Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Овоот-Арц суурийн төмөр замын ажлыг хэзээ эхлүүлэх вэ?

ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компанийн Эрдэнэт-Овоотын төмөр замын хоёр дахь шатны ТЭЗҮ боловсруулагдан дуусаж байгаатай давхцан 410 км урттай ОХУ-ын төмөр замын томоохон Кызыл-Курагино төслийг хэрэгжүүлэхээр болсноо Тувагийн эрчим хүчний корпораци, “Лидер” групп хамтран зарлалаа. 

192.4 тэрбум рублийн өртөгтэй энэхүү аварга төслийг хэрэгжүүлснээр жилд 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлох Элегестейн бүлэг орд хөдөлгөөнд орох юм. Одоогоор Элегест (895 сая тонн), Межегей (765 сая тонн), Центральный (639 сая тонн), Каа-Хемский (200 сая тонн) гэсэн дөрвөн том төсөл төмөр замаа хүлээж байгаа билээ. 

ОХУ-ын Засгийн газар ийн яаравчилж байхтай зэрэгцэн оны эхэнд “Аспайр майнинг” компанийн удирдлагуудтай уулзсан уулзалтынхаа талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Аспайр майнинг компанитай уулзаж, Эрдэнэт-Овоотын 1.2 тэрбум ам.доллар өртөг бүхий 542 км төмөр зам барих төслийн ажилтай танилцлаа. Энэхүү төмөр замын барилгын ажлыг 2019 оны хавар эхлүүлсэн байхаар амыг нь аваад гаргав” хэмээн жиргэв. Тус уулзалтаар 2018 оны намар гэхэд бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж, 2019 оны хавар гэхэд бүтээн байгуулалтыг эхлэхээ хоёр тал тохирчээ. 

Эрдэнэт-Овоотын төмөр замын ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Тус замын ач холбогдлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Овоот-Эрдэнэтийн төмөр зам ашиглалтад орж, цаашлаад Овоотоос Арцсуурь хүртэлх төмөр замыг ашиглалтад оруулан Оросын төмөр замын сүлжээтэй холбогдох төсөл нэлээд хүчтэй яригдаж байна. Энэ хэсгийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ болон экспортын тээврийн хэмжээ огцом өснө. 

Урьдчилсан тооцооллоор жилд 20 орчим сая тонн ачаа энэ сүлжээгээр дамжин гарах болов уу гэсэн төлөв бий. Өнгөрсөн онд УБТЗ ХНН 22.7 сая тонн ачаа тээвэрлэсэн гээд бодохоор манай төмөр замын жилийн ажилтай тэнцэхүйц хэмжээний ачаа тээвэрлэгдэх боломж бүрдэнэ гэсэн үг хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурдлаа. Өөрөөр хэлбэл, жилд 24 сая тонн ачаа тээвэрлэж байгаа Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн хэмжээ Төмөр замын хойд коридор байгуулагдсанаар жилд 40 сая тонн болж, хоёр дахин нэмэгдэнэ. 

Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тьянжин гэсэн чиглэлээр тавигдах Төмөр замын хойд коридорын Монголын талтай холбоотой Овоот-Арц суурийн төмөр замын тухай холбогдох байгууллагууд тодорхой хариу өгөхгүй алгуурласаар байна. “Нортерн рэйлвэйс” компани Овоот-Арц суурь-Кызылыг холбосон төмөр замын төслийн урьдчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Төмөр замын төслийн бичиг цаасны ажил удаан явагддаг, ТЭЗҮ батлагдах хүртлээ олон жилийн нүүр үзнэ. Одооноос концессийн гэрээ байгуулах компанийг шалгаруулж, ажилд нь яаралтай оруулах хэрэгтэй байна. Учир нь биднийг тойроод томоохон наймаа, гэрээ хэлцэл явагдсаар, бид хөмөрсөн тогоон дотроо талцаж, улс төржиж суусаар л байна. 

“Хятад-Оросын бизнесийн салбарын хамтын ажиллагаанд асар том нээгдээгүй боломж байна. Манай хоёр том эдийн засгийн худалдааны эргэлт одоогоор 80 тэрбум долларт хүрээд байна" гэж Хятадын ерөнхий сайд саяхан хэлсэн. Удахгүй энэ үзүүлэлт 100 тэрбумд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа ч хэлж. Үүний хариу болгож "Хоёр тал эдийн засгийн харилцаагаа тогтвортой өсгөж ирлээ. Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр чармайн ажиллах болно" гэж Оросын Ерөнхий сайд Медведев мэдэгдлээ. Бодит байдал дээр ОХУ-ын Ерөнхий сайдын энэ үг биелэхэд тун хэцүү болоод байгаа аж. Учир нь шууд хиллэж байгаа төмөр замын боомтуудынх нь ачаалал аль хэдийнэ чинээндээ тулчихжээ. Тэгэхээр энэ нүсэр худалдаа хаагуур, аль улсын нутаг дэвсгэрээр дамжиж хийгдэх вэ гэдэг сонирхолтой асуулт. Бид үүнээс хувь хүртэж болохгүй гэж үү?  

Биднийг хоорондоо цэц булаацалдаж, зорилт дэвшүүлж, төслөө цаасан дээр нухаж суутал Казахстан аль хэдийнэ төмөр замаа өргөтгөх, шинээр барьж байгуулах төслөө хэрэгжүүлчихээд Хятад-Оросын тээвэрлэлтээс нутгаараа дамжуулаад "зулгаагаад" эхэлчихлээ. "2020 он гэхэд Казакстаны нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээг 2 саяд хүргэнэ" гэж Ерөнхийлөгч Назарбаев итгэл төгс зарлалаа. Энэ нь хоногт 36 галт тэрэгний цуваа явуулна гэсэн үг юм. Казахстан зорилт тавьсан л бол хэрэгжүүлдэг гэдгийг дэлхий мэддэг болоод байна.

Монголчууд бид уг нь дэлхийн хоёр аварга гүрний дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам нь болох асар том ДАВУУ ТАЛТАЙ байршилтай. Гэтэл бид дотооддоо алгуурлаж суух хооронд том, том боломжууд бидний хажуугаар урсан өнгөрсөөр байна. 

 

Д.Төв