Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Дэлхийн хамгийн баян клубыг ивээн тэтгэж гайхшруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Руанда улс дэлхий нийтийг гайхшруулсаар байна. Саяхан тус улсын Хөгжлийн Зөвлөл Лондон хотын Премьер Лигийн клуб болох Арсеналтай томоохон ивээн тэтгэлгийн гэрээ байгуулжээ.

Гэрээ ёсоор Арсеналын хөлбөмбөгчид ханцуй дээрээ “Visit Rwanda” гэсэн бичигтэй сурталчилгааг гурван жилийн хугацаанд байрлуулсныхаа төлөө $39 саяыг авахаар болсон байна.

Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме нь Арсеналын фэн гэдгээрээ алдартай. Саяхан тэр амжилт муутай байгаа уг клубт шинэ дасгалжуулагч хэрэгтэй байгааг твиттер хуудсандаа бичиж байжээ.

Руанда бол манай дэлхийн 19 дэх ядуу орон бөгөөд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $700 орчим болдог. Харин Арсенал бол манай дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубуудын нэг юм.

Ийм клубыг ийм улс бараг $40 сая орчмоор ивээн тэтгэсэн нь асуудал дагуулж байна.

Дээрх мэдээллийг гарсны дараа Руандагийн хамгийн том хандивлагч Нидерланд улсын хууль тогтоогчид бухимдлаа илэрхийлцгээжээ. Тус улсын тусламжийн мөнгө дэлхийн хамгийн баян клубуудын нэгний дансанд орсонд тэд харамсаж байгаа юм.

Мөн Руандагийн хоёр дахь том хандивлагч болох Их Британий улс төрчид бухимдлаа илэрхийлсэн байна.

Руандагийн засгийн газар тус улсын 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 12.7 хувийг буюу $400 саяын орлогыг бүрдүүлсэн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилт тавьжээ.

Гэхдээ үүний цаана ерөнхийлөгч Кагамегийн нэр хүндээ өсгөх гэсэн хувийн сонирхол нуугдаж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Руанда улс өөрийн үндэсний агаарын тээвэрлэгч RwandAir компанид их хэмжээний хөрөнгө хаясан ч үр дүн муутай байгаа. Тус компани байгуулагдсанаасаа хойш 14 жил болж байгаа ч ашигтай ажиллаж чадаагүй, жил бүр төсвөөс $50 саяын татаас авдаг байна. Мөн нийслэл Кигалид үзэсгэлэнгийн том ордон, тансаг зочид буудлууд байгуулж, шинэ нисэх буудал босгоход хөрөнгө оруулалт хийж байгаа.

Үүнээс гадна Руанда бол үндсэндээ нэг хүний засаглалтай улс. Өнгөрсөн онд Кагаме 98 хувийн саналаар дахин сонгогдсон. 2015 онд тэр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, 2034 он хүртэл төрийн эрх барих замаа зассан юм.

Руандад нэг намаас өөр сөрөг хүчин жинхэнэ утгаараа байхгүй, хэвлэлийн эрх чөлөөгүй, иргэний нийгмийн байгууллагуудыг зөвшөөрдөггүй. Хүний эрхийг зөрчиж, энгийн иргэдийн амийг шүүхээс гадуур олноор хөнөөсөн түүхтэй.

Ийм улсаар ивээн тэтгүүлэх нь Арсеналын нэр хүндэд ч муугаар нөлөөлж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz