Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантуяа: Хэвлийн диализийн эмчилгээ Монголд таарах юм шиг санагддаг

ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Анх Германд ирээд удаагүй байхдаа танилцаж байсан ажилсаг, даруухан охин өнөөдөр доктор цолоо хамгаалан ХБНГУ-ын Charité – Universitätsmedizin Berlin эмнэлэгт бөөрны нарийн мэрэгжлийн эмчээр ажиллаж байгаа нь бахархууштай. Германы ерөнхийлөгчтэй авхуулсан зургийг нь хараад учрыг нь асуутал "Германы ерөнхийлөгч эхнэртээ бөөрөө хандивлаж эхнэр нь манайхаар эмчлүүлдэг юмаа." гэхэд нь бахархаж байлаа. Ингээд та бүхэндээ Болдын Гантуяатай хийсэн ярилцлагаа хүргэж байна. 
Энэхүү эмнэлэгт дэлхийн шилдэг түвшний эмч, эрдэм шинжилгээний ажилтан нар эмчилгээ, сургалт болон судалгаа хийдэг ба Нобелийн шагналтнуудын тал хувь нь эндээс гаралтай гэдэг. Бид ажил мэргэжлийнх нь тухай, бөөрний дутагдлын эмчилгээний жишгүүд болон ар гэр ажлыг зохицуулах амаргүй сэдвээр ярилцлаа.

- Анх ХБНГУ-д ирж байсан үеэ болон яагаад энэ мэрэжилтэйгээ холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье.

- Би 1989 онд зөвлөлтийн 8-р сургуулийг төгсөөд Монголд нэг жил герман хэлний бэлтгэлд сууж хэл сураад, 1990 оны 9 сард 40 гаран монгол оюутнуудын хамт Герман Улсад ирж байлаа. Ирээд хэлний бэлтгэл бас нэг жил хийгээд 1991 оны 10 сараас Берлины Хумболдын их сургуулийн анагаах ухааны ангид сурч эхлээд 1998 онд төгссөн.

Immune monitoring after renal transplantation /бөөр шилжүүлэн суулгасны дараах дархлаа болон имуун системын хяналт болон ажиглалт/ сэдвээр докторын ажлаа 2000 онд хамгаалсан. Ер нь эрхтэн шилжүүлэх, дархлаа хоёр байнга цугтаа явдаг чухал чухал бөгөөд сонирхолтой сэдвүүд учраас би энэ сэдвийг сонгосон. Тэгээд л 2000 оноос эмнэлэгтээ бөөрний тасагт Дотрын эмчээр ажиллаж эхэлсэн. 

Анагаах бол их хүнд мэргэжил. Сурах хугацаа нь тууштай бол 6 жил сурдаг. Миний хувьд дадлага, шалгалтын цаг таарахгүй гэсэн шалтгаануудаас болж 7 жил сурч төгссөн. 7 жил сураад төгсөнө гэдэг бол боломжийн хугацаа. 

2013 онд дотрын эмчийн шалгалтаа өгөөд, 2018 онд бөөрний мэргэжлийн нарийвчилсан шалгалтыг өгч мэргэшсэн эмчээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хоёр хүүхдээ төрүүлэх мөн эмнэлэгтээ бүх шат дамжлаг түүн дотроо бөөрний тасаг, диализын тасгуудаар ажиллаж байж нарийн мэргэжлийн эмчээр ажиллах эрхээ авдаг учраас хугацаа уртсахад нөлөөлсөн. Гэхдээ сайн зөвлөгч ментор маань их түшиг болсон.

- “Зөвлөгч буюу ментортой” байхын ач холбогдлыг ярьж өгөөч?

Ментортой байх нь мэргэжлээрээ өсч хөгжихөд хаана ч их чухал. Докторын ажил хийж байхдаа Профессор Hans Dieter Vоlk, Профессор Reinke хоёртойгоо танилцсан юм. Энэ гайхалтай хүмүүс миний докторын ажлыг маш их дэмжиж тусалсан. Өдий хүртэл би энэ хүний удирдлага дор ажиллаж яваа миний хүндэлж явдаг ментор минь.

Charité нь Eвроптоо ТОП 10 эмнэлгүүдийн нэгд ордог, тийм ч учраас энд ажилд ороход босго өндөртэй. Дээрээс нь 2000 оны үед гадаадууд Германд ажиллах нь өнөөдрийнх шиг элбэг биш байсан үе. Ялангуяа тэр үед Германд гадаад эмч ажиллах бараг боломжгүй байсан учраас би төгсөөд нутаг буцах талаар бодож байсан.

Харин Charité-д ажиллах саналыг Ph.D. Reinke маань тавьсан юм. Одоо бол хууль илүү чөлөөтэй болоод гадаад эмч нар Германд ажиллах боломжтой болсон. Түүнээс гадна мэргэжлээрээ хөгжин дэвших нэг үндэс нь Германы эмч нарын холбооноос эмч нар жилд тодорхой оноо цуглуулсан байх ёстой гээд гаргачихдаг. Семинар, сургалт болгон тодорхой оноотой байдаг. Оноогоо цуглуулахын тулд мэргэжил дээшлүүлэх сургалт, семинаруудад суудаг. Энэ оноо цуглуулах арга нь нэг ёсондоо эмч нарын өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг болдог. 

