Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг өргөн барина

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулах УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан шаардлагагыг өнгөрсөн сарын 28-ний өдөр УИХ-ын даргад өгсөн. Уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг болтол хариу өгөөгүй  байна.

Тиймээс уг асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг өргөн барих болсноо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Шаардлага  үндсэн хуулийн дагуу УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурсанаар баталгаажсан байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол төрийн бодлого үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Тийм учраас баяр наадам болж байгаа ч гэсэн авлигатай холбоотой асуудал бүдгэрч, урт амралттай давхцаад олон нийтийн анхаарлаас гарч болох юм гэдэг зарчмыг барьж өнөөдөр мэдээлэл хийж байна. Зургаадугаар сарын 28-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьсан.

УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол заавал зохион байгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллагын хувьд бол томилогдсон хүнээ хамгаалж байгаа энэ зүйл тодорхой болж байна. Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо өөрөө ард түмнээс сонгогдож байгуулагдсан УИХ-ын субъект. УИХ хүртэл шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байгаа нь харамсалтай байна.

Нээлттэй сонсголд АТГ-ын дарга Х. Энхжаргал мэдээлэл хийх учиртай.

Хууль зүйн байнгын хороонд баяр наадмын өмнөх өдөр хүртэл шаардлагын хариуг хүлээнэ гэдгээ хэлсэн. Өнөөдөр 11:00 цаг хүртэл хүлээлээ. Ямар нэгэн байдлаар хариу ирсэнгүй, тийм учраас арга буюу УИХ-ын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т заасны дагуу УИХ-ын 25 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

“60 тэрбум”-ын эсрэг гэх тодотголтой авлигалын эсрэг гэмт хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр, Хадгаламж банк, Чингис, Самурай бондтой холбоотой замхарсан хэргүүдийг УИХ сонсох зүйтэй гэж үзэж байгаа. Нээлттэй сонсголд АТГ-ын дарга Х. Энхжаргал мэдээлэл хийх учиртай. Хуулийнхаа дагуу жилд нэг удаа тайлбар хийх ёстой байдаг.

Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж миний хувьд үзэж байгаа. Нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. Тийм учраас хэрвээ “60” тэрбумтай болон бусад авлигын хэрэгтэй холбоотой хэргүүд ийм байдалтай явах юм бол энэ ажлыг хийх ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Энэхүү асуудлыг хаалттай биш, нээлттэй чуулганаар ард түмнийхээ өмнө нь тайлбарлах нь зүйтэй юм.

УИХ-ын тухай хуулинд нийт гишүүдийн гуравны нэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зүйн баримт бичиг байдаг.

Ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна. Тийм учраас баяр наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор эхлэх баримт бичгийг өргөн барьж байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд гурван цагийн бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа. Тэгвэл Х.Доржзодовтой нүүрэлдүүлээд эвлүүлэг биш юм уу гэдгийг камерын өмнө асуух гээд байгаа болохоос биш тэр хүнийг гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу гэдгийг шалган тогтоох ажиллагаа хийхгүй шүү дээ.

Үнэхээр эвлүүлэг гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүдийн өмнө нээлттэй сонсгол дээр энэ эвлүүлэг юмаа гэж хэлэх, хэрвээ энэ эвлүүлэг биш бол тэр хүн уучлалт гуйж болно. “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар би  цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороонд хандана.

Түүнчлэн УИХ-ын Ёс зүйн хорооны даргад хандахаар төлөвлөж байна. Мөн иргэдийн дунд нээлттэй утас ажлуулсан. Одоогоор тус утсанд 11 тохиолдол гэж үзэж болохуйц мэдээлэл ирсэн. Түүнийг прокурорт шилжүүлнэ” гэв.