Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гангаамаа: К2 уулын авиралт хэдэн жил мөрөөдөж, ярьсаар ирсний эцэст биеллээ оллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний Мастер Бадамгаравын Гангаамаа өнгөрсөн сарын 21-ний өдөр дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон билээ. Тэрбээр дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын нийт 8,611 метрийн оргилд амжилттай гарч эх орондоо ирсэн юм.

Гавьяат Тамирчин Гангаамаа дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд авирснаар хоёр сарын дараа эх орон, ард түмэнтэйгээ уулзаж ууланд гарахад тохиолдсон адал явдал, бэрхшээлүүдээсээ хуваалцаж мэдээлэл хийлээ.

Эверестийн оргилын авиралт жилдээ ганц хавар болдог бол К2 уулын авиралт зун болдог байна.  Харин энэ жилийн хувьд таван эмэгтэй уулчин гарсан түүхэн дэх хамгийн олон эмэгтэй уулчин авирсан жил болжээ. 

Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Уулчин хүн мөнхийн бэлтгэлтэй байх ёстой. Зуны цагт Алтай Таванбогд руу уулчид аваад явдаг, бусад цагаар зааланд байнгын бэлтгэл хийдэг.

Энэ жилийн цаг агаар,уур амьсгал урьд урьдын жилүүдээс илүү тогтвортой байсан тул олон уулчид гарсан. Бид К2 ууланд авирахад нийт таван том баг, экспедицэд хуваагдан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр авиралтыг эхлүүлсэн. 

Манай баг бүрэлдэхүүнд Япон Улсын хоёр, БНХАУ-ын хоёр, Швейцар, Бельги, Ирланд болон Непал Улсын уулчид багтсан. Мөн энэ жилийн хувьд нэг өдрийн дотор нийт 31 хүн уулын оргил дээр нэгэн зэрэг гарсан нь 2012 онд нийт 28 хүн гарсан амжилтыг эвдсэн юм.

К2 ууланд 1954 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 337 уулчид уулын оргил дээр гарсан бол үүний ердөө 18 нь л эмэгтэй байсан ба зургаа нь буцаж ирээгүй түүхтэй. Тийм ч учраас К2 уулыг эмэгтэйчүүдэд хатуу уул гэцгээдэг.

Авиралтын явцад мэдээж хүндрэл бэрхшээлүүд зөндөө тохиолдсон. Жишээ нь Канад, Японы багийн хоёр уулчин өндөр хаднаас унаж нас барсан. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай багийнхан бүгд 7-р сарын 21-ний 07-08 цагийн хооронд цувж оргил дээр гарсан. Оргилд гараад буусны дараа Бельги, Швейцар, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай багийн 10 хүний тав нь улсаасаа анх удаа К2 уулын ноён оргилд гарснаа мэдэцгээсэн. Намайг Монгол гэж хэлэхэд бусад уулчид үнэхээр гайхаж, магтаж байсан.

Ямар ч төрлийн тамирчин хүн арын алба, дасгалжуулагч, ивээн тэтгэгчгүйгээр ажиллах боломжгүй. Тухайн спортын холбоод, гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгч нар миний ард зогсож байсан. Энэ удаагийн авиралтад гар сунган тусалсан Ц.Баатарсайхан тэргүүтэй “Таван Богд Групп”-ын хамт олонд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлмээр байна” гэв.

Мөн тэрбээр К2 уулыг монголчууд хэдэн жил мөрөөдөж, хэдэн жил ярьсаар ирсний эцэст биеллээ олсонд баяртай буйгаа хуваалцсан юм. Уулчин Гангаамаа дараа дараагийн авирахаар төлөвлөж буй оргилуудаа түр нууц хэвээр нь хадгалж, удахгүй зарлах болно гэдгээ амлав.