Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнгөнцэцэг: Уран сайхны бодлогогүйгээс өв соёлоо бусдад алдаж байна

Ч.Гантулга
2017 оны 8 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Салбар бүрийн асуудлыг хөндөж, түүний гарц гаргалгааг эрэлхийлдэг "Leaderships forum" буланд энэ удаа СУИС-ийн Бүжгийн урлагийн их сургуулийн ахлах багш, уран сайхны удирдагч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэгийг урилаа. Тэрээр анх удаа малын тамгыг судалж, тамганы дүрс дүрсэлгээг монгол бүжгийн хөдөлгөөнд нэвтрүүлжээ. Түүнтэй судалгааных нь талаар болон монгол бүжгийн хөгжлийн талаар ярилцлаа.

Блиц

Боловсрол:

  • 1991 онд Соёл гэгээрлийн дунд сургуулийн бүжгийн багшийн анхны ангийг төгссөн.
  • 1997 онд СУИС-ийн Бүжгийн багш, бүжиг дэглээчийн анхны ангийг төгссөн. Голланд, Герман, Австрид бүжгийн мэргэжил дээшлүүлсэн.
  • “Naturdance” продакшныг үүсгэн байгуулагч

Гадаад хэл: Англи, герман

Гэр бүл: Нөхөр, хоёр хүүхэдтэй.

Бүжгийн урлагт судалгаа чухал

Уран бүтээлд, ялангуяа бүжгийн урлагт судалгаа их чухал. Би 1998 оноос хадны зураг дүрслэл, сүг зургуудад судалгаа хийж түүнээс санаа авч уран бүтээлээ туурвих болсон.

Монголын нээлттэй, задгай музей болох уул хадаар их явсан. Түүн дээр дүрсэлсэн сүг зургууд, буган хөшөө, хиргисүүрүүдийг ч судаллаа. Тэнд бидний өв болон өвөг дээдсээс минь үлдээсэн уламжлал байна. Анх 1999 онд болсон томоохон тоглолтод “Уламжлал” бүжгийг хадны зургаас санаа авч тавьсан. Тухайн бүжгийн утга санааг дүрсэлбэл эртний хүмүүс урт үстэй байж, ялангуяа эмэгтэйчүүд. Тэд үсээрээ эмэгтэй хүн үр хоёрын, байгаль хүн хоёрын хүйн холбоог илэрхийлдэг байсан юм байна.

Миний энэ санааг сонсоод Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Алтанцэцэг “Уламжлал” гэх нэрийг өгч байлаа. Уламжлал гэдэг нь өнөөгийн бидэнд өвлөгдөж ирсэн язгуур өв юм. Энэ судалгаагаа үргэлжлүүлсээр 2008 онд “Хадны зураглал дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед би Австрийн Вена хотод амьдарч байсан болохоор тус улсын хадны зураглалуудыг их судалсан.

Түүнээс гадна Франц, Итали, Австрали, АНУ, Африкийн орнуудын хадны зургуудыг судалж, Монголын хадны зурагтай харьцуулж үзсэн. Төстэй зүйл их байдаг юм билээ. Т эндээс уран бүтээлийн санаа авч Австрид, Герман, Францын бүжигчидтэй хамтарч тавьж байлаа. Мөн Монголдоо ирэхээрээ “Түмэн эх” чуулгын бүжигчидтэй хамтарч уран бүтээл хийдэг байсан. 2004 онд “Бодит нүүдэл” нэртэй бэсрэг бүжгэн жүжгийг анх хадны зураглалаас сэдэвлэн тавьж байсан.

Тухайн үед ганцхан удаа тоглосон. Хүмүүс их гайхаж билээ. Бараг алга ташаагүй, хүлээж аваагүй. Тэр дотроос доктор н.Болдбаатар гуай л “Жинхэнэ монгол модернийг эндээс олж харлаа. М.Мөнгөнцэцэгээ үүнийгээ үргэлжлүүл” гэж урам өгч байсан. Харин бусад багш нар, мэргэжил нэгтнүүд маань “Юу хийгээд байгаа юм бэ, ойлгомжгүй юм” гэсэн шүүмж хэлж билээ.

