Наадмын маргааш намар. Гэхдээ үүнээс илүү ярианы гол сэдэв нь бөхчүүд, үндэсний бөхийн эвлэрэл, эвдрэл болоод байгаа юм.
Үндэсний их баяр наадам өндөрлөөд дөнгөж долоо хонож байна. Нэг аварга, гурван харцага, зургаан начин төрөв. Улсын баяраар шинэ цолтнууд төрөхөд нутаг усныхан нь л илүү их баярлаж, бэлэг сэлтийг ёстой л нэг баруун, солгойгүй цацаж байна.
Тэгвэл нийгэм тэр чигээрээ хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь бөхчүүдийг эсэргүүцэж байгаа бол нөгөө тал нь тэднийг өмөөрнө.
Энэ бүхэн шагналдаа ч бус бөхчүүдийн ёс суртахуун, үндэсний спортын нэг төрөл бөхийн үнэ цэн ямар түвшинд байгааг шууд утгаараа илтгэж байгаа юм. Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж Монгол Улсын аварга цолонд хүрсэн. Түүний энэхүү амжилтыг нутгийн зөвлөл, хамт олон нь өндрөөр үнэлж “Ниссан”-ы цоо шинэ загварын автомашин, дөрвөн өрөө байр, 11 өрөө бүхий хаус бэлэглэв. Харин Ч.Санжаадамба аваргад нутгийн зөвлөлөөс нь хоёр өрөө байр, зэвсэгт хүчнийхэн шинэ цол хайрласан. Түүнчлэн Н.Жаргалбаяр, С.Мөнхбат нарын амжилтыг тус бүр 50 сая төгрөгөөр үнэлж байгаа харагдана лээ. Ингээд дурдаад байвал улсын наадмаар цол авсан бөхчүүдийн авсан шагнал дуусахгүй. Тэдэнд өгөх шагнал урамшуулал цолны мялаалга наадмаар үргэлжилнэ.
Зөвхөн улсын цолтон ч бус аймаг, сумын наадам амжилт гаргасан бөхчүүдийн амжилтыг хүртэл мялаадаг болсон цаг дор бид амьдарч байна. Ямар нэгэн байдлаар сумандаа ч болтугай түрүүлчихвэл наанадаж хонины бор морьтой болчихыг үгүйсгэхгүй.
Бөхчүүд бол хүн. Хүн хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж, өөрийн чадлаар шинэ сайхан цолонд хүрч, түүнийгээ үнэлүүлээ л биз гэж өмөөрмөөр санагдана. Гэвч шууд өмөөрөх нь бас өрөөсгөл аж. Цагийн сайханд зургаан залуу зааны үед хэдэн арван сая төгрөг, том том машин бэлэглэдэг байсан бол гэж бас бодов. Зөвхөн зургаан заан бус тэднээс өмнөх үеийнхэн ч сайхан барилдаж яваад л зодог тайлсан. Тэгвэл өнөөдөр ид барилдаж буй бөхчүүдэд үзэгчид, ард түмэн яагаад дургүй болов. Бас тэднийг юунд үл хүндлэв. Бөхчүүд ард түмний хайр хүндлэлийг хүлээхээ больсон шалтгааныг тоочъё.
Бөхийн барилдааныг уйтгартай болгосон гол хүчин зүйл бол шахааны барьц. Үүнтэй ахмад төдийгүй ид барилдаж яваа залуучууд ч санал нийлдэг. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе’’-ээр уг асуудлыг цэгцлэх үүднээс бөхчүүд саналаа гаргаж, нааштай талаас нь хэлэлцсэн. Харамсалтай нь, хоёр холбооны бөхийн хэрүүлээс болоод өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэвээр.
Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сунжирсан байдал үүний тод жишээ юм. Бөхчүүд уран барилдаан гаргах бус, удаан гэгч нь ноцолдож байгаад барьцанд хүрэхийг эрмэлзэж буйг бөх тайлбарлагчид хүртэл шүүмжилсэн. Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүд улайм цайм нүдэн дээр тойрч зугтах нь харьцангуй багассан.
Бөхийн барилдааныг уйтгартай болгосон гол хүчин зүйл бол шахааны барьц.
