Зуд нь цас их хэмжээгээр орох эсвэл огт орохгүйгээр хүйтний эрч чангарахтай хавсарч мал сүргийн бэлчих боломжийг бууруулах, улмаар өвс тэжээлийн гачигдалд оруулах зэрэг их хэмжээний хохирол дагуулдаг байгалийн гамшигт үзэгдэл юм. Ялангуяа манай орны хувьд зөвхөн бэлчээрийн мал сүрэг өртдөг төдийгүй хүнсний хангамж, малчдын амьжиргаанд үлэмж хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж нийгэм, эдийн засгийн орчинд ихээхэн хохирол учруулдаг билээ.
Манай оронд сүүлийн далан жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдсоноос 1999 оноос хойш сүүлийн 4 удаагийн зудад мал сүргийн 60 орчим хувь нь хорогдсон талаар “Мерси Кор Монгол” байгууллагаас гаргасан судалгаанд дурдагджээ.
Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.
Зудын эрсдэлийн индекс 2014 болон 2015 онуудад зуд болоогүй буюу 1 байсан ч 2016 онд 4.8 болж өмнөх оныхоос 3.8 нэгжээр өсжээ. 2015 оны зун Монгол орны гуравны нэгийг хамарсан тархмал ган тохиолдсоноос болж 2016 оны өвөлжилтийн бэлтгэлд шаардлагатай өвс тэжээлийг хангалттай нөөцөлж чадаагүй нь тухайн өвөл нь тохиосон зудын аюулд өртөх эмзэг байдлыг бий болгожээ. 2016 оны зуд нь 18 аймгийн 96 сумыг хамарч, Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг хамран, учирсан хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдэгдсэн байна.
Бид зөвхөн цас орж хүйтэрсэн үед л зуд болдог гэсэн ойлголттой байдаг. Гэвч үнэндээ зуд хэмээх байгалийн гамшигт үзэгдэл дотроо харилцан адилгүй өөр төрөлд хуваагдана.
Цагаан зуд
Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагтай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэдчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
Харын зуд
Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ордоггүй бөгөөд нуур ихэнх гол мөрөн булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдаж олноор хорогдох нөхцөл бүрхүүлэхийг харын зуд гэнэ.
Шуурган зуд
Өвлийн улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дараалан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Хүйтний зуд
Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ.
Хавсарсан зуд
Шуурган, Цагаан ба хүйтний зуд эсвэл харын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малийг олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.
Туурайн зуд
Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирснээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.
Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай улсын хувьд зудын эрсдэл үргэлж хажууд байдаг. Монгол орны нутаг дэвсгэрт зудын давтамж харилцан адилгүй байх бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн 40 жилд нь их, бага хэмжээтэй зуд тохиолдож байсан бөгөөд статистик судалгаанаас үзэхэд тохиолдож буй зудын улмаас жилд дунджаар 206 мянган толгой мал хорогдсон байна.
Эндээс дүгнэвэл Монгол орны экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг мал аж ахуйн салбарт зудын эрсдэл маш их хохирлыг учруулдаг байна. Зуд бол хэзээ ч тохиолдож болох байгалийн гамшигт үзэгдэл билээ. Гагцхүү уг эрсдэлийг хохирол багатай даван гарах нь чухал юм. Энэ гамшигт үзэгдлийг хохирол багатай даван гарах арга бол өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах гэдгийг Монголчууд бид олон жилийн туршлагаар мэдэх билээ.
Наадмын маргааш намар гэдгээр удахгүй өвөл болно. Иймд Малчин иргэд өмч хөрөнгөө зудын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд урин дулаан байна гэж хойш тавилгүй одооноос өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, өвөлжөө малын хэвтрийг дулаан, хуурай байлгаж, түлэх түлшээ хангалттай нөөцөлж, айл хөрштэйгээ холбоо барих бүх бэлтгэлээ хийж, цас цэвэрлэх багаж хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй. Монгол улсын зудад өртөмтгий байдлын нэг том шалтгаан нь улс даяар бэлчээрийн мал аж ахуйг голлон эрхэлдэг явдал юм. Малчдын зудыг даван туулах чадварыг сайжруулахын тулд байгаль цаг уурын нөхцөлд тохирсон зудад тэсвэртэй малыг түлхүү үржүүлэх, эрчимжсэн болон фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна.
Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.
Эх сурвалж: Мандал даатгал ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!