МАЛЫН ТАМГА МОНГОЛ ХҮНИЙ УГСАА ГАРЛЫГ ТОГТООХ ОНЬСОГО

Монгол нутагт байгаа өв уламжлалд тулгуурлаад дэлхийн модерн урлагт олон улстай хөл нийлүүлэн алхах боломж бидэнд бий. Тэгээд ч хүний нутагт ажиллаж амьдрахаас илүүтэй өөрийнхөө өв уламжлал дээр ажиллая гэсэн бодол өвөртлөн эх орондоо ирсэн. Өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээ саяхан эргээд харлаа. Солонгост болсон гоцлол бүжигчдийн XIV уралдаанд миний шавь нэгдүгээр байрт орсон юм.

Миний 17 дахь бүтээл олон улсын уралдаанаас шагнал хүртсэн нь энэ юм. Харамсалтай нь манай улс дотооддоо бүжиг дэглээчдийн, бүжигчдийн уралдааныг ховорхон зохион байгуулах юм. Хааяа л болдог Сэвжид багшийн нэрэмжит уралдаан байна. Хэрэв дотооддоо уралдаан, тэмцээн үргэлж зохион байгуулбал бүжигчдийн чадвар нэмэгдэнэ. Тэр хэрээр дэлхийн бүжгийн урлагтай хөл нийлүүлэн алхах боломж ойрхон болно.

Мөн бүжгийн урлагт чухал зүйлийн нэг нь онол, сургалт байдаг. Сургалт судалгаагүйгээр ямар ч бүтээл амьдрахгүй. Хүний нүдэнд өртөхгүй. Энэ бол биет бус өв. Биет бус өвийг хүний нүдэнд харагдахаар хүний мэдрэмж, сэтгэл РҮҮ оруулахад хамгийн гол түлхүүр нь судалгаа. Судалгааг бас оновчтой, зөв, баримттай хийхгүй бол хиймэл хоосон, хүний нүдийг хуураад өнгөрөх төдий орон зай болдог.

Миний сүүлийн үед хийсэн олон судалгааны нэг нь малын тамга. Малын тамгаар монгол хүний дур төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого юм. Үүнийг манжууд ч, оросууд ч тэр устгаагүй. Коммунист, социалист нийгэм ч малын тамгыг устгаж чадаагүй. Бидэнд үлдсэн ганцхан том өв энэ.

МАЛЫН ТАМГАНААС ГАРЫН 40 ГАРУЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУВИЛБАРЫГ ГАРГАСАН

Малын тамганы хэлбэр дүрс, нэр томьёог анх удаа монгол бүжгийн дүр төрх, уламжлал, хөдөлгөөнд оруулж ирсэн. Ер нь сонгодог бүжгийн нэр томьёо маш олон. Харин монгол бүжгийнх ховор байдаг. Монгол бүжгийг орос школтой гэсэн хандлага олон нийтэд байдаг. Гэтэл үгүй гэдгийг харуулах нэг үндэслэл нь энэхүү малын тамганаас санаа авсан бүжгийн хөдөлгөөн, нэр томьёог хэлж болно.

Монгол бүжгийн хөдөлгөөнүүдийг өөрийн гэсэн нэр томьёотой болгох үүднээс судалж байна. Өмнө нь малын тамгаас санаа авч, сэдэвлэсэн хөдөлгөөн гэж байгаагүй. Тухайлбал, нуман тамга. Энэ бол монголчуудын эртний тамганы нэг. Нуман тамган дээр гарын янз бүрийн хөдөлгөөнийг хийж болно. Монгол бүжгийн гарын хөдөлгөөний нэр томьёог гаргахад өнөөдрийн байдлаар 40 гаруй гарын хөдөлгөөний хувилбар гаргалгааг гаргасан.

Монголд малын 3,000 гаруй тамга байдаг. Угсаатан бүр өөр, өөрийн малын тамгатай. Дөрвөд, захчинууд дэгрээ тамгыг түлхүү тавьдаг байх жишээтэй. Эдгээрээс улбаалан монгол бүжигт үндэсний хэв шинжийг агуулсан нэр томьёо, хөдөлгөөнийг хэчнээнийг ч гаргах боломжтой.

МОНГОЛ БРЭНДИЙГ ГАРГАХ ЦАГ НЬ БОЛСОН

Францад 300 жилийн өмнөөс үүссэн нэр томьёо сонгодог урлагт ноёрхож байна. Энэ бол дэлхийн сонгодог агуу том ертөнц. 300 жил давтагдаад ирсэн бүжгийн нэр томьёо дасгалыг үгүйсгэж болохгүй. Харин бид үүний хажуугаар монгол гэсэн брэндийг гаргах цаг нь болсон.

