Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний удирдлага шинэ загварт шилжлээ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
МИАТ

Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоож, нислэгийн хөдөлгөөний шинэ загварт шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дууссан байна. 

Тодруулбал, Монгол Улсын дээд агаарын зайн агаарын зам, секторуудын хариуцлагын бүс, давтамжыг шинэчлэх, нислэгийн хөдөлгөөн удирдлагад ашиглагдах стрипийн аргачлалын өөрчлөлтүүдийг Монгол Улсын Зам Тээврийн Сайдын  болон ИНЕГ-ын даргын тушаалын дагуу өнөөдөр орон нутгийн цагаар 08.00 цагт нэвтрүүлсэн байна. 

Ингэснээр Монгол улсын дээд агаарын зайн 75 хувь, нийт нислэгийн 94 хувь, өнгөрөлтийн нислэгийн ачаалал бүхий  агаарын замуудыг  бодит ажиглалтын систем ашиглан харж удирдах боломж бүрдэж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, хамрах зай нэмэгдэж байгаагийн сацуу өмнөх ажиглалтын системийн найдвартай ажиллагаа тодорхой хувиар өсөж байгаа нь нислэгийн аюулгүй байдлын түвшин төдий хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байгаа ажээ.

Мөн нислэгийн удирдагчид бодит ажиглалтын дэлгэц дээр ажиллах хугацааг ихэсгэх, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавигдах хяналтыг улам бүр сайжруулахад том дэвшил гарч байгаа юм байна. 

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын систем нэвтрүүлж бүрхэлт сайжруулснаар хөрш зэргэлдээ улсуудын нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдтэй харилцан ажиллагаа, удирдлага шилжүүлэх, цаашлаад автомат системүүдийн тусламжтайгаар хоршин ажиллах боломжтой болжээ.

Бодит ажиглалтын радиолокаторыг нэмж суурилуулсанаар нислэгийн хөдөлгөөний ачаалал харилцан жигд хувиарлагдаж түүнээс улбаалан нислэгийн удирдагчийн ажлын ачаалал, агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадамж тэр хэмжээгээр дээшлэх таатай нөхцөл бүрдэж байна.