Сүүлийн үед цахим мөнгө, криптовалют хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Энэхүү шинэ валютын талаар цахим ертөнцөөр болон, хүмүүс хооронд ам дамжсан, тодорхой бус мэдээлэл олон тархаад байна.
Тиймээс Ард Санхүүгийн Нэгдлээс биткойн, цахим мөнгийг сонирхогч хүмүүст зориулан "Цахим алт" ном гаргажээ. Номын талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.
-"Цахим алт" ном өнөөдөр уншигчдын гар дээр очлоо. Тус номын талаар яриагаа эхлүүлье.
-Биткойн, криптовалют, блокчейныг сонирхогч Монголчууддаа цэгцтэй мэдээллийг өгөхөөр манай Ард Санхүүгийн нэгдлийн хамт олон хоёр сарын өмнөөс ярьж байгаад, нэг сарын хугацаанд энэхүү номоо бэлдэн, гаргалаа.
Агуулга талаас нь харвал биткойн, криптовалют, блокчейны талаар бүхий л анхан шатны мэдээллийг агуулсан учир их сайн ном болсон. Эх үүсвэрийг бид өөрсдөө хайж, орчуулж гаргасан оригинал агуулгатай учир энэ номыг уншсан хүн бүр тодорхой, цэгцтэй ойлголттой болох юм.
-Тэгвэл сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа Биткойн, цахим мөнгөний ашигтай, давуу тал юу вэ?
- Биткойн өөрөө цахимаар бүтээгдсэн валют юм. 2140 он гэхэд 21 сая биткойн гарч ирэх төлөвтэй байгаа. Одоогийн байдлаар 16 сая 600 орчим биткойн гарсан. Үнэ нь түрүү жилийн өдийд 700 ам.доллар байсан бол одоогийн байдлаар 6,500 ам.долларт хүрсэн байна.
Тэгэхээр жилийн хугацаанд бараг 10 дахин нугарсан ашигтай хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн үг. Биткойн өөрөө анхдагч нь ба үүний хажуугаар 1,000 гаруй төрлийн валют байгаа. Манай Ард санхүүгийн нэгдлийн хувьд долоон валютыг сонгон ажиллаж эхэлсэн.
Давуу тал нь хүмүүс хоорондоо маш хурдтайгаар төлбөр, тооцоог гуйвуулах боломжтой. Ямар нэг банкны зуучлал байхгүй учир шимтгэл, хураамж байхгүй. Тэгэхээр Монголчууд бид нар нэг талаасаа хөрөнгө оруулалт хийх боломж, нөгөө талаар банкны зарим үйлчилгээг илүү хурдан, өртөг багатайгаар гарган авах боломж гэж харах хэрэгтэй.
Банкны зарим үйлчилгээг илүү хурдан, өртөг багатайгаар гарган авах боломж гэж харах хэрэгтэй.
Мөн блокчэйн технологиор дагнаад ажилбал улсынхаа хөгжлийг хурдасгах том боломж гарч ирнэ. Хөрөнгө оруулалт хийвэл үр ашиг авах боломж юм. Мөн эерэг орчин бүрдүүлж чадвал гаднаас энэ чиглэлээр сонирхож ажиллаж байгаа компаниудыг татаж, эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах том боломж гарч ирнэ.
Бид өөрсдөө мөнгө олборлож болно. Сүүлийн үед байгаль орчноо хамгаалъя гэсэн уриалга ихээр гаргаж байгаа. Тиймээс газар шороогоо сэндийлчихгүйгээр цахимаар олборлолт явуулах хатуу валютыг эх орондоо авчрах сайхан боломж бүрдэж байгаа.
Биткойн авах хүсэлтэй хүмүүст анхааруулахад урт хугацаанд буюу 5-10 жил оролдохгүй орхино гэж бодож байгаа нөхцөлд авах хэрэгтэй. Өөрт байгаа бүх мөнгөөрөө биш, алдсан ч харамсхааргүй хэмжээнд авах ёстой.
-Биткойныг дэмжих хүмүүс байгаа ч, нөгөө талаар эрсдэл өндөртэй гэж яриад байгаа. Саяхан биткойноор луйвар хийсэн тохиолдол гарсан шүү дээ?
-Мэдээж хэрэг асуудал бий. Мөнгөө алдахгүйн тулд аюулгүй байдлаа хангаж, зөв биржээ сонгох ёстой. Цахим мөнгө нэлээд савлагаатай учир зөв валютаа сонгож, богино савлалтад санаа зовж болохгүй.
Жишээлбэл, өнгөрсөн есдүгээр сард бидний 4,500 ам. доллараар авсан биткойн 3,000 ам.доллар болтлоо буурсан. Хэрвээ тэр үед бид зарсан бол бүх мөнгөө алдах эрсдэлтэй байсан. Бид жижиг савлалтыг тэсч гарсан учир үнэ нь 6,500 ам.доллар болтлоо өсч, 2,000 ам.долларын ашиг хийсэн байна.
Биткойны үнэ дараагийн 5-10 жилд нэг сая ам.долларын босгонд хүрэх магадлалтай.
-Тэгвэл Монголд цахим мөнгөөр гүйлгээ хийх, худалдан авах орчин ямар байгаа вэ?
-Бусад улсаас түрүүлэх боломж бидэнд байна. Ер нь гаднаас олборлолтын байгууллагууд цахилгааны хөнгөлөлтийн боломж хайж, Канад, Шинэ Зеланд, ОХУ-д хандаж байгаа. Тэгэхээр бусад улсаас өрсөж, түрүүлээд хамгийн сайн орчныг бүрдүүлж, олборлогчдыг татвал асар их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ.
Бид нар боловсон хүчнээ бэлдээд авбал ухаалаг цахим нийгэмтэй болох боломж бий. Аль хэдийн хуучирсан технологид мөнгө зарж, хөрөнгө оруулалт хийхгүйгээр ирээдүйн технологийг залууст зааж, дэлхийн түвшинд гаргах хэрэгтэй.
Хуучирсан технологид бус, ирээдүйн технологид хөрөнгө оруулах хэрэгтэй.
Монгол төгрөг сүүлийн жилд 1,300-2,500 хүртэл уначихлаа. Баян чинээлэг нийгмийг бий болгоё гэж бодож байгаа л бол бид ийм алдааг гаргахгүйгээр тодорхой хэмжээний мөнгө олборлох үед манай төгрөг өөрөө тогтворжиж, чангарах боломж бий.
Бид өмнө нь хэний ч гаргаж чадаагүй боломжийг аюулгүй байдлын өндөр хамгаалалттайгаар биткойныг ашиглах боломжийг гаргаж байна. Гэхдээ эхний ээлжид зөвхөн өөрийн хувьцаа эзэмшигч хүмүүст энэ боломжийг нээж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!