АНКО ХХК-ийн "Нарантуул-2" худалдааны төвд баасан гарагт гал гарсан.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр мэдээлэл өглөө.
"Нарантуул 2"-ын 28 лангуу галд өртөж, 10-аад павилон бүрэн шатсан байна.
“11 сарын 09-ны өдрийн 22.45 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Чингэлтэй дүүргийн 12-р хороо Нарантуул-2 худалдааны төвийн 2-р давхарт утаа гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу 22 цаг 56 минутад Аврах , гал унтраах 10-р ангийн гал унтраах баг очжээ.
Албан хаагчдыг очих үед тус төвийн 2-р давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж гал дэлгэрсэн, хорт хий утаа ихээр тархсан цаашид гал өргөжин дэлгэрэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан тул нэмэлтээр Аврах, гал унтраах 14, 34-р анги ажиллаж 23.31 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 01.38 цагт бүрэн унтраажээ.
Гал түймрийн шатлагад 2-р давхрын А заалны баруун урд хэсэгт 30*6 метрийн хэмжээтэй талбайд байрлах 28 лангуу өртөж, 10-аад павилон бүрэн шатсан байна. Гал унтраах арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулсны үр дүнд зоорийн болон 1-р давхарт байрлах мах, хүнс, барааны нийт 191 лангуу, 2-р давхрын А заалны зүүн талд байрлах 76 лангуу, Б заалны 44 нийт 311 түрээслэгчийн лангуу, павильон, бараа материалыг авран хамгаалжээ. Одоогоор хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна” гэв.
“Анко” ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төвийн барилгыг 2006 оны 08-р сарын 01-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын комиссын 146/2006 тоот актаар хүлээж авсан бөгөөд нийт 440 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байжээ.
Анх ашиглалтад орохдоо гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч гал гарах үед ажиллаагүй байна.
Хотын дарга “Нарантуул-2 худалдааны төвд гарсан галын шалтгааныг хугацаа алдалгүй тогтоох хэрэгтэй. Зөрчил илэрсэн зах худалдааны төвүүдэд хугацаат үүрэг өгсөн. Тэдгээрийн үүргийн биелэлтийг сайтар хянаж ажиллах шаардлагатай байна.
Цаашид зах, худалдааны төвүүд түрээслэгчдийнхээ эрх ашгийг хохироохгүйн тулд эрүүл, аюулгүй нөхцөлийг хангахад идэвх санаачилгатай ажиллаж, хуулийг чандлан биелүүлэх хэрэгтэй. Тэдэнд төрийн нэрийн өмнөөс шаардлага тавих ёстой албан тушаалтнууд хяналт, шаардлагаа сайжруулахыг хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!