Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нарантуяа: Монгол туургатны 28 үндэстэн ястны 5,000 гаруй хүний учиг шингэсэн

Б.Даваахүү
2017 оны 9 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд ур шингээн оролцжээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2,000 км зээг, 20,000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд шигтгэж өгчээ. Мөн Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болсон байна.

Гиннест бүртгүүлэх зорилготой эл дүрслэх урлагийн бүтээлийг танилцуулах ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаны эрхмүүд “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон хийгээд уг бүтээлийг урлахад гар бие оролцсон Монгол туургатнууд хүрэлцэн ирж баярласан юм.

Энэ үеэр Нууц товчоог эсгий зээгт ширмэлээр урлах ажлыг санаачилсан Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын гэр бүлийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Хийсэн бүтээснээ төр, засгаар үнэлүүлж, СТА гэх хүндтэй цол тэмдгийг гардан авсных нь дараа “Хан Хэнтийн гар урчууд” ХХК- ийн захирал Ж.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урлах ажлыг санаачлан хэрэгжүүлснийг тань төр, засгаас үнэлж, Соёлын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгээр шагналаа. Юун түрүүнд танд баяр хүргэе?

- Баярлалаа. Танай сониныг уншин суугаа Монгол туургатан, монголчууддаа өнөөдрийг баярт өдрийн мэндийг хүргэе. Нөхрийнхөө хамт энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг санаачлан хийж, бас тэр нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, СТА гэсэн тэмдгээр шагнуулсандаа туйлын их баяртай байна.

-Бүтээлийнхээ гол онцлогийг дурдахгүй юу. Хэчнээн хүн оролцсон бэ?

-Маш олон хүний учиг шингэсэн гэдгээрээ онцлог. Монгол туургатны 28 үндэстэн ястны 5,000 гаруй хүний учиг шингээсэн бүтээл болж боссон. Чингис хаан төрснөөс хойш эхлээд насан өөд болох хүртэлх дүрслэлүүд орсон байгаа. Дээд, доод эмжээрт нь хадны сүг зураг, монгол хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө зэргийг багтаан урласан.

-Санаа анх яаж төрсөн бэ?

-Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд иргэн бүр идэвхтэй оролцох ёстой гэсэн Засаг даргын захирамж гарсан юм. Тэр үед нөхөртэйгөө ярилцаж байгаад Монголын нууц товчоогоо урлахаар шийдсэн.

-Яагаад эсгий дээр урлах болов?

-Бид Монголынхоо нууц товчоог урлахын өмнө эхлээд цаасан дээр урлах уу, эсвэл даавуу нь дээр үү гэх мэтээр судалж үзсэн юм. Ингэхэд Гиннест даавуу болон цаасан дээр урласан бүтээл байдаг юм билээ. Харин эсгийнд урласан бүтээл огт байхгүй байсан. Тэгээд л эсгийг сонгож, нууц товчоогоо урлахаар шийдсэн хэрэг. Эхэндээ бид 100 метр эсгий дээр урласан юм. Харин дараа нь Баялаг бүтээгчдийн холбооны Ерөнхийлөгчтэй ярилцаж байгаад Монгол бэлгэдлээ бодож, 108 метр болгосон.

-Зургийг нь хэн зурсан бэ?

-Манай гэр бүлийн хүн зурсан. Монголынхоо нууц товчоог уншаад, өөрөө дүрслээд зурсан. Нөхөр маань удам дамжсан зураач хүн.

-Бүтээлийг урлах ажлаа монгол туургатнууддаа сурталчлах, тэдний учгийг шингээхэд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо тусалсан гэсэн. Энэ тухайд?

-Тэгэлгүй яах вэ, нөхөр бид хоёрыг 21 аймгаар явахад манай баялаг бүтээгчид маань л хадаг сүүгээ бариад угтаж байсан.

Энэ дашрамд, Монголынхоо бүх баялаг бүтээгчдэд баярлалаа гэж хэлье. Та нарынхаа хүч, хөдөлмөрөөр л энэ том бүтээлийн ард гарлаа. Одоо цаг үе өөр болжээ. Фэйсбүүк, “wechat” гэх мэт нийгмийн сүлжээг ашиглаж, баялаг бүтээгчдийн холбоогоороо дамжуулан монгол туургатнаа нэгтгэн, тэднийхээ учгийг шингээж бүтээлээ дуусгасан.

-Хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд эхлээд 2017 оны гуравдугаар сарын 12-нд сүүлийн учгаа шингээгээд дууссан. Зээглэн ширэх оёдол эдүгээ бараг мартагдсан учраас одоо сэргээж, хойч үедээ залгамжлуулан өвлүүлэхээр ажиллаж байна. Би өөрөө зээгт оёдлыг гурван үе дамжин өвлөж авсан. Бүтээлээ урлах явцдаа 4,000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлоо зааж сургасандаа маш их баяртай байгаа.

-Монголын нууц товчоог урлахад хэдэн насны хүмүүс оролцсон бэ. Манай уншигчдад сонирхуулаач?

-Хамгийн бага нь гурван настай хүүхэд. Хамгийн хөгшин нь 96 настай хүн байсан.

-Эсгийнд урласан Монголын нууц товчоо цаашид хаана байрлах вэ?

-Хэнтий аймгийн хүндэтгэлийн хаалганы ойролцоох долоон га газрыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба энэхүү эсгий бүтээлд зориулан шийдэж өгсөн. Тэнд 24 ханатай модон гэр барьж, эсгий урлалаа хадгална. Хан Хэнтий нутгийг зорин ирсэн аялагчид, жуулчид тус гэрээр зочилж, бүтээлийг маань сонирхох боломжтой.

Зураг