Харин энэ байдал орон нутгийн наадамд эрс нэмэгджээ. Нэлээд хэдэн жилийн емнө Сэлэнгэ аймгийн наадмаар нэгэн бөх улсын начин Б.Дэлгэрсайханы аманд очихдоо барилдалгүй бараг нэг цаг орчим цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг тойрон гүйж, сүүлдээ цэнгэлдэхээ орхиод гараад явж байсан. Тэгвэл дэвжээ тойрч зугтсан асуудал энэ жил ч хэд хэдэн аймгийн наадамд гарчээ. Тулж зогсох үйл явц зөвхөн улсын наадам бус бөхийн өргөөний барилдаанд ч болдог. Эцэст нь шахааны барьц авах болоход барьцаа өгөхгүй луу унжих тохиолдол элбэг. Энэ бол үндэсний бөхийн хөгжлийг хойш нь чангааж буй эхний шалтгаан.
Хэдэн жилийн өмнөх наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн тавын даваанаас хойш битүү дүүрч, суух сандал олддоггүй байсан бол энэ удаа тийм байсангүй. Зөвхөн бөхийн үнэнч үзэгчид бөхчүүдээ уран, сайхан барилдаан үзүүлэх болов уу хэмээн горьдлого тээн цэнгэлдэхэд ирсэн харагдана лээ.
Орчин цагийн бөхчүүдэд хүндлэл, ёс суртахуун бараг байхгүй болсонтой адил. Ахмад бөхчүүдийнхээ өмнӨөс ёс бус авирлана. Учраа бөхөө үл хүндэтгэх нь тэдний хувьд энгийн л үзэгдэл. Гэхдээ бүгд биш гэдгийг зориуд тодотгоё. Нэг үхрийн эвэр доргивол 1,000 үхрийн эвэр доргидогтой л агаар нэг гэсэн үг.
Долоо хоногийн өмнө өндөрлөсөн наадмаар л гэхэд шинээр улсын начны болзол хангасан аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир тахимаа авахдаа улсын арслан Э.Оюунболдын цээжинд хүчтэй мөргөж хөнгөн гэмтэл учруулсан. Үүнээс гадна учраа бөхөө унагахдаа санаатайгаар нидрэх, тохойлдох үзэгдэл байнга гардаг. Ийм үйлдлийг санаатай ч бай, санаандгүй ч бай гаргасан тохиолдолд шууд л сахилга, шийтгэл, торгуулийн арга хэмжээ авдаг. Тэр утгаараа спорт бол хүмүүжил гэж мэргэжилтнүүд тодотгосон биз.
Түүнчлэн хэдэн жилийн өмнө улсын начин Б.Сугаржаргал ахмад бөхийг заналхийлж, олны дургүйцлийг төрүүлсэн бөхийн холбооныхон үүнд ямар ч арга хэмжээ аваагүй. Харин Монголын жүдо бөхийн холбооноос түүний тэмцээнд оролцох эрхийг жилээр түдгэлзүүлж байсан удаатай. Наадмаар ийм тохиолдол харьцангуй бага ч бөхийн өргөөнд зохион байгуулагддаг барилдаанд байнга шахам гарсаар сүүлдээ бүгд дөжирч, сонссон ч сонсоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг болжээ, бид. Үндэсний бөхийн нэр хүнд шалдаа бууж, хэн дуртай нь муулдаг болоход Б.Бат-Эрдэнийн, Л.Чинбатын гэх хоёр холбооны эцэс, төгсгөлгүй хэрүүл чухал үүрэг гүйцэтгэв. Дээр, доороо орох гэж ядахдаа булхайгаа хүртэл дэлгэж амжсан. Ёстой л булавч бултайна, даравч дарайна гэдэл болж байгаа. Улсын дээд шүүх нь хүртэл хоёр холбооны хэрүүлээс залхсан өнгө аястай. Нэг холбоо нь байн байн мэдэгдэх хуудсаар дарамталж, хэн нэгний цолыг хураах, эсвэл хүч түрэмгийлэн бөхийн өргөө рүү довтолно.
Харин нөгөөх нь барагтай барагтай л үг унагахгүй атлаа дуугүй хүний доодох нойтон гэдэг л болж яваа. Холбоо, бөхийн өргөөг булаацалдах хэрүүл гол үүрэг гүйцэтгэж яваа гурван дархан аваргын хувьд ард түмний хайр хүндлэлээс гарч, нүүрээ хийх газаргүй болсон гэхэд хилсдэхгүй. Энэ бол үндэсний бөхийг спорт биш хэмээж буй хүмүүсийн үзэл бодлыг тодотгосон хэрэг. Хөгжлөөс ухарч яваа хоёр дахь шалтгаан юм. Нэг зүйлийг дурдахад, хэдхэн хоногийн өмнө болсон Хэнтий аймгийн наадмын дуулиан шуугиан өнөөдөр ч тасраагүй байна. Том цолтнууд нь нэг, хоёрын даваагаа алгасаж, шууд гурвын даваанаас барилдан наадам үймүүлсэн тохиолдол гарсныг наадамчин олон шүүмжилж буй.
