Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбаяр: Өөрсдийн үзэл бодлоо тулгадаг, таалагдахгүй бол хурлыг боож, асуудлыг хойшлуулдаг болчихлоо

Б.Төгөлдөр
2017 оны 11 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Ирэх оны төсвийг энэ сарын 15-наас өмнө батлах ёстой. Цаг хугацааны хувьд давчуу байхад эрх баригч 65-ын бүлэг дотооддоо хагаралтай байна. Түүнчлэн Сангийн сайдын чадамжтай, чадамжгүй гэх асуудлыг хөндсөөр төрийн ажил урагшлахгүй байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Тийм ээ, хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр хугацаа алдаж байна. Санаа зовоож байна. УИХ анх удаа ийм нөхцөл байдалтай тулж байна. Шулуухан хэлэхэд, ойлгомжгүй хэр нь ичгэвтэр байдалд орчихлоо. Ялангуяа 65 суудал авсан МАН-ын бүлэг хоорондоо учраа олж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлага бүлгээ зангидаж чадахаа байсан. Зүгээр л хувь гишүүдийн, хэсэг бүлэг нөхөр өөрсдийн үзэл бодлоо тулгадаг,, таалагдахгүй бол хурлыг боож, асуудлыг хойшлуулдаг болчихлоо.

УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа буцаж байгаа зүйл болж байна. Гэтэл Монголын ард түмэн бүгд харж байгаа. Тэгэхээр намын дарга, бүлгийн дарга нар энэ асуудлыг шийдэх ёстой. Тэд хариуцах үүрэгтэй. Тэгэх гэж л дарга болсон нөхөд шүү дээ.

-Төсвийг хуулийн хугацаанд амжиж баталж чадах болов уу?

-Асар богино хугацаа үлдсэн гэдгийг ард түмэн харж байгаа. Үлдсэн хугацаандаа төсвийн дөрвөн ч хэлэлцүүлгийг хийж ард нь гарна гэдэг амаргүй. Нөгөө талаасаа хэлэлцүүлэг өргөн дэлгэр болохгүй. Олон мэдээлэл дутуу л ирнэ, очно гэсэн үг. Маш богино хугацаанд шийдэхээс өөр аргагүй байдал үүсэж байна. Ингэж хийсэн төсөв маань эргэж задардаг. Удахгүй төсвийн тодотгол хийх шаардлага гарна. Тодотгол нэрээр төсвөө задалдаг үйл явц л давтагдана.

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг Элчин сайдаар томилох гэж байгааг хэр зохимжтой гэж харж байгаа вэ?

-Харшлах зүйл байхгүй. Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүн Элчин сайд болж болохгүй гэсэн зүйлгүй. Бүр зохистой ч байж магадгүй. Гадаадад ажиллаж байсан хүн ирээд гүйцэтгэх ажлыг удирдахад муу зүйл байхгүй. Тагнуулын өмнөх дарга нар хүртэл гадаадад Элчин сайдаар томилогдож л байсан. Энд хууль зөрчсөн, дипломат албад харшилтай зүйл огт байхгүй, зүй ёсны л шийдэл.

-Зарим хүн Б.Хурц эрх бүхий хүмүүсийн үйл ажиллагааг мэддэг, түүгээрээ шантаажилж байгаад албан тушаалд томилогддог гээд байна шүү дээ?

-Наадах чинь албан бус яриа. Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ хүн бол тагнуулын байгууллагыг олон жил толгойлсон. Мэдээж асар их мэдээлэлтэй байгаа нь үнэн. Төрийн өндөрлөг, УИХ-ыг харийн мэдээллээр хангах ажиллагааг л хийдэг байгууллага шүү дээ. Ийм газрыг толгойлж байсан хүн мэдээлэлтэй байхаас өөр аргагүй. Харин үүнийг улстөржүүлэх ямар ч шаардлагагүй.

Зураг