Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Анужин: Балет амьдралын хамгийн үнэтэй зүйлүүдийг надад өгсөн

О.Эрдэнэчимэг, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Анужинтай ярилцлаа. Түүнийг товчхон тодорхойлбол энэ цагийн балетын урлагийн нэгэн тод гялалзах од. Тэр хоёр жилийн өмнө БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “A ” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртсэн. Уг уралдаанд шагнал хүртсэнээр 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлж Монголын сонгодог урлагт нэгэн шинэ түүх бичиж байсан. Тэгвэл тэр хэдхэн хоногийн өмнө дахин нэг түүхийн хуудас нээж, Монголын балетчидаас анх удаа олон улсын наадмаас гранпри хүртсэн юм.

-Таны хувьд хоёр жилийн өмнө БНСУ-д болсон “А” зэрэглэлийн тэмцээнээс хүрэл цом хүртэж Монголын сонгодог урлагт нэгэн шинэ түүх бичиж байсан. Харин одоо Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан олон улсын балетын наадмаас гранпри хүртэж бас нэгэн онцлох түүх бүтээлээ. Юун түрүүнд танд баяр хүргэе?

-Тэмцээн сайхан болж өнгөрлөө. Маш их баяртай байна. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээн гэдгээрээ онцлог байлаа. Улс орон бүр балетын олон улсын тэмцээн байгуулаад байдаггүй. Уг уралдааныг балетын олон улсын уралдааныг шүүдэг есөн шүүгч шүүсэн. Тэмцээнд олон орны уран бүтээлчид ирж өрсөлдлөө. Миний хувьд түрүүлнэ дээ гэж тэмцээнд оролцдоггүй. Бэлдсэн зүйлээ тайзан дээр төгс гүйцэтгэхийг хичээдэг.

Тайз гэдэг бол маш хүндтэй зүйл. Тайзыг хэзээ ч басамжилж болохгүй. Өөртөө мэдээж итгэлгүй яах вэ. Гэхдээ түрүүлнэ гэж тэмцээнд ордоггүй. Чадаж, мэдэж байгаа зүйлээ, өдөр, бүхэн давтсан зүйлээ тайзан дээр хамгийн чадварлагаар гаргахыг хичээдэг. Үр дүнг үзэгчид болон шүүгчид шийддэг. Миний хувьд энэ шагналыг их бэлгэшээж хүлээн авч байгаа. Учир нь, манай улсад ирж буй олон улсын балетын наадмын анхны гранпри. Тэр утгаараа маш их бэлгэшээлтэй, бас хариуцлагатай том шагнал байлаа.

-Эргээд харахад маш гоё түүх байх. Балетын олон улсын уралдааны анхны гранпри шагнал гэлээ. Манай бүжигчдээс өмнө нь олон улсын наадмаас гранпри авч байгаагүй хэрэг үү?

-Монголын балетчидын олон улсын наадмын анхны гранпри. Зарим уралдаан гранпри шагналтай ч өгөхгүй байх тохиолдол байдаг. Алтан медалийг ч өгөхгүй байж болдог. Шүүгчдийн шийдвэрийн дагуу олгох үгүйг шийддэг. Манай улсад маш олон мундаг балетчин бий. Тэднийхээ үргэлжлэл болж улам сайн байхыг хичээж байна.

-Монголын балетын урлагийн амьд домог Б.Жамъяндагва гуай энэхүү уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан. Гранпри шагналыг гардуулахдаа танд хандаж нэгийг хэлсэн байх?

-Б.Жамъяндагва багш маань мэдээж “Баяр хүргэе” гэж хэлсэн. Багштайгаа тухтай уулзаж амжаагүй л явна. Багштайгаа тухтай уулзаж үгийг нь сонсоно. Энэ уралдааныг шүүсэн шүүгчид нь дэлхийн томоохон олон улсын наадмыг шүүдэг. Дэлхий дээр болж байгаа бүх тэмцээнийг тойроод шүүж байдаг баг. Маш олон шүүгч надад ирж баяр хүргэсэн. Заримынх нь үгэнд урамшиж уйлсан. “Өмнөх жилүүдийнхээсээ огт өөр болсон байна” зэрэг маш олон гайхалтай үг хэлсэн. Эндээс би улам илүү хичээх ёстой гэдгийг ойлгосон.

-Анужингийн амжилтын гараа хэрхэн эхэлсэн юм бэ. Анхны улсын олон улсын тэмцээндээ Улаан-Үд рүү явж байсан гэл үү?