- Эмч гэдэг ачаалал ихтэй ажилладаг мэрэгжил дээрээс нь ажиглаад байхад Германд ялангуяа залуу эмч нар шөнийн ээлжинд ажиллах гэх мэт бүр илүү их ачаалалттай харагддаг. Хоёр хүүхэдтэй эх хүний хувьд та ажил амьдралаа яаж зохицуулж ирэв баримталдаг арга барилаа хуваалцаач? 

- Нөхөр бид хоёр хамт сурдаг байсан мэргэжил нэгтэй. Танилцаад 27 жил болж байна. Хавдрын чиглэлээр мэргэшсэн эмчээр ажилладаг. Мэргэжил нэгтэй хүнтэй гэр бүл байх давуу тал нь гэвэл мэргэжлийн талаар их ярилцдаг, ойлгодог мөн биднийг төгсч байх үед ажил олоход маш хэцүү олвол тэндээ үлдэх гэж өдөр шөнөгүй ажилладаг байсан. Хүүхдээ бараг л харахгүй өглөө наймд гараад орой бараг есөн цагт харьдаг байлаа. Ямар сайндаа л манай хүү анх хэлд орохдоо “аав жижүүр, ээж жижүүр” гэж хэлд орсон. Aав, ээж жижүүртэй гэж хэлж байгаа юм.\ инээв\

Намайг сэхээний тасагт байхад миний аав, ээж хоёр 9 сарын турш гурав гурван сараар ээлжлэн ирж хүүхдийг маань харж өгдөг байсан. Нэг нь Улаанбаатарт ирэхээр 7 хоног хамт байж байгаад л нөгөөх нь Герман руу нисдэг. Ээж маань тэр үедээ “дахиж ингэж ирэхгүй шүү” гэж байсан. \инээв\ Аав, ээж маань хоёр хүүхдийг маань өсгөж өгсөн. 

Тэр үед эмч дутагдалтай байна гээд би хүүхдүүдээ 6 болон 8 сартай байхад нь ажилдаа ордог байсан. Одоо бол арай өөр болсон. Зарим үед хүүхдээ ажил дээрээ аваад очих ч үе байдаг байсан. Дараа нь хүүхдүүд маань цэцэрлэгт ороод монголоос хүүхэд харах хүн ирсэн. Ер нь бол Монголоос ар гэрээсээ маш их дэмжилэг авч эхний үеэ давсан даа. 

Болж өгвөл ажил амьдрал хоёроо хамт авч явах ёстой гэж боддог. Гэр бүлийн дэмжлэг их чухал. Берлинд бол хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ сайтай, баруун Германд бол энэ асуудал хэцүү байсан. Тийм байсан болохоор хүүхдүүдээ нэг наснаас нь цэцэрлэгт өгсөн. Заримдаа тэд өвчтэй ч байсан цэцэрлэгт нь явуулдаг, хамгийн эхэнд өгөөд хамгийн сүүлд авдаг байсан. Эргээд харахад тэглээ гээд муудсан юм байхгүй байна. Бид амралтын өдрүүдээр дугуй унах юм уу, кино үзэх эсвэл аялал хийх гэх мэт хамтдаа өнгөрөөхийг хичээдэг. Хүүхэддээ цаг гаргах нь тооны олонд гол нь биш харин тэдэнтэй өнгөрөөж байгаа цагийг чанартай ашиглаж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх нь чухал гэж бодож байна. 

- Танай эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах тасгийн тухай энэ дундаа өөрөө юу хариуцан ажиллаж байгаа талаар бидэнд сонирхуулаач?

- Би одоо бөөр шилжүүлэн суулгасны дараах амбулаторит ажиллаж байна. Бөөр шилжүүлэн суулгах өвчтөнийг бэлдэж хагалгаанд оруулаад, хагалгааны дараах эмчилгээг хариуцан хийдэг. Манай эмнэлэг Германы хамгийн том эрхтэн шилжүүлэн суулгадаг төвүүдийн нэг нь. Charité эмнэлгийн гурван кампус дээр гурвуулан дээр нь бөөр шилжүүлэн суулгадаг төвтэй гэхдээ нийлээд Берлин Charité гэж явдаг.

Манайд жилд ойролцоогоор 100-гаад бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг. Германд сүүлийн үед амьгүй донор багассаны улмаас үүдээд амьд донор ихсэж байна. Манай тасаг нь бөөр шилжүүлэн суулгах өвчтөнийг бэлдэж хагалгаанд оруулаад, хагалгааны дараах эмчилгээг хариуцан хийдэг. Энэ хэсэг дээр сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ талын туршилга нэлээн хуримтлуулж байна гэж бодож байгаа. 