Өнөөдөр монгол бүжигт өөрийн нэр томьёо байна. Гавьяат жүжигчин Д.Нанжид багш сонгодог урлагийн гарын байрлалд тулгуурлаж мэндийн rap, баярын гар, дээдлэх гар гэсэн гурван сайхан нэр томьёог гарын байрлалд шинээр оруулж ирсэн. Би багшийнхаа гаргасан нэр томьёонд тулгуурлан дахин нэр томьёогоор баяжуулж байгаа хэрэг.

Тухайлбал, хайруулган тамга гэхэд босоо хайруулган тамга, хэвтээ хайруулган тамга. Нуман гар, саран гар, хэвтээ саран, хөмөргөн саран гэх мэт бий. Дээдлэх гар гэсэн багшийн маань "нэр томьёоноос монгол тамгын хөдөлгөөнд шилжүүлбэл, гал гар, эвэр гар, угалзан гар, бумбан гар, гурвалжин гар, дэгрээ гар гэх мэтээр. Туухай гар гэхэд хас тэмдгийн эхэн үе буюу Монголын анхны тамгануудын нэг. Хайруулган тамга Тулуй хааных, дэгрээ гэхэд Хубилай хааны тамга байх жишээтэй.

Энэ мэт их хаадын үеийн төрийн тамга, малын тамгыг судалсан судлаач докторуудын хийсэн ажил бидэнд бэлэн байна. Түүнийг уран бүтээл рүүгээ оруулах уу, соёлтойгоо холбох уу, хувцастайгаа холбох уу, хөдөлгөөнтэй холбох уу, эндээс дуу авианы мэдрэмжийг олж гаргаж авах уу гэдэг нь уран бүтээлчдийн ажил юм.

Судалгааны явцад эмзэглүүштэй зүйл ажиглагдсан нь малын тамга монгол угсаа гарлыг илэрхийлэхээс илүү эрлийзжих болсон байна. Азарга адуунд “ Мерседесс бенз”-ийн логотой тамга байна. “Лексус”-ийн ч хэлбэр дүрсээр тамгалсан адуутай таарч байлаа. Энэ бол маш том алдаа. Бид хэзээ ч үүнийг өөгшүүлж болохгүй. Яахав дэлхий даяаршиж байна, монголчууд даган дууриаж болно. Харин гол ноён нурууг хугалж болохгүй. Энэ нуруу нь малын тамга. Малын тамгаас гарсан соёмбо, төрөл бүрийн монгол брэндийн нэрс, тотем, лого, тэмдгүүд байна. Энэ бидний өөртөө байлгах том оньсого юм шүү дээ.

Үүний бурууг залуу үеийнхэнд өгч болохгүй. Тэдэнд бид сургах ёстой. Бид шавь нартаа дүү нартаа сургах ёстой. Хийх юм их байна. Хийх юмаа дэс дараалалтай төлөвлөгөөний дагуу хийж, хэн хаана ямар сургалтад ямар өв соёлоо оруулах вэ гэдэгт анхаарах ёстой.

УРАЛДААН, ӨРСӨЛДӨӨНГҮЙГЭЭР ХӨГЖИЛ ЯРИАД НЭМЭРГҮЙ

Үүнээс үүдээд монгол бүжгийн хөгжлийн тухайд ярих хэрэгтэй болно. Үнэндээ би монгол бүжгийн хөгжилд сэтгэл дундуур явдаг. Яагаад гэвэл бүжгийн урлагт дөрвөн жилд ганцхан удаа болдог улсын уралдаан л байна. Тэр нь Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит улсын уралдаан. Анх 2004 онд хоёрдугаар, 2011 онд гуравдугаар, 2016 онд дөрөвдүгээр уралдаан болсон. Хоорондоо маш хол зайтай.

Ийм хол зайтай уралдаан болж байгаа учраас монгол бүжгийн хөгжил гэж ярихад хүндрэлтэй. Бий биелгээний улсын уралдаан сая анх удаа Ховд аймагт боллоо. Би комиссын бүрэлдэхүүнд нь суусан. Өнөөдөр юун анхдугаар уралдаан бэ. Бүр 20,30 дугаар уралдаан нь болж байх ёстой. Бий биелгээ монгол үндэстний ямар чухал өв соёл билээ. Үүнийг онцлоод байгаа учир нь хүн уралдаанаас их юм сурдаг. 

