Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Хатан хаан Хоёрдугаар Элизабетэд энэ сарын 13-ны өдөр Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд Н.Тулгын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Н.Тулга нь дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан 12 дахь Элчин сайд болж буй ажээ.
Элчин сайд Н.Тулга Хатан хаан хоёрдугаар Элизабеттэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, мөн ЭСЯ-ны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулжээ.
Тэрбээр Хатан хаанд жуух бичгээ гардуулан өгөхдөө Монгол үндэсний хувцас өмссөн нь анхаарал татлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!