Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Санхүүгийн бүтцээ эрүүлжүүлэхгүйгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Олон улсын валютын сангийн Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотой арилжааны банкуудад олон улсын аудитын шалгалт орсон байгаа. Хэдийгээр удахгүй энэ шалгалтын тайлан мэдээ гарах ч үүнээс өмнө олон нийтийн дунд ч, улстөрчдийн дунд ч “Манай банкууд тэсэж үлдэх болов уу” гэсэн хүлээлт бий болчихлоо. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ. Үнэхээр арилжааны банкны системийн алдааг энэ шалгалт цэвэрлэж, эрүүлжүүлж дөнгөх үү гэдэгт та хариулт өгөхгүй юу?

-Ерөөсөө энэ шалгалтыг олон талаас нь тайлбарлах, хардах сэрдэх бус харин ч цаг үеийн шаардлага, цагаа олсон шалгалт гэж ойлгох хэрэгтэй. Харин ч ингэж шалгах цаг хугацаа нь өнгөрчихсөн байх талтай. Өөрөөр хэлбэл, энэ удаад хийж байгаа нь оройтсон гэж хэлж болно. Яагаад гэхээр AQR буюу активын чанарын үнэлгээг тогтоох шалгалтыг зайлшгүй хийлгэх донсолгоо банкны салбарт хэд, хэдэн удаа гарч байсан. 

-Та хариултаа жаахан тодор­хой болгооч. Уншигчдад сануулах үүднээс?

-1990 оноос хойш манай улсын банкны салбар хэд, хэдэн удаа доргисон. Жишээ нь, 1990 оны сүүл 1998-2000 оны эхэн үе байна. Тэр үед банкны салбар нэлээн том хямралыг давсан. Сүүлд 2008-2011 оны хооронд ч адилхан. Тэгэхээр үндсэндээ эдийн засгийн хямралаа харах юм бол гурав дахь том давалгаа одоо үүсэж байна. Түүнчлэн 1990 оноос хойш Монгол Улсын банкны тогтолцоо хоёр шаттай болж, цоо шинэ нөхцөлд ажиллаж ирсэн. Гэтэл энэ хугацаандаа “Бид нар дэлхийн стандарттай нийцэж байна уу. Хөгжлийн голдрил зөв явж байна уу” гэдгээ нэг ч удаа тестэлж, шалгаж үзээгүй. 

-Үүнд банкуудын өөр өөрсдийнх нь дотоод шалгалт, аудитын хяналтын дүнг хамааруулж үзэхгүй байна уу, Та?

-Мэдээж банкууд өөрсдөө олон улсын аудитын байгууллагаар санхүүгийн тайлан тэнцлээ, шалгуулж, үйл ажиллагаагаа хянуулж байсан.

Гэхдээ яг банкны системийг бүхэлд нь Монгол Улсын эдийн засагтай хамт харсан, нягталсан удаа байхгүй. Ерөөсөө AQR-ын онцлог нь энэ. Жишээ нь, нэг зээлдэгч хэд хэдэн банканд зээлтэй байж болно. Гэхдээ тэр зээл нь ямар бизнес рүү явж орсон юм бэ, тэр бизнес нь эдийн засагт ямар төвшинд байгаа юм бэ гэдгийг бүхлээр нь хамт харна гэсэн үг. Татварын бодлоготой нь харьцуулж харна. Тайлан баланс нь зөв үү гэдгийг шалгана.

Тэгэхээр шууд арилжааны банкуудад хийх шалгалт гэхээс илүүтэй Монгол Улсын эдийн засгийг системээр нь бүхэлд нь харах шалгалт гэж ойлгох хэрэгтэй юм. Яваандаа энэ шалгалт банкуудад харин ч урт удаан хугацаандаа ашигтай. Яахав, богино хугацаандаа бол эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Мөн үүн дээр нэмж хэлэхэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр нэг зүйлийг хэлснийг хүмүүс анзаарсан эсэхийг мэдэхгүй юм. Тэрийг бас сайн ойлгуулах ёстой гэж бодсон. 

-Олон зүйл хэлсэн. Та аль үгийг нь тодотгож байна вэ?

-“Энэ шалгалтыг арилжааны банкуудын 2016 оны арван­хоёр­дугаар сарын 31-ний баланс дээр хийж байгаа” гэж. Тэгэхээр шалгалт хийж байгаа тайлан баланс гаргасан өдрөөс хойш бизнесийн бүтэн нэг жил өнгөрчихсөн гэсэн үг. Иймд тухайн үеийн нөхцөл байдлаар банкууд эрсдэлтэй гарахыг үгүйсгэх аргагүй. 

