Улаанбаатараас 60 гаруйхан км-т Төв аймгийн Сэргэлэн суманд Хятадын төрийн өмчит компани жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх барилгын ажлаа өдөр шөнөгүй үргэлжлүүлж, 2014 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар яаравчилж байна.
Өнөөдөр Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ нэг сая таван зуун мянга орчим тонн гэж байгаа. Гэтэл Сэргэлэн сумын нутагт 100 орчим га талбайд баригдаж байгаа энэ үйлдвэр дангаараа шахуу Монголын цементийн хэрэгцээг хангах дүр зураг харагдаж эхэллээ.
Саяхан л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дээрх үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг холбогдох байгууллагуудад өгч байсан.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөд хөршид айлчлахдаа Хятадын “Шар мөрөн-Хатан гол” компанийн барьж байгаа 100 хувь хятадын төрийн өмчит энэ компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн нь Засгийн газрын тэргүүн дураараа авирлаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эсрэг тэрсэлсэн хэрэг боллоо гэж нийт масс үзэж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн барилгын ажилд ажиллах хүчний квотын зөвшөөрөлгүй жуулчны визээр орж ирсэн 320 орчим хятад ажилчин ажиллаж байна.
Хэдийгээр энэ сарын 15-нд 100 орчим хятад барилгачин нутаг буцна гэж байгаа ч цаана нь 200 хүн үлдэж өвөлжингөө барилгын ажил үргэлжлүүлэх бололтой. Хамгийн хачирхалтай нь энэ үйлдвэрийн барилгын ажилтай байнга шахам ойр ойрхон очиж танилцдаг нэг хүн байгаа нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байсан одоо Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан гэгч ажээ.
Энэ хүн АН-ын “Алтангадас” фракцын гишүүн юм. Монгол Улсын бүтээн байгуулалт, зам барилгын ажлын хамгийн гол түүхий эд болсон, стратегийн чухал бүтээгдэхүүний нэг цементийн үйлдэрлэлээр 100 хувь Хятадын хараат болох өдөр ойртсоор л байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд ч заналхийлсэн тун ноцтой асуудал мөн. Манай улс энэ салбарт тийм ч арчаагаа алдчихаагүй байгаа.
Социализмын үеэс зах зээлд шилжсэн хүнд жилүүдэд бүдүүлгээр хэлэхэд голыг нь тасалчхалгүй авч ирсэн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр маань өнөөдөр ч хэвийн ажилласаар байгаа. Тус үйлдвэр жилд 300 мянга гаруй тонн цемент зах зээлд нийлүүлдэг. Түүнээс гадна дотоодын үйлдвэрлэгч нар бас зүгээр суугаагүй. Налайхын цементийн үйлдвэр гэхэд л 100 мянган тонныг зах зээлд нийлүүлдэг. Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж энэ жилдээ багтаан зах зээлд нийлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. “Эрэл”-ийн цементийн үйлдвэр жилдээ 150 мянган тонныг үйлдвэрлэдэг.
Мөн “Монголын Алт” МАК компани хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх цементийн төслийг хэрэгжүүлж эхлээд бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж байгаа. Тэд 2014 оны эхний улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Сэнж Сант” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол “Central Asian cement” компани болон нэлээд олон аж ахуй нэгж цемент үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Үүнээс үзэхэд манай улс цементийнхээ хэрэглээг үндэснийхээ үйлдвэрлэгчдээр 100 хувь хангачих бүрэн боломжтой юм. Ингэж дүгнэх үндэслэл, тооцоо судалгаа ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, манай улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн, цаашдаа 2.0 сая тоннд хүрэх тооцоо судалгааг Статистикийн үндэсний хорооноос гаргасан байна лээ.
Монголын томоохон компанийн нэг “МАК”-ын Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж байгаа цементийн үйлдвэр тун удахгүй Монголын цементийн хэрэглээг дангаараа хангачих боломжтой юм билээ.
2014 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар 351.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа энэ үйлдвэр байсаар байхад Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Улаанбаатарын хаяанд барьж байгаа нь ёстой л үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон тун уршигтай ажиллагаа юм.
Зөвхөн “МАК” компанийн энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд улс орон нутгийн төсөвт 16 тэрбум төгрөгийн орлого оруулж 350 гаруй байнгын ажлын байр шинээр нэмэгдэх бололцоотой аж.
Үйлдвэрийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр Дани улсын “FLSimidth” компани ажиллаж байгаа бөгөөд тус компани энэ чиглэлээр 130 жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэгч компани гэнэ. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд Польш, Герман, Франц, Итали, Бельги зэрэг орны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулж байгаагаараа Хятадын үйлдвэрээс хамаагүй давуу үзүүлэлттэй ажээ.
Сэргэлэн суманд баригдаж байгаа Хятадын цементийн үйлдвэрийн ажлыг зогсоох тухай шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ч төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ асуудлыг мартагнаж байх хойгуур Ерөнхий сайдын ивээлээр үйлдвэрийн ажил өдөр, шөнөгүй урагшилж хэзээ мөдгүй Монголын цементийн хэрэгцээг хяналтандаа авах гэж байна.
Монгол Улсын цементийн хэрэгцээ, ирээдүйн төлөв байдал ийнхүү туйлын ноцтой өрнөх шинжтэй болоод байна. Төв аймгийн Сэргэлэн суманд уг үйлдвэр баригдаж, түүнийг дагасан хятад хороолол босч, эсрэгээрээ монголчууд цемент үйлдвэрлэхээ больж үндэсний үйлдвэрүүд хаалгаа барих уу гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай анхааралдаа авах цаг болжээ.
Хятадууд манай арьс ширний үйлдвэрлэл, ноос ноолуурыг хяналтдаа авч байсан цаг саяхан. Тэгвэл тун удалгүй бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болсон цементээр монголчуудыг багалзуурдах цаг хаяанд ирчихэж.
Бид эх орондоо байж Хятадын төрийн мэдлийн үйлдвэрт монополь эрх олгож, үйлдвэрлэсэн цементийг нь өндөр үнээр авах өдөр хэзээ мөдгүй бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!