Хэнтийн наадмын хууль бус үйлдлүүдийн талаар дурдвал нэлээд зүйл гарах учраас түр орхиё.
Энэ бол орчин цагийн үндэсний бөхийн хөгжлийг гутааж буй гол хоёр хүчин зүйлийн нэг. Хоёр дахь нь допинг юм. Сүүлийн 10 гаруй жил үндэсний бөхийн ертөнцөд даваа наймаалцах тохиолдол нэмэгдсэн. Эхний жилүүдэд зөвхөн дөрөв, тавын давааг л наймаалцдаг байсан бол одоо гурвын даваанаас эхлээд тохиролцоо хийдэг болжээ. Бүр дөрвийн давааны нугалааг хүртэл даваа наймаалцдаг хүмүүсийн таалалд нийцүүлдэг гэх яриа хүртэл бий.
Энэ нь спортод улстөрчдийн гар, хөл шургалж орсны гай юм. Хэн нэгэн улстөрч нэр хүндээ өсгөхийн тулд ирээдүйтэй бөхдөө улсын цол авч өгөхийн тулд найраа хийдэг. Өнгөрсөн жилийн наадмыг тод санаж байгаа бол улсын арслан Э.Оюунболдын гурван хуруу гозолзуулсан бичлэг олныг шуугиулж, өнөөдөр ч ярианы сэдэв болж байна. Уг нь нутгийн ах нь дүүгээ дэмжих тохиолдол аль наадамд гардаг л байсан. Эртнээс уламжлалтай л даа. Харамсалтай нь, орчин үед энэхүү дэмжлэгээ мөнгөөр үнэлдэг болсонд бөхийн хорхойтнууд эгдүүцэж байгаа юм. Энэ жилийн начин цолны ханш 400 сая төгрөгт хүрсэн гэх аман яриа бий. Давж буй бөхөд ч даваа нь амтгүй санагддаг учраас баярлаж, хөөрөх нь бага.
Найраагаар төрсөн начингууд цагийн эрхэнд шахагдаж, аймаг, сумын наадмаар ганц, хоёр удаа туг тойрон аймагт шинэ цолтон төрүүлдэг бизнестэй болоод удаж байна. Сумын наадмын түрүү бөхийг хүртэл харилцан тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулалттайгаар тодруулж, бас болоогүй учраа бөхчүүдэд бага ч болтугай шовгор өгдөг болжээ. Ийм наадмыг би гурван жилийн өмнө харсан юм. Аймгийн наадмын талаар бол бүр ч ярилтгүй. Давааг хэрхэн, яаж луйвардаж болдгийг аймгуудын наадам тод томруунаар харуулна. Адаг сүүлд нь бөөн хэрүүл. Ингэж үндэсний бөхөд найраа цэцэглэснээр 10 гаруй жилийг үджээ. Нэгэнт даваа наймаалцаж буй учраас үндэсний бөхийг учир мэдэх хүмүүс спорт биш хэмээн гүрийж байна. Даваа наймаалцахад өрсөлдөх хэрэг байхгүй учраас тэр.
Допинг, бөхийн найрааг цэгцэлнэ хэмээн очсон газар бүртээ ярьдаг дархан аварга А.Сүхбатаас анх допинг гэгч зүйл илэрч байсан тухай энэ хүрээнийхэн ам уралдуулан ярьдаг. Хэрүүл хийх бүртээ энэ асуудлыг сөхдөг нь үнэн. Харин допингийн эсрэг дорвитой тэмцэх чадал манай бөхчүүдэд алга. Өнгөрсөн жилийн наадмыг эс тооцвол жил бүр шахам хамгийн багадаа 2-3 бөхөөс допинг илэрдэг. Тэгвэл үүнийг нь багасгаж, урьдчилан сэргийлэх зорилгоор наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ автал хоёр, гурав биш харин тав, зургаагаараа илэрч олныг ангайлгав. Энэ бол бөхчүүдийн дунд допингийн төрөлд багтдаг бодис бүхий эм, тан дэлгэрээд нэлээд удсаны илрэл. Хэдийгээр бэртэл, гэмтэлд хэрэглэсэн хэмээн өмөөрөх боловч манайхнаас илэрдэг допингийн төрлийн бодисууд нь хамгийн ихдээ 2005 оноос хориотой эмийн жагсаалтад багтсан байдаг билээ.
