Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр таны мэдэх ёстой НАЙМАН БАРИМТ

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан байдаг. Уг өдрийг угтаж "Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллагаас Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний тухай ээлжит тайлангаа гаргажээ.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг дан ганц хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөөний асуудал биш энэ бол мэдээ, мэдээлэл хүлээн авагч бүх хүний үнэнийг мэдэх эрхийн өдөр билээ.

Харин бид бүхний үнэнийг мэдэх эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. 

"Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2017"-оос онцлох тоонуудыг хүргэж байна.

  • Өнөөдөр Монголд 500 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 300 орчим нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл.
  • Глоб Интернэшнл төв 2005 оны 10 дугаар сараас хойш Хэвлэлийн эрх чөлөөний тайлан гаргаж эхэлжээ. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд буюу 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгджээ.
  • Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрлөөр нь ангилбал радио 4, вэб сайт 58, телевиз 27, сонин 51 байна.
  • 2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн 60.6 хувийг шүүх хүчний байгууллагын дарамт /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ эзэлж байна. 
  • 2017 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тоо өмнөх оноос гурав дахин өсч, 182 бүртгэгджээ. 2009 оноос хойш зөрчлийн тоо тасралтгүй өсч байсан ч ийм огцом өсөлт ажиглагдаж байгаагүй юм. Зөрчлийн бүртгэл өнгөрсөн жилүүдээс харьцангуй өндөр гарсан нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн "Гүтгэх" хэмээх 6.21 дүгээр зүйлтэй шууд холбоотой. 
  • Хэвлэл мэдээллийн салбарын анхны өөрийн зохицуулалтын байгууллага болох "Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл" 2017 онд 16 иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн 49 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох гомдлыг хэлэлцжээ. 
  • Нэр бүхий 9 сэтгүүлч болон тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнаж, чагнасан гэх мэдээлэл 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд нийтэд ил болов. Үүнтэй холбогдуулан ТЕГ-аас зохих албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт албан ёсоор хүргүүлж, Прокуророос "Энэ хэргийг хянаж байна" гэх хариу өгөөд байгаа юм. 
  • 2017 онд улсын хэмжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдох иргэний  49 хэргийг шийдвэрлэснээс 12 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байв. Дээрх 12 хэргийг шийдвэрийн төрлөөр авч үзвэл, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, залруулга гаргахыг даалгасан 7, талуудын эвлэрлийг баталсан 4, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 1 шийдвэр байна.