Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн сургуулиудыг өөрийн талд шилжүүлж өгөхийг Монголоос хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол улсад айлчилж байгаа Туркийн шадар сайд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа террорист байгууллагатай холбоотой байж магадгүй сургуулиудыг өөрийн талд шилжүүлж өгөхийг хүссэн байна.

Террорист байгууллага гэдэг нь 2016 онд Туркэд төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон гэх Фетуллах Гюлений байгууллагыг (FETO-Fetullah Terrorist Organization) нэрлэж байгаа ажээ.

АНУ-д амьдардаг шашны зүтгэлтэн Фетуллахын 2015 оны долдугаар сарын 15-нд Туркэд зохион байгуулсан цэргийн эргэлтийн улмаас 250 хүн амиа алдаж, 2,200 хүн шархдсан гэдэг.

Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа шадар сайд Хакан Чавушоглу өчигдөр Монгол улсын засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа дээрх сургуулиудын удирдлагыг Туркийн Маариф Санд шилжүүлж өгөхийг хүссэн байна.

Дээрх сургуулиудын үйл ажиллагаа хоёр орны харилцаанд муугаар нөлөөлнө гэдгийг тэр бас сануулжээ.

Туркийн засгийн газрын 2016 онд байгуулсан Маариф Сан нь FETO байгууллагын харьяаны хилийн чанадад байдаг сургуулиудын удирдлагыг шилжүүлж авах зорилготой гэнэ.

Сайд мөн террорист байгууллагатай холбоотой байж магадгүй сургуулиудын үйл ажиллагаа Монгол улсын аюулгүй байдалд хортой гэдгийг анхааруулсан байна.

Чавушоглу “Эдгээр сургуулиудыг төгссөн хүмүүс төрийн байгууллагад ажиллахдаа зэрэг хоёр талд үйлчлэх бүтцээр ажилладаг” гээд тэдэнд АНУ-д амьдарч байгаа Фетуллах Гюлен шууд заавар өгдөг гэжээ.

Ө.Энхтүвшин сайд сургуулиудын талаар анхааруулсанд талархлаа илэрхийлээд Монгол улсын засгийн газар шаардлагатай арга хэмжээг авна гэж Чавушоглуд амласан байна.

 

Эх сурвалж: Anadolu Agency