Ерөнхий сайдын хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг 30 минутын уулзалт дөнгөж сая дууслаа.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаасаа Дундговь аймгийн зам дууссаныг онцоллоо. Энэ онд тус аймгийг нийслэлтэй холбоход дутуу байсан 104 км хатуу хучилттай замыг тавьж дуусгасан юм.
МАН засгийн газарт орох асуудал яригдаагүй.
Мөн тэрбээр иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа хүүхдийн мөнгө олгохоо зогсоох, найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоо болих, уранд мал хордсон, 17 төрлийн татвар нэмж авах, Монгол улсад цөмийн хаягдал булшлах зэрэг асуудлыг албан ёсоор үгүйсгэлээ.
Энэ долоо хоногт улстөрийн орчинд хамгийн их анхаарал татсан асуудал бол АН-ын бүлгийн гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухайд Ерөнхий сайд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм.
АН-ын байр суурь ямар байгаа бол гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Р.Амаржаргал гишүүний асуудлыг өөрөөс нь асуусан дээр" гэсэн л хариултыг өглөө.
Түүнчлэн МАН-ын дарга шинээр томилогдсоноос хойш МАН-ыг Засгийн газарт орох тухай мэдээлэл газар аваад буй. Харин энэ талаар Ерөнхий сайд "МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж даргаар сонгогдсонд нь баяр хүргэж Монгол улсын өрийн тухай зөв ойлголт өгсөн. Түүнээс засгийн газарт орох асуудал яригдаагүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!