Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Философичид жолоочгүй автомашины баримтлах ёс зүйн дүрмийг боловсруулж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зөвхөн инженер, програм зохиогчид жолоочгүй буюу автомат жолоодлоготой автомашиныг зохион бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа биш ажээ.

Философичид мөн энэхүү шинэ технологид баримтлах ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг боловсруулж эхэлсэн байна. Энэ салбарт эртнээс тулгарч байгаа нэг асуудлыг “Trolley Problem” гэж нэрлэдэг. Жишээ нь зам дээр зайлшгүй осол гарах болсон тохиолдолд хэнийг амьд үлдээж, хэнийг нь хохирогч болгох вэ гэсэн асуудалд шийдэл олох юм.

Масачусетсийн Ловелл их сургуулийн философийн ухааны профессор Николас Эванс өөр хоёр философичийн хамт энэ төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Тэдний ажлыг Үндэсний Шинжлэх Ухааны Сан $556,000-аар санхүүжүүлсэн байна. Философичид олон хувилбар “Trolley Problem” асуудлуудын үед өөрөө явагч автомашин хэрхэн ёс зүйтэй, зөв шийдвэр гаргах дүрмийг боловсруулна.

Тэдний шийдэх нэг чухал асуудал нь машинд яваа зорчигч, гудамжинд яваа хүн хоёрын хэнийх нь амь нас илүү үнэтэй болох тухай. Уламжлалт ойлголтоор бол бүх хүний амь ижил үнэ цэнтэй. Гэвч машин өөрийн тээвэрлэж яваа хүний амь насыг нэн тэргүүнд тавих ёстой болж магадгүй гэнэ.

Одоогоор Эванс болон түүний нөхөд алийг нь зөв болохыг эцэслэн шийдээгүй байгаа ажээ. “Энэ бол нийтдээ хэдэн хүний амь үрэгдэх тухай асуудал биш, харин хэн нь аврагдаж, хэн нь үхэх тухай онол юм” гэж Эванс тайлбарлаж байна.

Мөн автомашины компьютер хакеруудын удирдлагад орсон тохиолдолд яах, ослын үед машинууд хоорондоо хэрхэн харилцаж зөв шийдвэр гаргах гээд асуудлууд ундарсаар байгаа гэнэ.

Гэвч тэд жолоочгүй автомашины салбарт маш олон тодорхойгүй асуудал байгаа, ямар ч философийн онол, алгоритм түүнийг ёс суртахууны хувьд төгс болгох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 

Эх сурвалж: Quartz