Бүжиггүйгээр урлагийн бүтээлийг төсөөлж болохгүй

Уралдаанаар нэгнийгээ хардаг, таньдаг, мэддэг, сурдаг, хөгждөг. Уралдаан, өрсөлдөөн байхгүй газарт ямар ч хөгжил байдаггүй. Мянга сургаад нэмэргүй. Ямар нэгэн байдлаар нийгэмд эзлэх байр сууриа олохын тулд хэн нэгэнтэй өрсөлдөж, түүнээс суралцаж байж дээш гарч ирнэ. Өрсөлдөгч байхгүй бол тэрүүхэн байрандаа эргэлдээд л байна.

Австрид гэхэд ардын бүжгийн болон цэнгээнт бүжгийн уралдаан тэмцээн байнга зохиогддог. Хүн уралдаанд зориулж бэлтгэл хийхээр хөгжинө. Оросод ч мөн адил байсхийгээд уралдаан болно. ЮНЕСКО-гоос ч уралдаан зарладаг. Тэр бүрд монгол бүжигчид, бүжиг дэглээчид явъя гэхээр өөрөөсөө хөрөнгө зардлаа гаргадаг. Би бүжиг дэглээчийн уралдаанд орохын тулд бүжигчдээ авч явах болно. Найм ч бай, арав ч бай бүжигчнийхээ зардлыг би өөрөө гаргах болно. Ямар ч тусламж дэмжлэг байхгүй.

БҮЖИГ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС БОДЛОГО БОЛОВСРУУЛДГААС БҮЖГИЙН УРЛАГ ХӨГЖИХГҮЙ БАЙНА

СУИС-ийн Бүжгийн урлагийн их сургууль боловсон хүчнийг сайн бэлтгэж байгаа. Харамсалтай нь сүүлийн үед монгол бүжгийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчнүүд Өвөрмонгол руу олноор явдаг болсон. Өвөрмонголчууд манай оюутан, төгсөгчдийг олноор нь өндөр цалинтайгаар ажиллуулж байна. Дээр нь тэнд байсхийгээд л уралдаан тэмцээн болж байна. Хамгийн гол нь тэд Монголын ахуй, өв соёл, уламжлалыг маш сайн хөгжүүлж харуулж чаддаг болсон.

Харин манайд энэ бодлогоо сайн барихгүй, уран сайхны бодлого, уран бүтээлийн бодлого алдагдаад байгаа учраас бусдад хамаг өв соёлоо алдаж байна. Өнөөдөр манай мундаг уран бүтээлчдийн бүтээлүүд Өвөрмонголд өөрийнх нь, үндэснийх нь бүтээл шиг тоглогдож байна. Энэ бол муугаар ярихад бидний арчаагүй байдал шүү дээ. Яагаад Монгол Улс бий биелгээ, лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-д яарч сандран бүртгүүлэв. Яаралтай бүртгүүлэхгүй бол бид бас л алдах гээд байсан.

Гэтэл монгол бүжиг бол маш онцлог. Мөрний цохилго, хаялга, дал, хавирганы хөдөлгөөн, хөлийн байрлалаар бусад үндэстнээс, угсаатны бүжгүүдээс эрс ялгаатай. Хаа ч очсон содон. Тиймээс монгол бүжгийг дэлхийд гаргах гол ажил бол уламжлалынхаа дагуу үндэсний төрхөөр нь таниулж чадах юм бол дэлхийд алдартай болж чадна. Тухайлбал, Британи, Голландын хөлийн товшилтын бүжгүүд өөрсдийнхөө гол төрхөө хадгалж үлдсэн учраас дэлхийд алдартай сонгодог бүжиг болсон. Яг ийм маягаар монгол бүжгийг язгуур төрхөөр нь гаргавал амжилтад хүрнэ.

Бүжиггүйгээр урлагийн бүтээлийг төсөөлж болохгүй. Хөдөлгөөний урлаг тайзыг тэр чигээр нь амилуулан байлдан дагуулчихдаг учраас бүжиг чухал. Гэтэл манай улсын урлаг уран бүтээлийн бодлого дээр ажилладаг гол хүмүүс бүжгийг хамгийн сүүлд анхаардаг. Соёлын яаманд гэхэд бүжгийн мэргэжилтэй хүн алга. Бүжгээ мэдэхгүй хүмүүс бодлого боловсруулдаг учраас бүжгийн урлаг хөгжиж чадахгүй байгаа юм.

Зураг