Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бүрэнбаатар: Жилд 300 гаруй хүн архинд хордон нас барж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран "Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4,012 буюу 12.4 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлжээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар "Наад захын жишээ дурьдахад манай хойд хөрш ОХУ-д оройн 22:00 цагаас үдийн 12:00 цаг хүртэл согтууруулах ундаа огт худалдаалдаггүй. Гэтэл манайд жилд 300 гаруй хүн архинд хордоод нас барж байна. 

Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 45-50 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Тэгэхээр архидалтын эсрэг зайлшгүй шалтгаанаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагууд оролцож байна" гэлээ.

Архинд донтох эмгэгтэй иргэд хожуу, архагшсан шатандаа эмнэлэгт хандаж байна

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86,497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

Цагдаагийн байгууллагаас аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.

 

Наркологийн Төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга П.Болормаа "Манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо жил тутам нэмэгдсээр байна. Сүүлийн таван жилийн статистикаас харахад эмэгтэй үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн онцлог ажиглагдаж байгаа. Архинд донтох эмгэгийн түвшингээр харвал нэлээд хожуу буюу архагшсан шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь эдгэрэлтийн түвшинг бууруулж байна.

Манай эмнэлэг орны хүрэлцээ, хангамж, төсвийнхөө хүрээнд нэг өвчтөнд 10 хоногийн эмчилгээ хийдэг. Гэтэл дэлхийн бусад орны жишгийг харахад эмчилгээ дор хаяж нэг сар үргэлжилдэг. Тэгэхээр давтан эмчлүүлэх тохиолдол их байна. Тиймээс давтан ирүүлэхгүйн тулд 10 хоног эмчилгээ хийлгээд гарсан хүмүүстээ сэтгэл заслын эмчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр хувийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа" гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өссөн байна. /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан/.

 

Хэлэлцүүлэгийн үеэр нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах, ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.