Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ихэвчлэн хувьцаа болон даатгалтай холбоотой маргаан шийдвэрлэгдэж байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг "Чингэлтэй дүүргийн шүүх байгуулагдаад 25 жил болж байна. Энэ ойтой холбогдуулж манай шүүхээс “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг зохион байгуулахын ач холбогдол нь хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал дүгнэлт хэлэх, хуулиудыг хуулийн хэрэглээний талаас нь тайлбарлах, шүүхийн практикт ямар байгаа талаар санал солилцоход оршиж байгаа. Манай шүүх УИХ-аас тогтоосон 12 шүүгчийн орон тоотой.

ЧДИХАШШ 2017 оны байдлаар 4,000 орчим хэрэг шийдвэрлэсэн. Түүнчлэн тэрбум орчим төгрөг улсын орлогод оруулдаг.

Эрх зүй, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн шүүгч одоогоор байхгүй. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр төрийн байгууллага, компани, хувийн хэвшлүүд олонтой. Өөрөөр хэлбэл ажил олгогч дийлэнх нь байдаг.

Энэ агуулгаараа манай шүүх дээр нийт шийдвэрлэгдэж байгаа хэргийн 14 хувь нь хөдөлмөрийн маргааны хэрэг байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудлыг өнөөдөр мөн хэлэлцэж байгаа" гэлээ.

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хуралд 120 гаруй хуульч оролцлоо.

 Санхүүгийн түрээсийн гэрээний асуудлыг хэлэлцэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ЧДИХАШШ-ийн шүүгч И.Амартөгс "Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ихэвчлэн шийдвэрлэдэг маргаан нь эдийн засагтай холбоотой асуудлууд байдаг. Үүн дотор хувьцаа болон даатгал хамаарна. Мөн хөдөлмөрийн маргааныг их шийддэг.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаар эдийн засаг эрх зүйн үүрэг, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, шүүхийн практик, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал, зохиогчийн эрхийн хязгаарлалт, санхүүгийн түрээсийн гэрээ, дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр шүүгч нар, эрдэмтэд илтгэл тавьж харилцан ярилцаж байна" гэв.