Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүүхдийн Сан Баян-Өлгийн хүүхдүүдэд 270 сая төгрөгийн тусламж үзүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймагт учирсан үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнөсөөр байна. 

Улсын Онцгой комиссын долоодугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнгөрсөн долоо хоногт эзэддээ хүрсэн бол олон улсын байгууллагууд ч тус аймгийн ард иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна. 

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн Сангаас  Баян-Өлгийд болсон үерт өртсөн хүүхдүүдэд зориулж 

  • Тавилгатай, иж бүрэн гэр
  • Шаардлагатай боловсролын тусламж, үйлчилгээ
  • Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тусламж
  • Гашгийн үед хүүхэд хамгаалах чадавхыг бэхжүүлэх зэрэгт нийт 270,000,000 төгрөгийн тусламж үзүүлж байгаагаа мэдээлжээ. 
 

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2,500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан билээ. 

НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрсөн долоо хоногт үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 сая төгрөгийн өртөг бүхий  ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, багцыг түгээх тээврийн зардлын хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгснийг мөн хэлэх хэрэгтэй.

Баян-Өлгий аймагт учирсан гамшигт өртсөн иргэдэд  “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” зэрэг олон улсын байгууллагууд мөн тусламж үзүүлсэн бөгөөд үндэсний компаниуд ч хандив тусламж үзүүлсээр байна.