Монголын анхны таван одтой зочид буудал гэгдэх "Тэрэлж" зочид буудалд энэ сарын 3-ны өдөр нэгэн харамсалтай хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээллээ.
Тус хэргийн талаар манай сурвалжлагч Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн албанаас тодруулсан юм. Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр "Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Тэрэлж зочид буудалд дөрвөн настай хүүхэд усанд живж амь насаа алдсан хэрэг гарсны дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хүүхэд хөл нь халтираад бассейнд унасан гэх мэдээлэл байгаа. Түүнтэй хамт асрагч Филиппин улсын иргэн байсан" гэлээ.
"Тэрэлж" зочид буудал уг нь Налайх дүүрэгт харьяалагддаг бол энэ хэргийн гомдол Хан-Уул дүүргээс гарсан учир ийнхүү Хан-Уул дүүргийн цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа аж.
Хүүхэд хөл нь халтираад бассейнд унасан гэх мэдээлэл байгаа. Түүнтэй хамт асрагч Филиппин улсын иргэн байсан
Тус зочид буудал нь "Тэрэлж Сүйх" ХХК буюу "Гацуурт" ХХК-ийн охин компани юм.
"Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал нь Л.Чинбат бөгөөд тэрбээр "Тэрэлж" зочид буудлаа өөрийн охин Ч.Номинд бэлэглэсэн гэх дуулиан гарч байсан.
Харин Ч.Номин нь хэвлэл мэдээллийн салбарт ч ажилладаг бөгөөд тэрбээр "Монгол HD" телевизийн захирал. Ч.Номин нь саяхан дэлхийн телевизийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр тодорч байсан.
Энэ хэргийн талаар "Тэрэлж Сүйх" ХХК-аас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Монголын анхны таван одтой тус зочид буудлын төлбөр дотоодод төдийгүй олон улсад ч өндөрт тооцогддог. Үнэ дагаж үйлчилгээ гэдэг. Гэтэл тус зочид буудлын ийм хайхрамжгүй байдал нь олныг гайхшруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!