- Германд анх ирсэн хүн болгон шинэ нийгмийг яаж хүлээж авахаас гадна өөр өөрийн гэсэн хөгжилтэй түүхтэй байдаг. Хэдийгээр анагаах ухаан сурах хүнд боловч хөглөж бас явсан л байх даа. Түүнээсээ хуваалцаач?

- Бид 1990 онд хоёр Герман нэгдэсний дараа ирсэн. Тэр үед Герман орны нийгэм, эдийн засаг ч өөрчлөлттэй мөн бидний хувьд ч анх гэрээсээ холдож зүүн Германы нэг жижиг хотод хэл сурч байсан, гэрээ санаад уйлсан бүүдгэр өдрүүд олон байлаа. Жижиг хотод оюутны хотхоноосоо ч гардаггүй байсан бол Берлинд ирээд том хот, гадаад гэсэн уур амьсгалыг мэдрээд маш гоё байсан. Анагаахын сургуульд эхний үед зарим юмаа ойлгохгүй хэцүү байдаг байлаа.

Лекцэнд хамгийн урд талын суудлууд дээр дан гадаадын оюутнууд сууж багш нарыгаа амны хөдөлгөөнөөр ойлгодог байлаа. Хол суухаар багш нарын амны хөдөлгөөн харагддаггүй байсан. \Инээв\ Тэр үеийн хамгийн гоё юм нь оюутнуудыг семинар группээр хуваадаг байсан. Нэг семинар групп нь хориод оюутантай. Манай жилийн Энхээ бид хоёр нэг ангид байдаг байсан. Бид хоёр эхний үедээ юу хаана болохыг ч мэдэхгүй өнгөрөөсөн байдаг. Герман оюутнууд бидэнд их тусална. Тэр үед оюутны байранд нэг өрөөндөө 2-3 оюутан амьдардаг байхад би нэг Берит гэж герман оюутантай амьдардаг байсан юм. Тэр үеээс эхэлсэн бидний нөхөрлөл одоо ч үргэлжилж бид бүр гэр бүлийн найзууд болсон. 

Оюутан байхад хөгжилтэй юм их л болдог. Нэг дурсамж ярихад анх анатомын бэлтгэл ангид задлан хийгээд оюутан болгон биений нэг хэсгийг авч задлан хийнэ гэхэд нь хүзүү нь их жижиг юм байна илүү амар байх гэж бодоод “Би хүзүүг нь авна” гээд л бусдын урдуур зүтгэж байгаад авсан чинь хүзүүнд хамгийн их судас булчин байдаг хамгийн хэцүүг нь авчихсан байсан. /инээв/ Мөн задлангийн үеэр оюутнууд ухаан алдаж унах гээд зөндөө л юмнууд болдог байлаа.

- Монголчуудтай хэр холбоотой вэ, ажлын шугамаар холбогдох явдал гарах уу?

- Монголоос болон энд байгаа монголчууд холбогддог, ирж үзүүлдэг тэр болгонд чадах чинээгээрээ туслахыг хичээдэг. Харин монгол эмч нартай холбоотой байдаггүй тэр нь жаахан харамсалтай санагддаг. Холбоотой байх юмсан гэж их боддог боловч цаг зав ч багатай мөн монголдоо тэр болгон очоод байж чадахгүй л байна. Монголд бөөрний дутагдлыг эмчлэх эмчилгээний хөгжлийн түвшин өнөөдөр ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө диализ нь Монголд нэлээн дутагдалтай байдаг. Энэ нь том асуудлуудын нэг нь.

Диализын эмчилгээ нь дотроо гемодиализ болон хэвлийн диализийн эмчилгээ гэсэн хоёр төрөлтэй байна. Хэвлийн диализийн эмчилгээ нь сэмжийг ашиглан диализ хийж болдог. Аппарат ашигладаггүй энэ арга нь миний бодлоор Монголд их таарах юм шиг санагддаг. Энэ аргыг Монголд хөгжүүлбэл эдийн засгийн хувьд маш хямд хэрнээ үр дүн нь гемодиализтэй ижил сайн юм. Тэгэхээр манайх шиг хөгжиж буй оронд тохирсон эмчилгээний арга гэж хараад байна. 

Бусад орныг бодвол Германд бага хэрэглэдэг. Австрали улс энэ аргыг хамгийн их хэрэглэдэг. Энэ аргыг гэнэтийн бөөрний дутагдлын үед хүртэл ашиглаж болно. Катетер хийх мэс засалчид хэрэгтэй. Катетер нь шант хийснээс хамаагүй хөнгөн байдаг. Миний мөрөөдөл бол энэ аргыг Монголд хөгжүүлэх юм. Германд монгол эмч нарыг бэлдэх учир нь ямар ч мэс заслын эмч хийх боломжтой. 

- Баярлалаа. Ажил, амьдралд нь амжилт хүсье.

 

Ярилцсан Ц.Гэрлээ