-Нэг жилийн дотор банкууд шалгалтын дүнгээс үүсэх эрсдэлээ цэгцэлж, зассан байж магадгүй гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Манай банкууд миний сонссоноор энэ удаагийн шалгалтад маш сайн бэлдсэн байгаа. Зөвхөн Төв банкны шаардлага бус олон улсын стандарт, дүрэм гэж юу болох  хэрхэн мөрдөж ажиллах гээд банк талаасаа нэлээн сайн суралцсан жил болж өнгөрсөн. Наад зах нь, сүүлийн саруудад чанаргүй зээлийн хувь өсөхгүй байгаа нь үүний жишээ. Зарим нэг банкан дээр харин ч бүр буурсан. Энэ бол сайн үзүүлэлт. Тэгэхээр төсөөлж байснаас бага эрсдэлтэй байх болов уу гэж миний хувьд бодож байгаа. 

-Хоёр өөр дүн гарахыг үгүйсгэх аргагүй юм байна. Тийм үү?

-Мэдээж Олон улсын валютын сангийн шалгалтын дүн нэг гарна. Тэр нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний нэг дүн. Үүнээс хойших нэг жилийн хугацаанд хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулсан бэ гэдгийг бас харах ёстой гэсэн үг. 

-Гол нь Олон улсын валютын сан Монголд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө  “Монголын арилжааны банкны систем хэврэг байна. Эдийн засагт хэт өндөр оролцоотой байгаа нь эргээд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрсдэлд оруулж байна. Бусад төрлийн бизнес дэх нөлөөлөл нь хэт өндөр байна” гэдэг зүйл ярьж эхэлсэн. Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан хүний хувьд энэ дүгнэлтийг ер нь хүлээн зөвшөөрч байгаа юу. Эсвэл нөхцөл байдал нь өөрөө ингэж хөтөлчхөв үү. Монголын эдийн засгийн чадавх, ерөнхий бүтэц нь нөлөөлчхөв үү гэсэн үг л дээ?

-Маш зөв. 

-Та юуг нь зөв гэж байна вэ?

-Ерөөсөө л Олон улсын валютын сангийн зөвлөмжийн өгсөн гол мессеж нь Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрээ бүтцийн реформ хийх хэрэгтэй гэдэг л байсан. Дан ганц тоогоор нь харах юм бол санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкны систем байдаг. Эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг нь харах юм бол энэ 95 чинь бараг 100 хувь болдог. Өөрөөр хэлбэл, 100 хувь банкны системээс шалтгаалсан санхүүгийн тогтолцоотой байна гэдэг бол өөрөө гаж тогтолцоо. Маш гаж тогтолцоо.

1990 онд бид нар хөрөнгийн зах зээл, төв банк гэсэн хоёр тогтолцоотой болсон. Харамсалтай нь, хөрөнгийн бирж 27 жилийн хугацаанд нэг л удаа өмч хувьчлалын ягаан, цэнхэр хоёр тасалбараар тоглолт хийсэн. Тэрнээс хойш үндсэндээ хөрөнгийн зах зээл үхмэл байдалтай байгаа. Эсрэгээрээ банкны зах зээл нь хангалттай тэлсэн. Банкны зах зээл гэдэг өөрөө асар өндөр өртөгтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ нэгэнт санхүүгийн зах зээлд банк гэдгээс өөр санхүүгийн зуучлагч байхгүй тохиолдолд бизнес хийе, бизнесээ өргөжүүлье гэж байгаа хүмүүс банкны сувгаар дамжихаас өөр арга байхгүй. 

Тэгэхээр манай бодлого өөрөө гаж явж ирсэн болж таарч байгаа юм. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй байх, тэлүүлэхгүй байх маш хүчтэй бодлого өнгөрсөн 27 жилийн хугацаанд явж ирсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр УИХ дээр ч, олон нийтийн дунд ч өдөр болгон яригддаг зээлийн хүү, ажилгүйдэл, инфляцын хөөрөгдөл, төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал хэзээ ч засагдахгүй. Хөрөнгийн зах зээлийг тэлэхгүй зөвхөн банкны системээ дагаад одоогийнх шигээ явах юм бол юуг ч өөрчилж чадахгүй.

Бүүр цааш нь хэлэх юм бол том төслүүдээ хөдөлгө, том төслөө эдийн засгийн эргэлтэд оруул л гээд байна. Миний бодлоор том төслүүдээ өнөөдөртөө хөдөлгөх хэрэггүй гэж хардаг. Эхлээд банкны системийнхээ реформыг хийх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн оролцоог ядаж 30-40 хувьтай болгож байж том төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол бид нар эргээд алдана. Харин хөрөнгийн зах зээлээ хөгжүүлчихсэн тохиолдолд том төслүүдийн өгөөж нь жигд хүртээмжтэй болж чадна. Тэгж чадаагүй тохиолдолд одоогийн гаж бүтцээрээ явах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. 

-Гэхдээ хүртээмжээ орхилоо гэхэд ядаж эдийн засгийн чадавх сайжирна биз дээ. Сайн талаас нь харвал?

-Яахав үндсэндээ бүтцээрээ бол дээр нь өссөн тоо харагдана. Яг доошоогоо эдийн засагтаа шингэхдээ энэ гаж сувгаараа л явна. Энэ тохиолдолд нийт иргэд рүү чиглэсэн жигд хүртээмж очихгүй. Одоо яриад байгаа асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй. Тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлтийг яаралтай энэ дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой. Тэгэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Жил болгон л инфляцаа ярина. Ажилгүйдлээ ярина. Алдагдлаа нөхөх тухай ярина. Өөрөөр хэлбэл ямар ч үр дүн гарахгүй. Зээлийн хүүгээ бууруулна гэж ярьдаг энэ яриа ч дуусахгүй. Гол нь үр дүнд хүрэхгүй. 

-Энд нэг зүйл тодруулж асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд “Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тодорхой улстөрчид, эдийн засагчид “Поп” улс төр, популизм гэж тайлбарладаг, өөлдөг, гоочилдог байлаа л даа. Харин одооноос УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй эдийн засгийн, санхүүгийн боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай гишүүд яриад эхэлж байна.

Энэ нь олон нийтэд үр дүнд хүрэх боломж байгаа юм байна гэдэг итгэл төрүүлээд эхэллээ. Ер нь зээлийн хүү бууруулах арга хэмжээ авах нь улстөрчдийн хийх ажил мөн үү. Эсвэл эдийн засагчид, тэр банкерууд нь тооны машин дээрээ бодоод тогтоогоод явах нь зөв үү. Бүр өөр хувилбар нь, мэдээж тэдний хамтын ажиллагаа байж таарна байх. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж шүүмжилж болно. Өөр өөрсдийн хувилбарыг гаргаж болно. Гэхдээ зээлийн хүү нь өөрөө саяын миний яриад байгаа асуудлын нэг буланд байгаа жижигхэн л зүйл нь. Ганц хүчин зүйлээр зээлийн хүү буурна, буурахгүй гэж хэлж болохгүй. Нэмж хэлэхэд зээлийн хүү өндөр байгаа нь ерөөсөө л манай эдийн засгийн бүтэц, эмгэг ямар байгаагийн толь нь. Зээлийн хүү өндөр байгаа бол манай эдийн засаг гаж байна аа л гэсэн үг.

Манай санхүүгийн өртөг өндөр байна аа гэсэн үг. Валютын ханшийн өсөлт байна. Монголбанк валютын ханшинд хүмүүсийн хэлээд байдаг шиг сууриар нь нөлөөлж чадахгүй. Хүмүүс энэ тал дээр бас их буруу ойлголттой байдаг.  Уг нь ерөөсөө л гадаад худалдаа, төлбөрийн баланс хоёрын тусгал нь л валютын ханш. Төв банк валютын нөөцөө л удирддаг. Түүнээс бус валютын ханшийг удирдаж чадахгүй. Нөлөөлөх үүрэгтэй институц нь ч биш.

Яахав, өдөр тутмын ханшийг нь зарладаг гэдэг утгаар нь олон нийт Төв банкийг валютын ханшийг удирддаг гэж ойлгоод байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Харин эсрэгээрээ Засгийн газрын ажил байдаг. Засгийн газар, Төв банк хоёр үүн дээрээ маш сайн уялдаж ажиллах ёстой. Хуучин Аж үйлдвэрийн яам гэж байхад төлбөрийн балансаа маш сайн гаргадаг байсан. Одоо тэгэхээр шууд төлбөрийн балансаа хараад “За, Хөдөө аж ахуйн яам үүн дээрээ анхаар, Сангийн яам үүнийгээ зас, Эрүүл мэндийн яам ингэж ажилла” гэдэг юмаа яриад төлөвлөх, засах хэрэгтэй. 

-Эрүүл мэндийн яамны валютад нөлөөлөх нөлөөллийг та эмчилгээний зорилгоор гадагшаа урсаж байгаа валютын урсгалтай холбоотой хэлж байна уу?

-Тийм. “Дотооддоо эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаагаас болж гадагшаа их хэмжээний валют урсаад байна. Иймд үйлчилгээгээ, тоног төхөөрөмжөө сайжруул” гэдэг зүйлээ төлбөрийн балансаа харж байгаад ярих хэрэгтэй. Гол нь мэдэж хийх, засварлах шаардлагатай. Хүнс, хөдөө ахуйн яамны тухайд ч адилхан. “Импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол танай салбарыг дагасан валютын урсгал их байна” гэдэг зүйлээ ярих цаг болсон.

Ингэж салбар хоорондын балансыг хангах, зохицуулж байгаа юм манайд алга. Бүрэн утгаараа баланс алдагдчихсан. Ер нь сүүлийн хэдэн жил тэгж балансаа хардаг Засгийн газар байгуулагдаагүй. Тэгж ажилладаг Ерөнхий сайдыг ч харсангүй. Балансаа харж, салбаруудаа удирддаг Ерөнхий сайд манайд гарсангүй.  

-Шинэ Ерөнхий сайд таны энэ үгийг сонсоно гэж найдъя. Нэгэнт банкны салбарыг энэ ярилцлагадаа гол болгосон болохоор эргээд зээлийн хүүг бууруулах сэдэв рүүгээ орох уу?

-Санхүүгийн тогтолцоо нь дан ганц банкны системээс хамааралтай, тэдний олж ирж байгаа мөнгө өөрөө асар өндөр өртөгтэй байхад ойрын хугацаанд зээлийн хүүг бууруулах тухай ярихад хэцүү. Санхүүгийн бүтцээ өөрчилж, эрүүлжүүлж чадахгүй л бол зээлийн хүүг бууруулж чадахгүй. Гол нь бүтцийн өөрчлөлт хийхдээ хөрөнгийн зах зээлээ тэлэх хэрэгтэй. Тэгж байж санхүүгийн өртөг өөрөө буурна.

Банкууд 15-20 хувийн хүүтэй хадгаламж авчихаар яаж зээлийн хүүгээ бууруулах юм бэ. Банкууд хөрөнгийн зах зээлээс хямд өртөгтэй хөрөнгө татаж чаддаг болсон цагт л зээлийн хүү буурна. Өөрөөр хэлбэл, суурь өртгийг нь бууруулах гол гарц нь ерөөсөө л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэлэх гэж хэлж болно. Дээрээс нь, одоо инфляц таван хувь руу дөхөж байна. Мөнгөний бодлого дээрээ ирэх хоёр жилдээ найман хувь гээд инфляцыг дээш нь татчихлаа.

Тэгэхээр мөнгөний бодлогын төлөв маань өөрөө хатуурна аа л гэсэн үг. Зөөллөх боломж, орон зай байхгүй болж ирж байна. Ийм тохиолдолд зээлийн хүү инерцээрээ буурах боломжгүй. 2018 онд лав буурахгүй. 2019 онд буурах эсэх нь 2018 оны үр дүн, нөхцөл байдлаас шалтгаална. Анатоми нь ерөөсөө ийм. Тэгэхээр зээлийн хүүтэй ноцолдох гэж байгаа бол эдийн засгийн бүтэцтэйгээ ноцолд л гэсэн үг.

-Зээлийн хүүтэй холбоотой тодруулж, асуух бүтцийг нь тодотгох нэг сэдэв бий. Энэ нь “Нийт хадгаламжийн ихэнх хувь нь хүн амын нэг хувьд ноогдож байгаа” тухай сэдэв. Эндээс үүдээд “Манай улсын нийт хадгаламжийг бараг дангаараа эзэмшээд байгаа тэр хүн амын цөөнх өндөр хүүнээсээ татгалзаж, бид мөнгөө бага хүүтэй хадгалуулъя аа” гэж хэлээд шийдвэрээ гаргачихвал “Бидний зээлийн хүү шууд буурах юм байна” гэсэн ерөнхий нэг ойлголт нийгэмд бий болчихлоо.

Мэдээж хувь хүний хадгаламжийг зах зээлийн зарчмаар хөгжиж яваа нийгэмд ийм тулгалтаар удирдах боломжгүй ч яг бодит нөхцөлд зээлийн хүүний бүтцэд энэ санаачилга нөлөөлж чадах эсэхийг танаас тодруулъя. Таныг олон хүчин зүйл бий гэж хэлсээр байхад ингэж асуух нь бүдүүлэг мэт санагдаж болох ч эцсийн бүлэгт зээлийн хүүгийн бүтцийг задалж ойлгох талаас асуух ёстой асуулт гэж найдаж байна? 

-Зөв өө, зөв. Энэ бол яах аргагүй асуух ёстой асуулт. Үнэхээр хадгаламжийн бүтцийг харахаар нийт гурван сая гаруй хадгаламж эзэмшигч байдаг. Дансаар нь тоолоход шүү. Харин нийт хадгаламжийн 40 гаруй буюу 50 орчим хувь нь хүн амын нэг хувийн эзэмшилд байдаг. Бараг 0.5 хувь нь ч эзэмшдэг байх. Энэ нь өөрөө баялгийн хуваарилалтын бодит дүр зураг. Асуултаасаа жаахан хазайгаад тайлбарлахад өнгөрсөн хугацаанд “Эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ. Энэ жил таван хувьтай байна” гээд ярьж байна. 

 Гэтэл бодит байдал дээр хүн бүрийн эдийн засгийн бодит өсөлт 18 хувьтай байсан уу гэхээр “Үгүй” байдаг. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарладаг. Миний харж байгаагаар манай улсын эдийн засгийн өсөлтийн бүтэц уул уурхайгаас 80-90 хувь хамаардаг. Иймд нөхцөлд эдийн засгийн өсөлт тэр хэсэгтээ л очих нь тодорхой. Нөгөө хүмүүстээ л шингэнэ. Цөөн тооны хүмүүстээ л очно гэсэн үг. Харин олон нийтэд очлоо гэхэд тэр хүмүүсээр дамжиж л очно.

Маш олон шат дамжлага дамжиж байж хуваарилалтууд нь очно. Тэрний толь нь хадгаламжийн бүтэц. Харин өөрийн тань асууснаар “Тэр хүмүүс хадгаламжийнхаа хүүг бууруулахыг дэмжих үү, дэмжихгүй юу” гэдэг бол ёстой эх оронч сэтгэлгээний асуудал байх. Би бол хэлж мэдэхгүй шүү дээ, тэдний өмнөөс. 

-Гол нь хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүүнд хэр нөлөө үзүүлдэг юм бэ. Хямд эх үүсвэрээс зээл авчхаад гэдэг гаргалгаа хэр бодитой байдаг юм бол?

-Зээлийн хүүг хүн шиг анатомиор нь задлаад харах юм бол бараг 60-70-аад хувь нь хадгаламжийн хүүний зардал нөлөөлдөг. Ерөөсөө 30 хувьд нь банкны өөрийн ашиг, инфляцын төвшин, эрсдэлийн маржин нөлөөлдөг. Яаж ч бодсон 15-20 хувийн хадгаламж татчихаад үүнээсээ доош зээл өгнө гэж байхгүй. Тэгэхээр хадгаламжийн хүүтэй ноцолдох нь зөв. Гэхдээ захиргааны аргаар бууруулж болохгүй. Харин банкуудад бага хүүтэй өөр санхүүгийн эх үүсвэр олох, өртөг багатай мөнгө олж ирэх боломжийг нь төр нээж өгөх хэрэгтэй. Банкууд ч тэрнийхээ төлөө явдаг, өрсөлддөг байх хэрэгтэй. Тийм хөшүүрэг нь байхгүй болохоор банкууд ч одоогийнхоо төвшинд сэтгэл ханамжтай байгаад байна л даа. Үүн дээр нь төр бодлогоор ажиллах ёстой. 

-Та ипотекийн зээлийн асуудлыг хөндөх үед “30 хувиа төлөөд байраа авах зах зээл нь өөрөө ханачихсан. Иймд одоо байранд орох сонирхолтой хүмүүсээ төр бодлогоор дэмжиж, урьдчилгаа төлбөрийн шинэ хувилбар гаргаж ирэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Таныхаар ямар хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Шинэ юм сэдэхээсээ илүүтэй олон улсын сайн туршлагыг судалж үзэх хэрэгтэй. Жишээ нь, Англид Баялгийн сангуудаа ипотек дээрээ их ашигладаг. Хэрэв 30 хувиа төлөх чадваргүй ч гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоёулаа ажилтай байгаа тохиолдолд Баялгийн сангийнхаа хуваарилалтыг урьдчилгаанд нь оруулах жишээний. Түрээсийн орон сууцан дээр ч ашиглах боломжтой.

Хэрэв бид нар одооноос Баялгийн сан байгуулаад, түүнийгээ зөв зохистой удирдаж чадвал нийгмийн зорилтот бүлэгт очих хуваарилалтыг ипотек дээрээ ашиглаж болно. Энэ ер нь хамгийн оновчтой хувилбар. Бидний хувьд хамгийн ойрхон хэрэгжиж болох, ямар ч популизмгүй хувилбар. Гэхдээ мэдээж бүх нийтээрээ биш. Гол зорилтот бүлгээ л дэмжих хэрэгтэй. Харин арилжааны банкууд бол тансаг хэрэглээнд нийцүүлсэн орон сууцны зээлээ олгодгоороо олгоод явах хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн сонголтын асуудал юм л даа. 

-Ярилцлагын төгсгөлд тодруулж асуух нэг сэдэв бол 2018 оны улсын төсөв. Төсвийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа хориг тавьсан. Ерөнхийдөө олон нийтийн хувьд хэлэлцэх хугацаанаас шалтгаалаад төдий л сайн мэдээлэлтэй болж чадаагүй. Та тодорхой агуулгынх нь хүрээнд мэдээлэл өгөөч. Зарим УИХ-ын гишүүд төсөв батлагдахтай зэрэгцээд тодотгол орно гэж яриад байх юм. Тийм шаардлага бий юу?

-Шулуухан хэлэхэд миний хувьд төсвийн тодотгол битгий хийгээсэй гэж бодож байгаа.Төсвийн тодотгол хийхээр л төсвийн сахилга бат алдагддаг. Тэрийг дагаад тойргуудын амбиц нэмэгдэнэ. Улс төр их орж ирнэ. Яахав УИХ-ын гишүүд энэ жилийн төсвийн талаар “Сургууль, цэцэрлэг барих тоог нэмлээ. Сайн төсөв боллоо” гэж ярьж байгаа дуулдсан. Уг нь төсвийг ийм үзүүлэлтээр хэмжмээргүй байгаа юм.

Харин макро үзүүлэлтээ барьж, тэр нь эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэгтээ төвлөрч ярих хэрэгтэй. Мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдаж байна вэ, мөнгөний зах зээл дээр ямар өөрчлөлт гарах нь вэ, ажлын байрыг хэр хадгалж чадах нь, эдийн засгийн идэвхжилийг яаж дэмжих вэ, алдагдал тогтвортой байж чадах уу, урд оны алдагдлаас буурч байна уу гэсэн үзүүлэлтээр төсөвтөө үнэлгээ өгөх ёстой. Хэрэв төсвийн алдагдал ирэх онуудад буураад явбал манай улсын зээлжих зэрэглэл эргэж сэргэнэ.

Энэ бол хамгийн том нөлөө. Ийм үзүүлэлтүүдийг нь харах юм бол би “Маш сайн” гэж хэлж чадахгүй. Мөн “Маш муу” ч гэж хэлэхгүй. Гол нь, Олон улсын валютын сантай хийсэн гэрээндээ бол харин маш сайн барьж чадсан. Энэ бол ирэх жилийн төсвийн хамгийн сайн тал нь. Хамгийн чухал нь, яг баталсан чиг шугамандаа барих нь чухал. Төсвийн тодотгол хийвэл эргээд тэр бүх тоонууд нааш, цааш хөдөлнө. Тийм учраас тодотгол хийгээд хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа миний хувьд. 

-Зэс, нүүрсний үнийн өсөлтөд зарим улстөрч найдаж байгаа бололтой байсан?

-Яахав, дэлхийн түүхий эдийн үнэ ханшийн шинжээчид ирэх онд зэсийн үнэ ерөнхийдөө унахгүй, өснө гэсэн ерөнхий нэг прогноз хийсэн байна лээ. Мэдээж зэсийн үнэ ханш өсөх нь манайд ашигтай. Гэхдээ дахин хэлэхэд зэсийн үнэ ханшийг дагаж, төсөвт тодотгол хийж болохгүй. Харин алдагдалдаа шингээж нөөцлөх замаар 2019, 2020 оны алдагдлаа бууруулах боломжийг бүрдүүлэх нь чухал. Тэгэхгүйгээр өссөнийх нь хэрээр тодотгол хийж, үрээд байж болохгүй. Бид нар өнгөрсөн хугацааныхаа алдааг засахгүйгээр хол явахгүй шүү дээ.

Зураг