-Улаан-Үдэд болсон олон улсын фестивальд Хөгжим бүжгийн коллежоо төлөөлөөд оролцож байсан юм. Энэ нь яг тэмцээн биш. Өмнө нь Сөүл, Бээжин, Шанхайн олон улсын фестивальд өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцсон.

-Тэмцээнд амжилттай оролцох нь чухал ч гэлээ мэргэжлийн ур чадвар, хувь хүний олж авдаг олон чадвар бий байх?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Медаль хүртээгүй ч оролцоод ирэх нь чухал. Эндээс миний үеийнхэн ямар хэмжээнд байна, тэд юунд зорьж байна гэдгийг анзаарч харж, өөртөө тусгадаг. Амжилт үзүүлэхгүй ч гэсэн олон улсын уралдаан, гала тоглолт, тэмцээнд оролцож байх хэрэгтэй. Боломж олдох л юм бол явж байх хэрэгтэй. Суралцах зүйл маш их байдаг.

-Мундаг балетчидын алхаа гишгээ, биеэ авч яваа байдлаас эхлээд суралцах зүйл байдаг биз?

-Байгаа. Гэхдээ тэдэнд ч гэсэн биднээс суралцах зүйл бий. Тэдний чадахгүйг монголчууд чаддаг, бидний чадахгүйг тэд чаддаг байж болно шүү дээ. Монголын балетчидын нэг онцлог нь бүх зүйлд эмх цэгцтэй ханддаг. Гэтэл гаднын балетчид замбараа муутай. Энд тэндгүй хамаг юмаа шидлээд л байж байдаг. Манайхан хувь хүний зохион байгуулалтын тал дээр харьцангуй сайн.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа гараад цөөнгүй жил болчихлоо. Хэзээ театрын босгыг алхсан бэ?

-Би 2012 онд сургуулиа төгссөн. Гэхдээ 2010 оноос театртаа гэрээт бүжигчнээр ажиллаж эхэлсэн.

-Найман жил багагүй хугацаа. Ялангуяа богино настай балетын урлагийн хувьд. Таны хувьд энэ хугацаанд хэчнээн балетад гоцлов?

-Балетчид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Миний хувьд гоцлоогүй балет нь гоцолсон балетаасаа цөөн үлдсэн.

-“Хунт нуур” бол эмэгтэй балетчидын мөрөөдөл. Анх “Хунт нуур”-т гарахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-“Хунт нуур” бол маш олон бүжигчний мөрөөдөл. Б.Саруул эгч бид хоёр “Хунт нуур"-т cap сараар ээлжилж тоглодог. “Хунт нуур” жүжигчдийн уран чадварыг шалгасан хэцүү техниктэй балетуудын нэг. “Хунт нуур’’-т бүжиглэж байхад одоо ч хэцүү санагдах үе бий. Анх бүжиглэж байхад бүр ч хэцүү байсан. Маш хүнд балет. Одоо ч гэсэн энэ бүжгэн жүжигт гарахаас шантармаар үе байдаг. Бидний дунд “Хунт нуур" бол “Хунт нуур” юм даа гэсэн үг бий.

-Тайзнаа гараад хэдийнээ найман жилийг үджээ. 12 жилийн дараа тэтгэвэрт гарах нь. Гэхдээ 10 жилийн дараах өөрийгөө тайзан дээр төсөөлдөг биз дээ?

-10 жилийн дараа 33 настай болно. Т эгж бодохоор тайзан дээрээ байж л таарна байх. Тайз минь надад нэг л өдөр “Чи одоо боллоо" гэж хэлбэл инээмсэглээд “Баярлалаа" гээд орхиж чадах юмсан гэж боддог. Уран бүтээлч хүн тайзнаас өөрөө бууна гэдэг маш хэцүү.

Тийм учраас ид бүжиглэж байхдаа сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Ид бүжиглэх үедээ бүхий л чадлаараа хичээж, дараа нь харамсахгүй байхыг хичээдэг. Хэзээ ч би дахин 23 настайгаараа байхгүй, бас хэзээ ч энэ үед надад эргэж ирэхгүй шүү дээ.

-Тайзнаас буусны дараа таны амьдралын дараагийн нэг үе эхэлнэ. Энэ үедээ юу хийнэ гэж боддог вэ?

-Балетын урлагаасаа нэг их холдоно гэж боддоггүй. Хамгийн түрүүнд сурах нь ойлгомжтой. Мэдлэг бол гайхамшигтай зүйл. Хэзээ ч түүнийг боловсруулаад зарж болно шүү дээ.

-Балетын урлаг танд юу өгсөн бэ?

