Айл өрх бүр хашаандаа, эзэмшил газар дээрээ өөрийн гэсэн тохилог амины орон сууцтай болж, тав тухтай амьдрах таатай орчноо бүрдүүлэхийг хүсч явдаг биз ээ. Харин хэрхэн, яаж ийм сууцтай болох талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас хүссэн сууцаа бариулж чаддаггүй нь олонтаа.
Ялангуяа хэтэвчнийхээ хэмжээнд тааруулан боломжийн байшинтай болох гэсэн иргэддээ зориулан тэдний нийтлэг сонирхдог 78 ам.метр талбайтай амины сууцны төсөв өртгийг бэлтгэлээ.
Объектын товч тодорхойлолт
Энэхүү барилга нь мансардтай хоёр давхар 78 ам метр амины орон сууц юм. Нэгдүгээр давхартаа зочны өрөө, гал тогоо, үүдний өрөө, техникийн болон ариун цэврийн өрөөнөөс бүрдэнэ. Хоёрдугаар давхартаа хоёр унтлагын өрөө, угаалгын өрөөтэй.
Барилгын хэмжээ нь тэнхлэгээрээ 7.5x7.5м харьцаатай ба шугаман суурьтай, шувуун нуруун дээвэртэй, нэгдүгээр давхартаа бетон шалтай, давхар дундын модон хучилттай, хөнгөн блокон хана дүүргэлттэй, 15см зузаан нягтрал сайтай хөөсөнцөр дулаалгатай, дээврийн дулаалгыг 15см зузаан эрдэст хөвөн хавтангаар тооцлоо.
Барилгын төсөвт өртгийг зах зээлийн бодит үнэ ханшаар тооцож гаргалаа.
Барилгын төсвийн тайлбар
- Төсөвт өртгийг мансардтай хоёр давхар 78 ам метр талбайтай, Европ хэв маягийн амины орон сууцны гүйцэтгэлийн зургийн тоо хэмжээг үндэслэн зохиов. /Төсөвт өртөг 65,013,481 төг/ Төсөвт “Барилгын төсөв зохиох дүрэм” БНбД 81-95-12, “Барилгын үнэ бүрдлийн дүрэм” БНбД 81-94-12-ыг ашиглаагүй болно. Үүн дээр бусад нэмэгдэл зардал болоод ашиг /5%/-ийг нэмбэл 74,115,368 төгрөг болох юм.
- Тухайн сууцны төсвийг зохиохдоо төсвийн үндсэн зардлуудыг зургийн дагуу ажлын тоо хэмжээг тооцож, ажлын нэр хэмжих нэгжид тохируулан үе шатны ажлын жагсаалтыг гаргаж, төсвийн суурь нормын үндэслэлүүд (шифр) болон жишиг үнэ, машины цагийн үнэ, тарифуудыг үндэслэхгүйгээр зах зээлийн бодит үнэ ханшаар тооцоолохыг эрмэлзэв.
- Барилга угсралтын ажилд ажиллах хүчний зардлыг ажлын үе шат тус бүр дээр 2018 оны гүйцэтгэлийн бригадуудын нэгж ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажлын тоо хэмжээгээр үржүүлэн тооцов. Газар шорооны ажил болон бусад механизмаар хийж гүйцэтгэх ажлыг мөн механизмын нэгж ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажлын тоо хэмжээгээр үржүүлэн тооцоолж, ажиллах хүчний зардалд тусгав.
- Тус төсөвт захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардал, норм нормативын сан, магадалшгүй ажлын зардлуудыг тусгаагүй болно.
- Материалын зардлыг барилгын материалын зах, дэлгүүрүүд болон материалын үйлдвэр болон ханган нийлүүлэгч компаниудын үнэ ханшийг 2018 оны 3, 4 дүгээр сарын байдлаар тооцож, ажлын тоо хэмжээнд үндэслэн гаргав. Материалын зардалд НӨАТ-ыг багтаан тооцсон.
- Төсөвт тээврийн зардлыг автомашинаар хот дотор ачаа тээвэрлэгч хувь хүн, албан байгууллагын 2018 жишиг үнийг үндэслэн тооцож, нийт материалын тээврийн зайг 20км-ээр тооцов. Зарим үе шатны ажлуудын материалын жин, овор хэмжээ бага тул тээврийн зардлыг тооцоогүй. Бетон зуурмагийн үндсэн үнэд тээврийн зардал багтсан учир тооцоогүй болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!