Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон хувилбар бичлэгтэй Монгол үгсийг журамласан 700 үгийн жагсаалт хүчингүй болж байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын соёл, хэлзүйн хэрэглээний хувьд чухал а холбогдолдтой “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэн гарлаа. Үндэсний хэл тэр дундаа бичгийн соёл нь үндэсний ижилсэл дотоод ойлголцлын хэрэглэгдэхүүн сэтгэлгээг тээгч, илэрхийлэгч нь болж байдаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1941 оноос крилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ соёл нэвтэрсэн ч зөв бичгийн дүрэм зохиох асуудал нэлээд хоцорч буюу 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар хамтарч 18,000 үгийг зөв бичихийг журамласан толь бичгийг гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч зөв бичих дүрэмд тусгагдаагүй, албан ёсоор журамлагдаагүй үг байсаар байсан нь маргаан дэгдээсээр байгаа юм. 

Сүүлийн үед цахим орчинд зөв бичгийн дүрэм ямар байх нь зохилтой талаар дурын хүн зааж, зарим үсгийг хасах талаар уриалах үйлдэл гарсаар байгаа. Одоо бүх маргааныг цэгцэлж, нэг мөр журамлан шийдэхэд 38,000 үгтэй “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” чухал үүрэгтэй болж байна.

Энд би нэг зүйлийг зориуд тодотгож хэлмээр байна Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээд бүхэн дагаж мөрдөх үүргийг хуулиар хүлээж байгааг сануулахын сацуу дагаж мөрдөн, үсэг бичгийн асуудлаа цэгцлэн журамлахыг уриалж байна.

Зарим эрдэмтэн судлаачдын санаанд энэ толь нийцэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй, дуусахгүй маргааны сэдэв байх юм. 

Мөнх тэнгэрийн хүчин дор монголын бичиг соёл өнө үүрд дэлгэрэх болтугай" гэв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн журамласан толийг бүх нийтээр дагаж мөрдөх тухай 5 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ХБҮЗ-ийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг боловсруулан өнөөдөр олон нийтэд хүргэж байгаа аж.

toli.gov.mn сайт руу хандаж "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийг ашиглах боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын president.mn сайтаас үнэгүй татаж авах боломжтой аж. 

Гар утсандаа "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" аппликейшнийг суулгаснаар интернэтгүй орчинд ашиглаж болох юм байна.

"Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын бүтээсэн кирил үсгийн дүрмийг баталгаажуулж, 38,000 үгтэй журамласан толийг бүтээлээ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам "Өнөөдөр манай Монголчуудад хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл эв нэгдэл гэж хэлж болно. Энэ эв нэгдэл бичиг соёлоос эхлэх ёстой. Монгол хэлний хуульд заасны дагуу хэл бичгийн 28 эрдэмтэн түүчээлж сүүлийн хоёр жилийн хугацаанд хоорондоо зөвшилцөж, санал бодлоо цэгцэлсний үр дүнд журамласан толийг бүтээж нээлтээ хийж байна. 

1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын бүтээсэн кирил үсгийн дүрмийг дахин баталгаажуулж, 38,000 үгтэй журамласан толийг бүтээсэн эрдэмтэн мэргэд хэл бичгийн ухааны түүхэнд чухал үйл хэрэг бүтээлээ.

38,000 толгой үгээ нэр, үйл үгийн хувилалаар олшруулаад үзвэл 200 сая үг болно.

38,000 толгой үгийг хэрэглэгдэх давтамжийн тоогоор сонгож авсан бөгөөд хамгийн их хэрэглээтэй үгс гэдгийг бодолцож үзээрэй. Монгол хэлний бүх үгийг журамлах боломж бага. 38,000 толгой үгээ нэр, үйл үгийн хувилалаар олшруулаад үзвэл 200 сая үг болно. 200 сая үгтэй толь гаргах бололцоо байхгүй. 

Өнөөдрөөс эхлээд хүн бүр өөрийн санал бодол, мэдлэг мэдрэмжээрээ бичих биш эрхзүйгээр баталгаажсан журамласан толийн дагуу бичиж туурвих цаг үе эхэлж байна. Энэ толь бичиг маань бүх нийтийн эх хэлний боловсролын анхны алхмыг чиглүүлж өгнө гэж ойлгож болно. Мэдээж хэрэг эрдмийн маргаан энэ толь үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл үргэлжилнэ. Толь үүргээ гүйцэтгээд дахин шинэчлэгдэж болно гэдгийг хэлмээр байна" хэмээн ярилаа.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” дохионы хэлээр харилцдаг хүмүүст зориулсан дохионы хэлний цагаан толгойг суулгаж өгснөөрөө онцлог болжээ.

"Олон нийтийн дунд яригдаж хэвшсэн 700 үгийн тогтоол хүчингүйд тооцогдож байна"
 
Гэрэл зургийг mpa.mn
Толь бичиг үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, монгол кирилл үсгийн дүрэм, гадаад үг, үг хувилах жишээ, нийслэл, аймаг, сум, дүүргийн нэр, Монгол Улстай дипломат харилцаатай улс орон, нийслэлийн нэр, багцалсан дүрэм, багцалсан үг, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

"Толгой үгийн ард хэл зүйн ангиллыг хадаж өгсөн бөгөөд ЕБС-ийн сургалтад мөрдөж байгаа жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг, орны нэр, цагийн нэр, холбох үг, баймж үг, бүтээвэр, дүрс дуурайх үг, авиа дуурайх үг, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг гэж ангилж үг нэг бүрийн ард хадаж оруулсан.

Толийг бүтээх явцад зөв бичгийн дүрмийн анхан шатны хэрэглэгчид болох Монгол хэл, уранзохиолын багш нараас бас санал авсан. Маргаантай бичигддаг үгсийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой зааж, хүснэгтэлж өгснөөрөө онцлог гэдгийг хэлмээр байна. 

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олон нийтийн дунд яригдаж хэвшсэн 700 үгийн тогтоол хүчингүйд тооцогдож байна" хэмээн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл хэллээ.

Уг толийг бүтээхэд Л.Болд Академич, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Ц.Өнөрбаян Монгол Улсын Ардын багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), М.Базаррагчаа Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Ж.Санжаа Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Г.Гантогтох Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Ж.Баянсан Хэлбичгийн шинжпэх ухааны доктор (Sc.D), О.Самбуудорж Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Л.Жумдаан Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Э.Пүрэвжав Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Д.Заяабаатар Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Б.Түвшинтөгс Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Г.Бямбацэрэн Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), Б.Элбэгзаяа Хэлбичгийн ухааны магистр нарын зэрэг 20 гаруй эрдэмтэд оролцжээ.