-Балетын урлаг үргэлж л надад хамгийн үнэтэй зүйлүүдийг өгдөг. Энэ урлагт хэцүү зүйл их. Гэхдээ амархан мэргэжил гэж хаана ч байхгүй. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн зовлон, хэцүү зүйлтэй. Балетын урлагт хэцүү зүйл их ч түүнээс авах зүйл их. Маш гайхалтай мэдрэмж өгдөг, хүмүүжүүлдэг.

Би өдий зэрэгтэй байгаа нь балетын урлагтай салшгүй холбоотой. Намайг ямар байхыг өдөр бүхэн сургадаг. Тийм учраас энэ урлагаар хичээллээгүй бол ямар хүмүүжил, боловсрол, бие бялдар, үнэлэмжтэй байхыг хэлж мэдэхгүй. Ер нь балетын урлагийг шүтэхээс өөр арга байхгүй.

-Амьдралын тань хамгийн үнэт зүйлийг өгсөн балетын урлаг дэндүү тансаг ч нөгөө талаараа амаргүй гэхэд дэндүү амаргүй замыг туулж амжилтад хүрдэг, харгис урлаг шиг санагддаг. Шантарсан, унасан үедээ юунаас урам авч урагшилдаг вэ?

-Миний дэргэд хайртай хүмүүс минь үргэлж зогсож байдаг. Гэр бүл, багш, найз нөхөд, хамт олон маань чин сэтгэлээсээ дэмжиж, намайг унах үед хэзээд тосож авдаг. Нэгдүгээрт, тэд миний урагшлах, босох шалтгаан. Хоёрдугаарт, би балетын урлагтаа маш их хайртай. Больё гэж наанаа хэлэвч цаанаа бол хэзээ ч орхиж чадахгүй. Магадгүй насан туршдаа энэ урлагтайгаа хамтдаа байна гэж боддог.

-Эрхэмсэг, гоо гэдгийг бүсгүйчүүдэд, эргэн тойрондоо мэдрүүлж байдаг хүмүүс бол балетын жүжигчид. Тэгвэл та нарын хувьд эрхэмсэг, гоё, гоог юунаас олж хардаг юм бэ?

-Хүн бүрийн хувьд энэ ойлголт өөр байх. Өөрийн дотоод ертөнцөөсөө гоо сайхныг олж хардаг. Бас миний хувьд ээжээсээ гоё сайхныг мэдэрдэг. Миний ээж жирийн л нэг эмэгтэй. Гэхдээ ээж минь маш ухаалаг, эрч хүчтэй бүсгүй байдаг. Бас надад миний доторх хүнийг олж өгдөг гайхалтай багш нар бий. Ер нь байгаль дэлхий ч гэсэн тэр чигээрээ гоо сайхан. Хүн бүрт, амьд ба амьд бус бүх зүйлд гоо сайхан бий. Үүнийг олж харж байна уу, үгүй юу гэдэг нь сонин.

-Гаднын балетын компаниас урилга ирвэл хүлээж авах уу?

-Тэгэлгүй яах вэ. Яагаад гэвэл өнөөдөр XXI зуун. Театр минь миний үндэс. Энэ ч утгаараа театртаа маш их хайртай. Театрт байгаагүй бол тайзан дээр гарч чадахгүй, өдий зэрэгт үнэлэгдэх бүжигчин байж чадахгүй. Гаднын компаниас урилга хүлээн авах нь дэлхийтэй танилцах алхам. Тиймээс гаднаас урилга ирвэл, явах боломж гарвал явна гэж бодож байгаа. Театр маань ч гэсэн намайг дэмжинэ гэж боддог.

-Шинэ жилийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд инээд хөөр, баяр баясал бэлэглэж байгааг тань харсан. Цөөнгүй хүмүүнлэгийн ажил хийснийг нь мэднэ. Цаашдаа ч гэсэн хийх үү?

-Өөрийнхөө хэмжээнд хүмүүнлэгийн ажил хийдэг. Найзуудтайгаа хамтраад аль болох сайн үйлс хийхийг хичээдэг. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биднээс илүү мундаг гэж боддог. Бидэнд юу ч дутуу биш. Гэвч тэдэнд нэг зүйл дутуу байхад тэд биднээс илүү сэтгэлийн тэвчээртэй, амьдралд хайртай, биднээс илүү хайрыг түгээдэг, тэр чигтээ хайр юм. Харилцахад ч бүх зүйлд чин зүрхний угаас ямар ч баггүй, бүх зүйл нь үнэн байдаг. Тиймээс.би тэдэнтэй уулзахдаа илүү хүчирхэг, амьдралд улам хайртай болдог.

