Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйд хүн компьютертэй эрлийзжих нь гарцаагүй гэжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНЭУ-ын Дубай хотод болж байгаа “World Government Summit” чуулганд оролцож илтгэл тавьсан Британий Futurizon компанийн судлаач Ян Пирсон хиймэл оюуны хөгжлийн ирээдүйн талаар CNBC сувагт ярьжээ.

“Хиймэл оюун ухаан (AI) яваандаа хүнээс илүү гарч, хүнээс олон тэрбум дахин илүү ухаантай болно” гэж Пирсон ярьсан байна.

Харин хүн төрөлхтөн үүнтэй хөл нийлүүлэхийн тулд компьютертэй адилхан IQ буюу оюуны чадвартай болох ёстой гэнэ. “Бид машины хөгжилтэй зэрэгцэн явах ёстой болж байна. Өөрийгөө хамгаалах ганц арга бол тархиа хиймэл оюунтай холбож, түүнээс дутахгүй ухаантай болох. Илон Маскийн үздэг шиг би ч гэсэн энэ арга замыг аюулгүй гэж бодохгүй байна. Гэсэн ч бидэнд өөр зам байхгүй” гэж Пирсон ярьжээ.

2017 онд болсон World Government Summit хурал дээр Илон Маск хиймэл оюуны аюулын талаар анхааруулж, хүн-машины нэгдэл чухал болохыг хэлж байсан юм.

Тухайн үед Маск “Ирээдүйд бид биологийн  болон дижитал оюун ухааны нэгдлийг харах өндөр магадлалтай” хэмээн ярьж байв.

“Энэ нь хүний тархи болон тухайн хүний дижитал хувилбар хоёрын хооронд мэдээлэл солилцох хурдны тухай асуудал юм” гэж тэр тайлбарлажээ. Маскийн байгуулсан Neuralink нэртэй стартап компани энэ чиглэлд ажиллаж байгаа юм. Энэ жилийн World Government Summit хурлын гол сэдэв нь хиймэл оюун ухаан, түүний ажлын байранд үзүүлэх нөлөө болж байна.

 

Эх сурвалж: CNBC