Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хар салхины улмаас олон хүн амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Филиппинд 10000 гаруй хүний амь насыг авч одсон хар салхи 11дүгээр сарын 11-ний даваа гаригийн өглөө Вьетнамын эрэгт тулан, тус улсын хойд хэсгийн эргийн шугмыг бүхэлд нь бүрхсэн талаар Би Би Си агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн цаг уурчдын мэдээлснээр Филиппиний арлуудаас холдсоноос хойш хоёр хоногийн дотор хар салхины ирч эрс буурч, 250 километр цагийн хурдтай байснаа 150 километр цаг хүртэл буурсан байна.

Хэдийгээр салхины хурд буурсан ч зөвхөн томоохон хотуудад нь л бетон, тоосгон байшин байдаг Вьетнамд асар их хор хохирол учруулах хэмжээний хурдтай байгаа бөгөөд хар салхи орж ирсэн эхний цагт гэхэд л зургаан хүн амиа алдсан талаар Вьетнамын цагдаагийн газар мэдээлжээ. Хар салхи нүүрлэсэн Вьетнамын хойд бүсүүдээс 600000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсний дээр дунд сургуулиудыг хааж, нислэгүүдийг цуцалсан байна.

Энд дуулгахад, өнгөрсөн ням гариг буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Филиппинд “Хайян” хар салхины улмаас 10 мянга гаруй хүн амиа алдсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Гамшгийн газар дээр ажилласан олон улсын шинжээчид үүссэн нөхцөл байдлыг хараад цочролд орж, гамшгийн хэмжээ 2004 онд зуун мянга гаруй хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн ай савд гарсан цунамитай дүйхүйц байна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Филиппиний Лейте болон Самар арлуудад хар салхины хор нөлөө их байж, энд бүтэн барилга нэг ч үлдээгүй , зам эвдрэн, эрэг тэр чигтээ усанд автсаны дээр хүчтэй салхинд тэсвэртэй байдаг халуун орны мод ч үндсээрээ булгарсан байжээ. 
Гамшигт үзэгдэл болсны дараа дэлхийн зуу гаруй орон Филиппинд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн боловч зам харилцаа бүрэн устсан тул тусламжийн эд зүйлсийг хэрхэн хүргэх нь тодорхойгүй байгаа юм. Хайян хар салхи нүүрлэсэн нь тус улсын түүхэнд гарсан хамгийн аймшигтай гамшигт үзэгдэл хэмээн Филиппиний Засгийн газар мэдэгджээ.