МУИС “Ажил мэргэжил судлал” МАГИСТРЫН ЗЭРЭГТЭЙ “Ажил мэргэжлийн зөвлөх” бэлтгэж эхэллээ
Монгол Улсын Их Сургууль нь “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд анх удаа 1-1.5 жилийн хугацаатай бэлтгэж эхэллээ.
Хөтөлбөрийг боловсруулах явцад Германы Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн дэргэдэх Хэрэглээний Хөдөлмөр Судлалын Их Сургууль (Hochschule der Bundesagentur für Arbeit (HdBA))-ийн эрдэмтэн багш нар оролцсон бөгөөд цаашид гадаадын зочин багш нартай хамтран сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын багийн бүрэлдэхүүнд:
- Япон,
- ОХУ,
- БНХАУ,
- ХБНГУ,
- Их Британи,
- АНУ зэрэг улс оронд улс төр, сэтгэл судлал, социологи, нийгмийн ажил, нийгмийн бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, урт богино хугацаанд мэргэжил дээшлүүлсэн, гадаадын их дээд сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай багш судлаачид багтсан болно.
“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөр нь 1-1.5 жилийн хугацаанд нийт 36 багц цагийг судална.
“Ажил мэргэжил судлал” мэргэжлээр магистрын хөтөлбөрийг дүүргэсэн суралцагч “Ажил мэргэжлийн зөвлөх” гэсэн магистрын зэргийн дипломыг гардан авах бөгөөд дараах чиглэлд ажиллах болон судалгаа хийх боломжтой. Үүнд:
- Төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн бүхий л салбар
- Төрийн болон хувийн хэвшлийн боловсролын бүх шатны байгууллага
- Хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд
- Хүний нөөцийн менежмент, байгууллагын хүний нөөцийн хөгжил хариуцсан газар, хэлтэс болон бусад
Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ нь тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, ЕБС-ийн сурагчид, оюутан, залуучууд, шилжин ирэгчид, тусгай хэрэгцээт иргэдийн ажил мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхол, чадавх, боломжийг тодорхойлох, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зэрэг олон талын цогц үйлчилгээг хамрах юм.
“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрт суралцагч нь амжилттай суралцсан тохиолдолд дараах тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд: Монгол улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний тэтгэлгүүд, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, гадаад дотоодын байгууллага, сангуудын нэрэмжит тэтгэлэг, болон оюутан солилцооны тэтгэлэг зэрэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