-Хүссэн хүн бүр дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж чадахгүй. Гурван сая хүний цөөн хэд нь л Монгол гэсэн нэрийг дэлхийн чихнээ сонсгож чадна. Тэдний нэг бол та. Ер нь монгол хүн болж төрсөндөө ямар үед хамгийн их баярладаг вэ?

-Монгол хүн болж төрсөндөө үргэлж л баярлана. Таныг “Монгол хүн болж төрсөндөө ямар үед хамгийн их баярладаг вэ” гэхээр саналаа. Шанхайн олон улсын наадамд оролцож байхдаа монгол хүн болж төрснөөрөө маш их бахархах, баярлах мэдрэмж төрсөн. О.Ганцоож ах бид хоёр энэ уралдаанд шилдэг хосын шагнал хүртсэн. "Шилдэг хос. Монгол” гэж зарлахад үгээр илэрхийлэмгүй тийм сайхан мэдрэмж төрсөн. Монгол Улсаараа, монгол хүн болж төрснөөрөө байнга л бахархаж, омогшиж, баярлаж явдаг.

-Хоёр жилийн өмнө БНСУ-д уралдаанд оролцоод ирсний тань дараа ярилцлага авч байхад “Аав, ээж минь “Чамаараа маш их бахархаж байна” гэсэн нь хамгийн сайхан” гэж хэлж байсан. Монголынхоо нэрийг дуудуулахаас гадна аавынхаа нэрийг дуудуулах ч хамгийн сайхан мэдрэмж байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Бид шүүдрийн дусал цуглуулж аав, ээжийгээ баярлуулж чадахгүй. Үр хүүхдийн хувьд ээж, аавынхаа ачийг хариулах нэг хэлбэр бол сайн явах юм болов уу гэж боддог. Санааг нь зовоолгүй, аль болох сайнаар нэрийг дуудуулах чухал. Сонгосон мэргэжилдээ эзэн болж явж чадвал ачийг хариулж байгаа хэлбэр гэж боддог учраас их хичээдэг.

Аав, ээж минь намайг 100 хувь өөрийн хүссэн зүйлдээ цаг зав гаргах боломж олгодог. Тэд “Одоохондоо чи ээж, аавынхаа гар дээр байгаа учир хүссэн зүйлээ хий. Чамаас би юу ч шаардахгүй. Өөрийн хүссэн зүйлээ хий” гэдэг. Балетын урлагт хөл тавихад л аав, ээж минь надад ийм нөхцөл дэвсэж өгсөн. Ээж, аавынхаа ийм сайхан халамжинд байснаар өдий зэрэгтэй яваа байх гэж боддог.

-Анужингийн сэтгэлдээ хамгийн их хүсэж мөрөөдөж, тэмүүлж явдаг зүйл юу вэ?

-Балетын урлагт чадахаараа өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог. Зарим хүн Монголд сонгодог урлаг байх хэрэггүй, сонгодог урлаггүй улс орнууд болоод л байна гэдэг. Үүнийг уншихаар надад эмгэнэлтэй санагддаг. Энэ урлаг үгүй бол бид хүмүүсийг яаж гоо сайхнаар хүмүүжүүлж, яаж хүмүүст соёлын мэдрэмж өгч, соёл гэдгийг юугаар харуулж чадах вэ гэдэг эргэлзээтэй. Бид дэлхийн бусад оронтой хөл нийлүүлэн алхахын тулд сонгодог урлагтаа маш их анхаарч, хөгжүүлэх хэрэгтэй.

Аливаа орны хөгжлийн нэг нүүр царай нь сонгодог урлаг. Тиймээс үүнийг илүү олон хүнд ойлгуулж, энэ урлагт дурлуулах юмсан гэж хүсдэг. “Орос школа байна" гэж хүн бүхэн хараад л мэддэг шиг "Өө энэ Монголын балетын школа байна” гэж хэлэх хүртэл таниулахыг хүсдэг.

-Ийм хүсэл тэмүүлэл тээгээд урагш алхаж байтал “Монголд балет байдаг юм уу” гэж асуухад эмзэглэмээр санагддаг байх. Уралдаанд орох бүрт тань энэ асуулт дагадаг гэж сонссон л доо?

-“Монгол гэж хаана байдаг вэ", ‘Танайд балетын урлаг байдаг юм уу” гэж асуухад үнэхээр таагүй санагддаг. Уур хүрэх нь ч бий. Монгол Улсыг танихгүй, мэдэхгүй нь их байдаг. Тиймээс Монголд балетын урлаг ингэж хөгжсөн шүү гэж харуулахаас гадна өөрийн биеэ авч яваа байдал, хүнлэг чанараараа эерэг сэтгэгдэл үлдээхийг хичээдэг.

Зураг