XVII жарны “Тийн унжлагат" хэмээх шороон НОХОЙ жилийн өнгө
Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны өдөр тохионо. Арвандолдугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон /шар/ нохой жилийн өнгийг Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа.
- “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн төлөвийг тайлбарлан хэлж өгнө үү?
-Ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил агаад, энэ жилд “Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно” хэмээн сударт өгүүлжээ.
Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд байна. Мөн энэ үед ган ихтэй болно.
Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:
- Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн.
- Хууль цаазын хэрэгжилт сайжирах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна.
- Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно.
- Малд сайн, хүнд дунд зэрэг жил байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

