Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зун БЭЭЖИН-УЛААНБААТАР чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялуулна

ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN

“УБТЗ” ХНН Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг өчигдрөөс аялуулж эхэллээ. 1986 оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг аялуулж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын төмөр замууд нь олон улсын протоколын дагуу жилийн хугацаатай ээлжлэн хоёр улсынхаа нийслэл рүү шууд аялуулдаг юм.

Энэ жилийн хувьд УБТЗ-ын галт тэрэг бүтэн жилийн хугацаанд хоёр улсын нийслэл рүү аялна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монгол, Монголоор дамжин ОХУ, Европыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь энэ чиглэлийн шууд галт тэрэгний ачааллыг бүрэн дүүрэн ашиглаж байна.

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьж буй галт тэрэг нь 85 хувийн зорчигч дүүргэлттэй, 10 жилд нэг удаа ордог ээлжит засвартаа ороод анхны аялалаа хийж буйгаараа онцлог юм. Анхны аялал гэхэд зорчигч, үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх боломжтойг харуулж байна. Ингэснээр зорчигчдын ая тухыг хангасан тохилог, найдвартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болжээ.

 

Тус галт тэрэг нь био бие засах өрөө, агааржуулагч, телевиз гээд үйлчлүүлэгчдийн зорчих бүхий л нөхцөл бололцоог хангаснаас гадна бүрэлдэхүүндээ гурван люкс, есөн энгийн тасалгаат, ресторан, тээшийн вагон зэргийг багтаасан байв. Энэхүү галт тэргээр нийтдээ 372 зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын талаас нэмэгдэл галт тэрэг аялуулж байгаа гэнэ.

Энэ нь, БНХАУ-ын Бээжин хот руу долоо хоногт гурван удаа галт тэрэг аялах бололцоог олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх өдөр Улаанбаатар хотоос гарсан галт тэрэг маргааш өдөр нь Бээжин хотод очих бол бүтэн сайнд эргээд Улаанбаатарт ирэх юм. Энэ чиглэлийн зорчигчид нь монголын говь, хангай хосолсон нутгаар дайран өнгөрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харах боломжтойгоос гадна Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн бүс нутгийн томоохон суурин газар, тулгуур өртөөдөөр зогсоод хөдлөх ажээ.

 

Дашрамд дурьдахад, УБТЗ-ын Тасалбарын төвийн хамт олон хоёр сарын өмнөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний мэдээллийг олон төрлийн суваг ашиглан зорчигчдод түгээсэн байна. Тэд зорчигчдийн тасалбар түгээлтийг хялбарчлах, үйлчлүүлэгчдэд амар байхаар тооцоолж, https://eticket.ubtz.mn/home цахим хуудсаар дамжуулан онлайнаар тасалбар худалдаалж эхэлжээ. Мөн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгтэй өдрүүдэд ээлжийн кассир ажиллуулж, өглөө эрт галт тэрэг хөдлөхийн өмнө тасалбар бичиж байгаа гэнэ.  

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН