Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд суух ёстой"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр" сэдвээр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж байна. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон харьяа яам агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/742478919271012/

Д.Сумъяабазар "Манай Засгийн газар "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр илүү анхаарч, үүн дотроо Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой компаниудын үр ашгийг ард түмэндээ илүү хүртээмжтэй болгох талаар ажиллаж байна. 

Бид ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлнэ гэж уриалга гаргасан. Уриалгын дагуу өөрсдөөсөө хариуцлагыг эхлүүлж байна. Цаашид сар бүр хэвлэлийн бага хурлаа хийж, ард иргэддээ уул уурхайн салбарын асуудлын талаар танилцуулна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өссөн нь төсвийн орлого бүрдүүлэхэд ихээхэн хувьд нэмэртэй болж байна. 

Хэдий статистик мэдээ эерэг байгаа боловч дэлхийн зах зээлд алт зэсний үнэ буурах, сөрөг хүндрэлтэй нөхцлүүд гарах нь. 

Манай улсад томоохон төслүүдийг явуулна гэхээр эрчим хүчний хангамж, байгаль, экологийн хүндрэлүүд гардаг. Холбогдох яамдын сайд нартай уулзаж асуудлуудыг шийдвэрлэнэ. 

Мөн гаалийн нэвтрэх чадварын асуудал хүнд байгаа. Гашуунсухайтын боомт руу олон км цуваа үүссэн, тэнд ажиллаж буй хөдөлмөр эрхлэлтийн асуудлууд байна. Өмнөд бүсийн уулзалтаар нөхцөл байдалтай очиж танилцана. Таван толгойгоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарах ёстой гэж үзэж байгаа.

Өчигдрийн мэдээллээр 99 км автомашины цуваа үүссэн байна. Нүүрсний боловсруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ойрын хугацаанд бид БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд суух ёстой гэж үзэж байгаа" гэв.

Би 30 гэр бүлийг тэр, энэ гэж нэрлэж чадахгүй

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Алт-2" хөтөлбөрийн талаар цаашид ямар бодлого барих вэ?

-Өмнөх Засгийн газрын "Алт-2" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Одоогоор тэдний олборлосон алтыг Монголбанканд тушаах эрх зүйн зохицуулалт байхгүй. 

"Алт-2" хөтөлбөрийг цаашид засаж сайжруулна. Иргэдээс ирж буй мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ гар аргаар алт олборлож буй хүмүүст талбайгаа хэсэгчлэн өгч өөрсдөө татвар төлөхгүй байна. Энэ бол Эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал. Тиймээс бид үүнтэй хатуу тэмцэнэ. 

-"Гашуунсухайт"-ын боомтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-БНХАУ-ын талтай хэлэлцээрийнн ширээнд сууж яаралтай шийдвэрлэх ёстой. Энэ бол улс төрийн шийдвэр байна. Бид өдөрт 1,000 орчим автомашиныг гаргах нөөц бололцоог ашиглахын тулд ажиллана.  

-Геологи хайгуулын лицензийг түр хойшлуулах чиглэл өгсөн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Геологи хайгуулын лицензийг түр хойшлуулах чиглэл өгсөн байгаа. 11 дүгээр сарын сүүлээр бид дүрэм журмаа боловсруулж дуусна. Геологийн эрэл хайгуул, ордуудыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц сайтай ААН-үүдтэй хамтран ажиллахад бэлэн. Чаддаг нь чаддагаа хийх зарчим руу орох ёстой. Ченжийн тогтолцооноос бид салах ёстой. Жишээ нь тусгай зөвшөөрөлтэй компаниудыг шалгахад IT, эсвэл худалдааны компаниуд байх жишээтэй. Тиймээс сонирхогч биш мэргэжлийнхэн оролцоосой гэж би бодож байна.

-Ч.Хүрэлбаатар сайд, 30 гэр бүлтэй холбоотой таны байр суурь ямар байна вэ?

-Нэг талаасаа улс төр. Би 30 гэр бүлийг тэр, энэ гэж нэрлэж чадахгүй. Тоо баримттай зүйл ярихгүй бол ам дамжсан яриагаар явж болохгүй. Ерөнхийлөгчийн ярьж буй 30 гэр бүл гэж би сайн мэдэхгүй байна. 

Өнөөдөр манайхаас Ашигт малтмал, газрын тосны газарт ажлын хэсэг байгуулж шалгалт оруулахаар болсон.