Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан түлшийг нийслэлийн зургаан дүүргийн 390 цэгээр борлуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хорих тогтоол Засгийн газраас гаргасан.

Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар баталжээ.

Өдгөө 200,000 өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг  стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна.

Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг.

Сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлтийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд түлш худалдаалах дараа болон урьдчилсан төлбөрт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг төлөвлөөг батлах нь зүйтэй гээд бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, борлуулалт хийх иргэд, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажилтай уялдуулж ажиллах зэргийг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урин дулаан цаг гэлгүй бид ирэх өвлийн бэлтгэл ажил, утааг бууруулах асуудлыг ярьж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэрэгжүүлэх учиртай” гээд төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгожээ.