Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ойгоос 3,800 нарс хотод шилжүүлж тарьснаас 99 хувь нь хэвийн ургаж байна гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Ногоон Улаанбаатар -2030” төслийн хүрээнд  нийслэл Улаанбаатар хотын гудамжинд өнгө үзэмж нэмэхээр ойгоос жил бүр мөнх ногоон, шилмүүст моддыг зөөвөрлөн авчирч, шилжүүлэн суулгадаг  болсоор удаж байна. Хамгийн сүүлд 2017 онд хийсэн тооллогоор хотын гудамжинд нийт 9,428 шилмүүст мод байсан бол энэ жил нэмж 2,300 орчим  Нарс модыг хотод ойгоос шилжүүлэн суулгаад байгаа аж.

 Гэвч дөрвөн улирлын турш шилмүүсээ гээдэггүй эдгээр моддыг  хэдхэн жилийн өмнө суулгасан гэхэд зарим нь хатаж харлаж өнгө зүсээ алдсан  дүр зураг бидний нүдний өмнө илхэн байх. Уг асуудлыг  сурвалжлахаар Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнг  зорилоо.

20 ЖИЛ УРГАЖ БАЙЖ НАРС МОД ХОЁР МЕТР БОЛДОГ 

 

Дендрологич, Биологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, Хотын ерөнхий менежерийн  ногоон байгууламжийн зөвлөх  Б.Чимид   “Тарьмал ойг сийрэгжүүлэх замаар  харьцангуй залуу,  хорь орчим настай  Нарс, Гацуур, Шинэс гэх мэт моднуудыг  хотод авчирч, шилжүүлэн суулгах ажил явагдаж байгаа. Энэ нь хотын гудамж талбайг том модоор цэцэрлэгжүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилготой.  Хүмүүс уулнаас авчирч шилжүүлэн суулгасан моднууд бүгд үхдэг гэдэг буруу ойлголттой байдаг. Тэд ярихдаа хайран ойгоос авчирч суулгаад үхүүлж байна гэдэг. Би 45 жил мод тарьж байна. Хотын ерөнхий Дендрологичоор 21 жил ажиллалаа.  Улаанбаатар шиг сая гаруй хүнтэй дөрвөн уулын дунд байрладаг ийм хотыг агаарын чанарыг  сайжруулах, утаа униар тоос шороог нь багасгаж, дуу чимээг намасгахад том шилмүүст мод хамгийн чухал хэрэгтэй. Энэ бол хийгдэх ёстой ажлын нэг.  

Бид сүүлийн гурван жил мод тарьж байна. Өмнө нь ч хотын захиргааны үүдэнд  нарс модыг  2007 онд буюу  11 жилийн өмнө тарьсан. Түүнээс  ганц л мод үхсэн, бусад нь ургаад том болсон. Мөн Явуухулангийн  ногоон цэцэрлэгт байгаа моднуудыг ч уулнаас авчирч суулгасан. Тэр моднууд одоо ч ургасаар л байна.  Уулнаас авчирсан модоо сайн арчилж, технологийн дагуу зөв шилжүүлвэл зөв ургадаг юм. Арчилгаа  хийхгүй бол том нь ч үхнэ, жижиг нь ч үхнэ.

Монголд шилмүүст модыг үржүүлдэг газар олон бий. Бүр хоёр сая модтой ч мод үржүүлгийн газар байна. Гэвч тэдгээр газарт хоёр настай, хорьхон сантиметр нарс байгаа нь хотын стандартад таарахгүй. Тийм  жижиг модыг хотод тариад ч  ургахгүй.  Үзүүр нь нарийхан нахиа нь жижигхэн,дээрээс нь манай хотын  нөхцөлд хажуугаар нь өнгөрсөн хэн дуртай нь шүргээд ургах нөхцөл бүрдэхгүй. 

Доод тал хоёр метр модыг хотын гудамжинд тарих шаардлагатай. Үзүүрт нь хүний гар хүрхээргүй өндөр байх ёстой байдаг, стандарт нь ч тийм байна. Гэтэл 20 жил ургаж байж нарс мод хоёр метр болдог.
            
 Хотын гудамжинд тарьсан моднуудын  80 хүртэл хувь нь  ургавал хамгийн дээд үзүүлэлт гэж үздэг. Хүмүүс мэдэхгүй учраас  бүгд л үхэж байгаа мэтээр ярьдаг. Мэдээж гайхамшигтай тансаг ойгоос авчирч ирж байгаа нь үнэн. Гэхдээ үхүүлэх биш ургуулахын тулд л Улаанбаатарт авчирч суулгадаг. Магадгүй технологи, тээвэрлэлт гэх мэт янз бүрийн байдлаас шалтгаалж үхдэг. Гэхдээ мод ч адилхан амьтай учраас үхэж бас шарлаж болно. Бид бордоо бас  дусал хийж байгаа, арчилж ургуулахын тулд тэмцэж, тодорхой хөрөнгө зарж байгаа. Мод байтугай хүн ч үхдэг хорвоо.  Бид өнгөрсөн онд 3,800 нарс тарьснаас 11 мод үхсэн нь 99.99 хувийн ургалттай байна гэж үзнэ” гэсэн тайлбар өгсөн юм. 

