Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 хувьцаа эзэмшигчид ЭТТ-н баланс дээр бүртгэгдэхээр боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэнэс Таван Толгой ХК-иас өнөөдөр сэтгүүлчдийн хүсэлтээр тодруулга өглөө. Уг уулзалтад тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд оролцсон юм.

Уулзалтын эхэнд тэрбээр 2017 оны санхүүгийн үзүүлэлтүүдээс онцлох мэдээллүүдийг танилцууллаа.

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн санхүүгийн тайлан бэлэн болж, яг одоо аудитаар дүгнүүлж байгаа юм байна. Компани 2017 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.4 сая тонныг нь экспортолжээ. Уг нь 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч хил гаалийн хязгаарлалтаас болж төлөвлөгөөндээ хүрээгүй байна.

Гэхдээ 2017 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, улсад 243 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь төлөвлөж байснаас 43 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт болжээ.

ЭТТ ХК өнгөрсөн жил Чалкогийн 100 сая ам.долларын өр, TTJVCo –ийн 60 сая ам.долларын өрийг төлж барагдуулжээ. Мөн Хөгжлийн банкны 150 сая ам.долларын өрийг дарсан байна. Ингэснээр яг одоо Хөгжлийн банканд 50 сая ам.долларын л өр төлөх үлджээ.

Тус компанийн жилийн ашиг 438 тэрбум төгрөг болсон нь үүссэн цагаасаа хойш хийсэн ашгаас давсан, бага хэмжээний нүүрс олборлож их хэмжээний ашиг олсон явдал гэж мэдээллээ.


Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-ЭТТ ашигтай ажилласан тул 1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад ногдол ашиг хуваарилах тал дээр ямар ажил хийгдэх вэ?

-1,072 хувьцааг анх нэг бүрийг нь 933 төгрөг гэж үнэлээд иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Түүнээс хойш 5 жил дандаа алдагдалтай ажилласан. Харин 2017 онд өр төлбөрөө барагдуулж, ашигтай ажиллалаа. Үндсэн компани өр төлбөртэй байвал хувьцаа нь унадаг нь хөрөнгийн зах зээлийн зарчим. Тэгэхээр бид иргэдийнхээ хувьцааг амь оруулахын тулд өр төлбөргүй болох ёстой. Тийм ч учраас эхний нэг жил манай удирдлагын баг Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-өөс гаргаж байсан дэмжлэг, зөв шийдвэрүүдийн дагуу бүх ажиллагааг явууллаа.

Одоо 1,072 хувьцаа үнэ цэнэтэй болох боломж бүрдсэн. Дөнгөж сая ЭТТ компанийн ТУЗ хуралдлаа. ТУЗ –өөс Засгийн газар, Эрдэнэс Монгол компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг бүртгэх үүрэг өглөө. Өнөөдрөөс эхлээд ЭТТ компанийн 2 сая хувьцаа эзэмшигчдийн өмч тус компанийн баланс дээр суугаад баталгаажлаа. Ингэснээр та бүхэн албан ёсны 2 сая хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэж байна. Бид энэ үүрэг даалгаврын дагуу ажиллах ёстой. Энэ ажлыг ойрын хугацаанд цэгцэлж, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллагад гэрээ байгуулах хүсэлтүүдээ өгнө.

Ингэснээр компанид хэдэн хүн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа бүрэн тоо нь гарч, тэр нь манай компанийн баланс дээр тавигдах боломжтой болно. Хувьцаа эзэмшигчдийн өмч ийнхүү баталгаатай болсны дараа бид хоёрдогч зах зээл рүү орох асуудал яригдана. Дараа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэх эрх нээгдэж, хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарж борлуулах нөхцөл үүснэ.

Ногдол ашгийг Хувьцаа Эзэмшигчдийн Хурлаас шийдвэрлэнэ. Хамгийн гол нь компани ашигтай ажиллах ёстой.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг харвал компани ашигтай ажиллах боломж хэр байна?

-Компанийн ирээдүй маш сайхан байна. Манай шинэ удирдлагын баг ажлаа аваад нэг жил хагас болоход нэлээн ажлууд цэгцэрсэн. Энэ жил зах зээлийн ханш боломжтой сайн байвал ирэх жил ногдол ашиг өгөх байтугай зарим томоохон төслүүдийг өөрсдийнхөө нөөц боломжоор хийх нөхцөл хангагдана.

Одоо хувьцааны бүртгэл, гадны зах зээл дээр IPO хийж хөрөнгө босгох хугацаатай төлөвлөгөө боловсруулсан. ТУЗ-өөр батлагдвал энэ графикийн дагуу ажиллана.

