчингаас бүрдсэн байдаг. Иймд ямар ч хөрсийг сэндийчилж, ухах чадвартай. Тэд ичээн нүх, зусаал нүх, түр муу нүх гэсэн гурван төрлийн нүх гаргадаг. Зөвхөн тарвага л энэ нүхүүдийг гаргаж чаддаг.

Үнэг, хярс, чоно, зараа, чогчого гэх мэт бусад амьтан тарваганы гаргаад орхисон нүхийг томруулж ухаж эсвэл шууд ашиглаж амьдардаг.

Хэрвээ тарваганд асуудал гарвал тэдгээр нүхийг нь ашиглаж дам амьдардаг бусад амьтдын хувьд ч ялгаагүй асуудал үүснэ гэсэн үг.

-Харин тарваганы хор уршигтай тал нь юу юм бэ?

-Зарим тохиолдолд тэсрэлттэй тархдаг өвчин үүсгэгчийг тээж байдаг. Тарвагыг шимэгчилж амьдардаг өвчний вирус тээдэг бүүрэг гэдэг амьтан бий. Тэрнээс тарвага өөрөө өвчин тээдэг юм биш. Тарваган тахал гэсэн нь ч тийм оновчтой нэршил биш. Учир нь тарваганд шимэгчилж амьдардаг бүүрэг нь ижил төрлийн бүх мэрэгч амьтад байдаг.

Бусад мэрэгч амьтад биеийн хэмжээ нь тарваганаас бага. Мөн бид иддэггүй болохоор л бусад мэрэгчээс өвчин авдаггүй.

"Тарваган тахал" өвчнийг ижил төрлийн олон мэрэгчид тээж байдаг.

Мөн тарвага нь өөрөө хэд хэдэн ийм төрлийн өвчин тээж байдаг.  Гэхдээ бид асар том газар нутагтай хирнээ хүн амын хувьд харьцангуй сийрэг нягтшилттай учир ямар нэг өвчин тархаад байдаггүй.

- Тарвага гэнэт огцом хорогддогын шалтгаан нь юу юм бэ?

- Тарваганы нийт тархац нутагт ямар нэгэн байдлаар ус байдаггүй. Тарвага ус уудаггүй, зөвхөн өвс, ногооны шимээр өөрийнхөө шингэний хэрэгцээг хангаж байдаг учраас ганд их тэсвэр муутай амьтан. Ялангуяа дараалалсан гантай жилүүдэд тарга авч чадалгүй, ичээндээ туранхай орохоороо өвлөө давалгүй олноороо үхэж үрэгддэг.

Мөн үслэг ангийн чиглэлээр тарваганы арьс Дорнын зах зээлд асар их үнэд хүрсэн учраас хүмүүс олноор нь агнаж, тоо толгойг нь бууруулсан.

Уг нь тарвага жилд 5-6 мөндөл гаргадаг. Байгаль дээр чоно, үнэг, хээрийн бүргэд гэх мэт амьтад тоо толгойг нь хязгаарлаж байдаг учраас 40-50 хувь нь мэнд үлдэж, өөрөө өсөх боломжтой. Харин тарваганы эсрэг хүний үйл ажиллагаа л идэвхитэй байгаа болохоор өсөж шалихгүй байна. Монголын цорын ганц бэрхшээл бол хэрэгждэггүй хуулиуд байна. Байгаа хуулиудаа л хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

- Хэд хоногийн өмнө найман настай хүүхэд тарваганы түүхий давсаг залгисан гэх мэдээлэл гарсан. Тарваганы түүхий эд, эрхтэн хүний биед сайн хэрэг  үү?
- Бүх амьтад байгаль дээр өөрөө амьдрах орчин болж өгдөг. Тарваганы хувьд ч гэлтгүй бүх амьтад асар олон зүйлийн өвчин үүсгэж болзошгүй зүйлсийг өөртөө тээж байдаг учраас ямар нэгэн байдлаар боловсруулалт хийхгүй хэрэглэх нь хүний биед сөрөг нөлөөтэй. Ер нь ямарч юмыг түүхийгээр нь хэрэглэх нь хориотой бас аюултай зүйл.

-Тарвагыг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсад одоогийн байдлаар нийт газар нутгийн 17.86 хувьтай тэнцэх 102 тусгай хамгаалалтын газар байдаг. Үүний нэг нь л Хустайн байгалийн цогцолборт газар. Манайх Засгийн газрын тогтоолоор Байгаль орчны яамтай гэрээтэй Монгол Улсын төсвөөс нэг төгрөг авалгүйгээр хамгаалдаг. Мөн 12 байгаль хамгаалагчтай учир хуулийн хэрэгжилт нь харьцангуй сайн. Өнгөрсөн онд манайх тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 16-г нь найдвартай барьсан. Харин түүнээс 10 орчим нь хууль, хүчний байгууллагынхан байсан нь харамсалтай.

2017 оны долоодугаар сарын нэгнээс өмнө амьтны тухай хууль болон тусгай хамгаалалтын газрын тухай хуулиар арга хэмжээ авдаг байсан бол зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тус хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байгаа. Амьтны тухай хуулиар арга хэмжээ авдаг байхад хохирол учруулсан нэг тарвага бүрт 800 мянган төгрөгөөр торгодог байсан. Харин одоо 5.4 саяас 27 сая хүртэл төгрөгөөр торгож байгаа.  Үүнийг ард иргэд сайн мэддэг байх хэрэгтэй.

Таван саяас дээш төгрөгний хохирол нь учруулсан тохиолдолд шууд л эрүүгийн хэрэг үүсч шүүхэд шилждэг. Хохирлоо барагдуулж чадахгүй бол нэгээс таван жилийн хорих ялаар шийтгэдэг. Өнгөрсөн жил л гэхэд хууль зөрчиж тарвага агнасан нэг хүнийг шүүхийн шийдвэрээр 27 сая орчим төгрөгөөр торгож, унаж явсан машиныг нь улс хурааж авсан.