Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Лийна Рикила Таман: Олон улсад улс төрийн намуудын санхүүжилтийг сонгуулийн хороо нь хариуцдаг

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

"Улс төрийн санхүүжилт, ёс зүй оролцоо, хариуцлага" төслийн нээлт өнөөдөр Нээлттэй нийгэм форумд боллоо.

УИХ-аас Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгүүд байгуулан эрх зүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ.

Энэ үйл явцад судалгаа мэдээллээр дэмжлэг үзүүлэх, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Нээлттэй нийгэм форум, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран "Улс төрийн санхүүжилт, ёс зүй оролцоо, хариуцлага" төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лийна Рикила Таман "Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил тод байх нь эргээд олон нийтийг мэдээлэл өгөхөөс гадна, мэтгэлцээн үүсгэх ач тустай.

Олон улсад улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг сонгуулийн хороо нь хариуцдаг. Сонгуулийн хороо нь тухайн санхүүжилтийг ил тод мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг. Улс төрийн намын санхүүжилтийг ил болгох нь хэцүү асуудал.

Улстөрчид өөрсдөө намын санхүүжилтээ ил болгохыг хүсэх хэрэгтэй. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох арга нь хууль гаргах, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт энэ талаар байнга ярих нь чухал" гэв.

Төслийн хүрээнд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн мэргэжилтнүүд дотоодын бие даасан судлаачидтай хамтран эрх зүйн орчин болон түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар судалгаа шинжилгээ хийх ба улс төрийн намууд, төрийн хяналт шалгалтын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон бусад талуудыг оролцуулсан цуврал сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байгуулах ажээ. Төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.

 Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй

 

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг "Бусад улс орнуудын туршлагаас харахад улс төрийн намууд төсвөөс санхүүжих зохистой харилцааг эрхэмлэж байна. Гэхдээ энэ нь бүх намуудад төсвийн мөнгийг олгоод байна гэсэн үг биш. Тодорхой шалгуур тавих ёстой. Тэгэхээр манай улсын намуудад ямар шалгуур тавих ёстой вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийн хэлбэрүүдийн зохистой харьцааг хуульд хэрхэн тусгах вэ гэдэг дээр судалгаа шинжилгээ хэрэгтэй. Санхүүжилтийн эх үүсвэр зөвхөн нэг л асуудал. Дараа нь үүнийг яаж тайлагнах, хэрвээ зөрчил гарсан тохиолдолд хэн ямар хариуцлага ямар хэмжээнд хүлээлгэх зэргийг цогцоор нь шийдэх нь чухал байна. Бидний эхлүүлж байгаа төсөл эдгээр тулгамдсан асуудлуудад олон улсын сайн туршлагад үндэслэн хариулт олох зорилготой.

Сүүлийн үед гарсан судалгаануудаас харахад улс төрийн намууд авлигын эрсдэл өндөр, иргэдийн итгэлийг хүлээхгүй байгаа нь харагддаг. Нөгөө талаас төлөөллийн ардчиллыг улс төрийн намгүйгээр цааш хөгжүүлэх боломжгүй. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг зөв зүйтэй зохицуулахаас өөр аргагүй. Энэ асуудал олон талаас нь хэлэлцэж байж шийдвэрлэгдэнэ.

Одоогийн хуулиар бол Аудит, Сонгуулийн Ерөнхий Хороо, Татварын Ерөнхий Газар зэрэг байгууллагууд улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавьдаг. Гэвч яг ямар түвшинд хяналт тавих нь хуульд нарийн тусаагүй. Тиймээс нэр төдий хяналт үүссэн байна.

Авлигыг нар тусгаж, нян бохирыг арилгаж байж бууруулна гэж ярьдаг. Гэтэл манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болсон. Яаж ч хөөцөлдөөд энэ мэдээлэл ил болохгүй байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг хэн, ямар хэлбэрээр ил болгох ёстойг хуульд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Улс төрийн намуудын санхүүжилт ил болохгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь бас сул. Манай улсын Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй. Яагаад ч өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй болсон хууль" гэлээ.