Үүнд хэн буруутай вэ. Бас санаатай юу, санаандгүй юу гээд асуудлын гогцоог тайлах олон асуулт гарна. 32 бөхөөс шинжилгээ авлаа гэхэд допинг илэрсэн хэмээн 2-3 бөхийн нэрийг л зарладаг. Олон бөхөөс илэрсэн ч 2-3 тоондоо барих бодлоготой. Дархан аварга Х.Баянмөнх ярилцлагадаа “Допинг бол өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн арга хэлбэр болсон. Тэр ч бүү хэл допинг илэрсэн, илрээгүй мөнгөөр наймаалцдаг болсон. Нэг ёсондоо бизнесийн хэлбэр болжээ. Энэ бол хэдхэн хүний хүрээнд хийдэг ажил” хэмээн мэдэгдсэн. Бөхийн өргөө, бөхийн холбооны хэрүүлтэй холбон үүнийг тайлбарласан ч өдийг хүртэл үндэсний бөхийн тогоонд яваа буурал аваргыг үг бас оргүй зүйл биш бололтой юм.
Хэтрүүлэгтэй байж болох ч ортой л таараа. Хамгийн сүүлд л гэхэд наадмын өмнө хоёр бөхөөс допинг илэрсэн. Цаашид сарын заалны барилдааны дундуур шинжилгээ авбал хэчнээн бөхөөс илрэхийг таашгүй. Допингийн төрөлд хамааралтай бодисууд нь хүний биед онцгой өөрчлөлт оруулж чаддаг учраас энэ төрлийн эм, танг захиалгаар оруулж ирдэг гэх аман яриа байдаг ч одоогоор баталж чадаагүй л явна. Хэрвээ үүнийг баталбал үндэсний бөх нэр хүндээ бүрмөсөн алдаж жинхэнэ утгаараа спорт биш болж хувирна гэсэн үг. Юун цэнгэл наадам манатай болох биз.
Хамгийн сүүлд техник технологийн асуудлыг хөндөх нь зүйн хэрэг. Бид технологийн эрин үе гэгдэх XXI зуунд амьдарч байна. Гэтэл зөвхөн үндэсний бөх л техник, технологийн хамгийн хоцрогдсон хэлбэрт явсаар. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр VAR технологи ашигласан нь олны таашаалд нийцсэн. Гэтэл үндэсний бөхөд удаашруулсан бичлэг үзэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний нэг хохирогч нь улсын аварга Ч.Санжаадамба. Өнгөрсөн жилийн наадмаар түүний барилдаан эргэлзээтэй болсон ч шүүгч буюу хөлийн цэцүүд “дахин барилдуулах, эсвэл бичлэг үзэх шаардлагагүй” хэмээн үзсэнээр Ч.Санжаадамба аваргын наадам дууссан. Наадмын дараа “Үндэсний бөхийн барилдааны шүүлтэд шинэчлэл хийх цаг болжээ. Үнэн зөв шүүхийн тулд бичлэг ашиглах хэрэгтэй. Хойшид олон бөх над шиг төрийн наадмаар хохироосой. Шүүгчдийн үзэмжийн асуудлаас болж нэг хүний бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрч байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдсэн байдаг. Үнэхээр үндэсний бөх спорт мөн бол басхүү дэлхийн төвшинтэй хөл нийлүүлэн алхмаар байвал техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс бас л үндэсний бөх бол спорт биш гэсэн үзэлтнүүдийн амны бай байсаар байх болно. Энэ жилийн наадмаар удаашруулсан бичлэг үзэх хэмжээний барилдаан гараагүй ч хойшид робот биш хүн барилдаж буй учраас гарч л таараа. Тэр бүхэнд нүдэн баримжаагаар асуудлыг шийдсээр байх уу, бид.
Эцэст нь дурдахад, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт хийсэн гэж мэдэгдсэн. Гэвч нүдэнд үзэгдэж, гарт баригдах шинэчлэл харагдсангүй. Шинэчлэл гэдгээс бөх сонирхогчид хамгийн түрүүнд удаашруулсан бичлэг үздэг болох тогтолцоо руу шилжихийг хүлээж байсан ч тийм зүйл болоогүй. Наадам нэгээр дуусахгүй, барилдаан ч үүгээр зогсохгүй. Бөхийн холбоо, өргөөг булаацалдсан хэрүүлээ одоо зогсоож, дээр дурдсан асуудлыг алхам алхмаар шийдэхэд гол анхаарлаа хандуулах цаг ирснийг дахин дуулгая, бөхийн зүтгэлтнүүд ээ. Үгүй бол үндэсний бөх спорт биш болж, бөхчүүд нь ард түмний бухимдлаа илэрхийлдэг бай болох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!