Дээр нь бид томоохон төслүүдээ өөрсдөө хөгжүүлэхийн тулд гадны хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох бодлогыг баримталж байна. Шийдэх эрх нь хувь эзэмшигчид байгаа.

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд хэр их хугацаа шаардах вэ?

-Компани нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдэг асуудлыг бид Санхүүгийн Зохицуулах Хороонд тавина. Тэд мэргэжлийн байгууллага учраас тэр асуудлыг шийднэ.

-8 жилийн дараа нөөц дуусна гэсэн мэдээлэл байна?

-2012 онд ЭТТ компанийн баруун, зүүн цанхи нийлээд 5 тэрбум тоннын нөөцтэй гэдгийг тогтоочихсон юм. Ордын хэмжээнд 7 лиценз нийлээд 7.2 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа гарчихсан.

Бид энэ жил өрөмдлөг, хайгуулын нарийвчилсан ажил хийгдэж байгаа. Цанхийн ордын нөөц тэгэхээр нэлээн тодорхой болно. Бор тээгд  мөн хайгуулын өрөмдлөг хийж байна. Тэгэхээр ордын нөөц сүүлийн 7 жил хийгдэж байгаагүй маш тодорхой болоод гараад ирнэ. Тэгэхээр бид хайгуулын үр дүнгээ шинжилгээнд өгч, үнэлгээг нь олон улсын компаниар хийлгэнэ. Ордын үнэлгээ хийгдсэнээр энэ компанийн үнэлэмж, нэгж хувьцааны үнэ тодорхой болно.

-Таныг ажлаа өгөх өргөдөл гаргасан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Би өргөдөл өгөөгүй. Намайг та ажлаа өг гэсэн юм байхгүй.

-Ерөнхий сайд 4 дүгээр сард БНХАУ-д айлчлал хийнэ. Таван толгойн асуудал өргөн хүрээнд яригдах байх. Таван толгой төслийг төр, хувийн хэвшил хэрхэн хөдөлгөх тал дээр ямар нэгэн мэдээлэл бий юу?

-Айлчлалын үеэр ямар асуудлууд ярих вэ гэдгийг Засгийн газрын хэмжээнд боловсруулж байгаа байх. Бидэнд одоохондоо ямар асуудлууд орох талаар мэдээлэл өгөөгүй байна. Энэ асуудал дээр зохих ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа.

-Үнийг цаашид өсгөх боломж байна уу. Үнийн ямар бодлого баримтлах вэ?

-Үнэ гэдэг нь зах зээлийн бүрдэл. Зарим компаниуд биднийг маш хямдхан зардаг гэдэг. Бид уулзах болгондоо чадахаараа хэлдэг.

Үнэ бүрдэлтийг танилцуулъя. Өнөөдөр компани аман дээрээсээ 68.1 ам.доллараар зарж байгаа. Нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтаар зардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Саналыг битүүмжилсэн хэлбэрээр авдаг. Тийм учраас хамгийн өндөр шалгуурыг хангасан компани шалгардаг. Тэгээд шалгарсан бол тонн тутамдаа 1 ам.долларын барьцааны мөнгө тавьдаг. Гэрээ хийгдсэний дараа 7 хоногийн дотор доод тал нь 30 хувийн урьдчилгаа өгдөг. Тэгэхээр үүнд зөвхөн манай нүүрсийг экспортлох хүчин чадал бүхий компаниуд авах боломж бүрдсэн. Сонгон шалгаруулалтын ажил жигдрээд жил болсон байна.

Аман дээрээс зарж буй 68.1 ам.доллар ганц модны боомт ороход 32 ам.доллараар нэмэгдэж 220 юань болдог. Хил дээр очихдоо 100 ам.доллар болж, татвар шимтгэлээ төлөөд, угаагаад, далайн боомт ороход 1 тонн нүүрс 230 ам.доллар хүрдэг. Тэгэхээр Монголоос далайн боомт оруулж зарж байгаа компани байхгүй. Ганц мод дээр очиж байгаа нүүрс угаасан, угаагаагүйгээсээ болоод 12 ам.долларын л зөрүүтэй болдог.

-Эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, Б.Баяр нар шүүх хурал дээр ЭТТ компанийг ялсан тухай өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Компанийн дүрэм 2010 онд хийгдсэн. 2011-2012 онд Компанийн тухай хууль өөрчлөгдсөн ч өмнөх удирдлагууд дүрэм, журмаа хуульд нийцүүлж өөрчлөөгүй байдаг. Тэр асуудлыг тавьсан.

Бид Хувьцаа Эзэмшигчдийн Хурлаараа дүрмийн асуудалд орно. Компанийн шинэ хуулийн дагуу дүрмээ шинэчилнэ. Заавал шүүхдэхээр нь хийж буй ажил биш.