Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгагдсан гол зорилтууд юу вэ?
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дугаар хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна. Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хөтөлбөрийг таницууллаа.
Орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд, бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх, хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэжээ. Хөтөлбөр нь 9 зорилт бүхий 5 бүлэгтэй.
Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн гол зорилт:
- Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.
- Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил, хороолол байгуулах боломжтой байршлуудад эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан батлуулна.
- Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ.
- Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.
- Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад, дээврийн засвар үйлчилгээ, лифтний ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
- Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ.
Нийслэлийн хүн амын 20 хувь нь1965-2000 онд ашиглалтад орсон байранд амьдарч байна
Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “2017 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь буюу 164 мянган айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 24 байршилд хэрэгжиж байгаа 16,109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ 70 гаруй мянган өрхийн орон сууц ашиглалтад орох байснаас 5 мянган өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна. Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий” гэдгийг онцоллоо.
Улаанбаатар хотын хэмжээнд 1965-2000 онд ашиглалтанд орсон 14 хороололд баригдсан угсармал орон сууцны 1,077 ш блок барилгад нийслэлийн хүн амын 20 хувь болсон 45 мянган өрх амьдарч байна. Дээрхи барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас 10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний уршгаар дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм хэмээн ярилаа.
Гэрэл зураг: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дугаар хуралдаан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















