Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цэрэнноров: “E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн нэгдүгээр хороо, Токиогийн гудамжны “E-mart” дэлгүүр болон Чингис зочид буудлын урдуур Сэлбэ гол руу гарсан борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн ажил явагдаж байна. 

Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургаадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 112 м урт ф400 төмөр бетон хоолой угсарч, ус хүлээн авах үзлэгийн худаг 5, шүүрт худаг хоёрыг суурилуулах ажлууд хийгдэж, ажлын явц 40%-тай байна.

Ажлын хүрээнд нийт 341 м урт, ф400 мм төмөр бетон хоолой, ус хүлээн авах 18 ширхэг шүүрт худаг, 12 ширхэг үзлэгийн худаг бүхий угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров "Энэ орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээ 1984 онд тухайн үеийн инженерийн барилга байгууламжийн тооцоо судалгаанд үндэслэгдэн хийгдсэн байдаг. Сүүлийн үед буюу 2016 оноос ачааллаа даахгүй үерт өртөх байдал үүсээд байгаа.

Манай байгууллага Авто замын борооны ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд ус ихээр тогтож иргэд үер усны аюулд өртдөг нийт арван байршилд шугам угсралтын ажил хийхээр төлөвлөн үүнээс зургаан ажлыг нь 100% хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн.

Харин Чингис зочид буудлын урд хэсэгт хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын ажил долоодугаар сарын 11-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.

Шүүрт худгууд нь үзлэгийн худагтаа ф150 мм хоолойгоор холбогдсон нь амархан бөглөрч түр зуурын аадар бороо ороход ачааллаа дийлэхгүй байсны улмаас үерийн аюулд өртөн иргэд аж ахуй нэгж байгууллагуудад эд хөрөнгийн ихээхэн хохирол оруулаад байсан билээ.