ОДОО ШИЛМҮҮСТ МОДДЫГ АВЧРААД СУУЛГАЯ ГЭХЭЭР СТАНДАРТАД НИЙЦСЭН СУУЛГАЦ МАТЕРИАЛ ОГТ БАЙХГҮЙ НЬ ҮНЭН

 

Харин бид ойгоос мод авчирч суулгах нь зөв  эсэхийг  тодруулахаар Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Д.Энэбиштэй уулзлаа. 

Тэрбээр  “Сүүлийн үед  хотын гудамжинд нарс модыг ойгоос шилжүүлэн суулгаж байгаатай холбоотойгоор хүмүүсийн дүнд ойг нүцэглэж байна гэсэн яриа газар аваад байна. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс ч хоорондоо үзэл бодол хуваагддаг. 

Хотын удирдлагууд үе дамжин хотоо ногооруулах гэж  янз янзын арга хэрэглэж байгаа нь үргэлж шүүмжлэлд өртөж байгаа харамсалтай. Уг нь стандартаар бол хотод тарих модыг мод үржүүлгийн газар үрээр ургуулан, бойжуулах талбайгаар дамжуулан хэлбэржүүлэлт хийн хотод авчирч суулгадаг.

Гэхдээ ойгоос мод шилжүүлэн суулгах нь  нэг  талаасаа буруу зүйл биш. Яагаад гэвэл дэлхийн олон хотод анх байгуулагдахдаа дандаа ойгоос модоо авчирч тарьдаг байсан. Манай орны одоогийн нөхцөл байдлын хувьд ойгоос модоо шилжүүлэн суулгаж, дараа нь хөгжөөд ирэхээрээ ойгоос мод авчрахаа бүр мөсөн зогсоогоод  үржүүлгийн мод тарьдаг болох хэрэгтэй. 

Манай улс  1990 оноос өмнө шилмүүст модыг үржүүлэх анхны туршилт хийгдэж, технологи нь нэвтрээд суурь нь тавигдаж байсан боловч нийгмийн шилжилтийн үед бүх мод үржүүлгийн газрууд  устаад алга болчихсон. Харин одоо шилмүүст моддыг авчраад суулгая гэхээр стандартад нийцсэн суулгац материал огт байхгүй. Мод үржүүлгийн газарт байгаа шилмүүст модод нь авчирч суулгахад хэтэрхий жижигхэн учраас ургахгүй, үхэх тохиолдол бий. Тиймээс  хотын гудамжинд ойгоос том мод авчир суулгахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

Иймд нэг талаасаа хотын захиргааны зөв. Нөгөө талаас шүүмжилж байгаа хүмүүсийн ч зөв гэмээр байна.

Хотын захиргааны хувьд мод үржүүлгийн газраас жижиг мод авчраад тарьчихвал бөөн зардал гаргаад, нөгөөх мод нь ургахгүй үхээд  дуусдаг. Тиймээс хэн ч цэцэрлэгжүүлэлт дээр ажиллаж байсан бол том мод л авчирч суулгах байсан байх. Нөгөө талаас ууланд ургаж байгаа сайхан моддыг авчраад, арчилж чадахгүй үхүүлээд  дуусгаад байхаар хүмүүс шүүмжлэх нь зөв.  Гэхдээ хотод авчирч тарьж байгаа энэ моддыг ойн гүнээс биш арчилгаа цэвэрлэгээ хийх шаардлагатай болсон буюу нэгэнт огтлогдох болсныг нь үндсээр нь ухаж авч байгаа гэж ойлгож байна. Харин ямар нэгэн байдлаар ойн гүнээс мод ухаж авбал ойд маш их сөрөг нөлөөтэй. 

Мөн нарс мод нь хотод ургах боломжгүй гэж эрдэмтэд үздэг. Давирхай ихтэй болохоор хотын утаа, тоосонд  дарагдаад хэдхэн жилийн дотор үхчихдэг юм.

Гэхдээ сайн арчилвал үхүүлэхгүй, ургуулах арга бий. Тухайлбал хавар болохоор угаах усалгаа хийж тоос, тортогийг нь арилгаж болно. Түүнчлэн хордлогын нөлөөнд орсон шилмүүст моддын амьдралыг сэргээх зорилгоор азотын бордоогоор шүршиж өгөхөд хордлого нь тайлагдаж, ногоон хэсгүүд нь нөхөн  төлжих бололцоо байдаг” гэлээ. 

Мөн тэрбээр 1970-аад оны үед хотод тарьсан нарс, гацуурыг ийм олноор нь биш, цөөн тоогоор уулнаас авчирч  суулгасан  учраас  харьцангуй маш нарийн горимоор, нямбай арчилж ажиллаж байсан талаар ярьсан юм. 
Шилмүүст модыг шууд ухаад авах биш жилийн өмнөөс  ухаж авах хэмжээний үндсээ тойруулан таслаж орхих хрэгтэй байдаг байна. 

Жилийн хугацаанд жижгэрсэн үндсэндээ тухайн мод зохицож, амьдралын тодорхой нөхцөл бүрдээд ирэхээр нь  ухаж аваад хотод шилжүүлэн суулгавал ургах чадвар нь сайн байдаг талаар профессор Д.Энэбиш ярилаа. 
Мэргэжилтнүүдийг хэлж байгаагаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 98 га талбайд зориулан жил болгон 5.8 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг, 2018 онд төсвийг 1.5 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлж 7.5 болгосон. Энэ нь зөвхөн ногоон байгууламжийн арчилгааны ажилд л зарцуулагддаг юм.